Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Засаглалыг дэмжсэн төслүүдийн үр дүнг хэлэлцэх уулзалт боллоо

2023-12-14

Швейцарын хөгжлийн агентлаг Засаглалыг дэмжих үндсэн зорилгынхоо хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, төслийн үр дүнг хэлэлцэх уулзалтыг /2023.12.15/ Төрийн ордонд зохион байгуулав. Мөн тус байгууллагын дэмжлэгтэй төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой хуваарилах зорилго бүхий “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл хэрэгжиж дууслаа.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх” төсөл нь Иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн төрийн тогтвортой үйлчилгээ үзүүлэх, чадавхажсан, ардчилсан, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг засаг захиргааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах гол зорилго бүхий гурван дэд төслөөс бүрдсэн юм. Тодруулбал, Швейцарын хөгжийн агентлаг болон УИХ-ын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” нь дэд төсөл, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслүүд багтаж байна.

2021 оны 8 дугаар сараас эхэлсэн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” нь дэд төслийн зорилго нь УИХ-ын хууль тогтоох болон хянан шалгах, төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, Монгол болон Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагааны үр дүн, ололт амжилтыг бататгаж,  хянан шалгах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Эдгээрээс олон эерэг үр дүн гарсан бөгөөд онцлох үр дүнгээс дурдвал Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хүний эрх, жендерийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг анх удаа зохион байгууллаа. Төслийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд энэ хууль 2021 онд батлагдсанаар сүүлийн хоёр жил УИХ дээр нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголууд явагдаж байна.

2022 оноос эхэлсэн “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх” дэд төслийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийг үндсэн чиг үүргээ үр дүнтэй, шуурхай, ил тод хэрэгжүүлэхэд болон Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх юм. Энэ зорилгод хүрэхээр сүүлийн жил хагасын хугацаанд нийт 100 орчим үйл ажиллагааг хэрэгжүүлснээр олон эерэг үр дүн гарлаа. Тухайлбал,  төслийн дэмжлэгтэйгээр Улстөрийн намын тухай хуулийн суурь судалгааг хийж 20 жил гацаад байсан Улстөрийн намын тухай хуулийг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс байгаль орчин, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, түүний санхүүжилтийн тогтолцоог сайжруулахад онцгой анхаарч байгаа. Үүнтэй холбогдуулан тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг 2022 онд, “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”, Уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлогын арга хэрэгслүүдийг практикт нэвтрүүлэх чиглэлээр бодлогын цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаа.  Эдгээр үйл ажиллагаа нь Цаашид Монгол Улс ногоон хөгжлийн бодлогоо цогцоор бүрэн тодорхойлж, бодлого, эрх зүйн орчноо сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, ногоон бизнесийн орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.

2021 оноос эхэлсэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх" дэд төслийн зорилго нь төрийн үйлчилгээг сайжруулах, бэлчээрийн менежментийг сайжруулах зорилгоор орон нутгийн засаглал, нутгийн удирдлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой юм.  “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтэд нийслэл болон 21 аймаг, 330 сумын хэмжээнд 2021-2023 оны хооронд шат дараатай олон үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. Ийнхүү хууль хэрэгжсэн эхний жилд буюу 2021 онд 15.3 тэрбум төгрөг, 2022 онд 19.9 тэрбум төгрөг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн байна. Дэд төслийн бас нэг гол зорилго нь 2020 онд батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм. Манай улсын хэмжээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын 8,000 гаруй төлөөлөгчийн 60 хувь нь орон нутгийн сонгуулиар 4 жил тутамд шинэчлэгддэг. Хурлын төлөөлөгчдийг иргэдийнхээ эрх ашигт нийцүүлж ажиллах, саналыг нь тусган, хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулах, түүнтэй уялдсан төсвөө гаргах,  Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэгт суралцах, чадавхыг сайжруулахад чиглэсэн цогц сургалт, судалгааг төслийн зүгээс зохион байгуулсан байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт   2015-2023 онд Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийг II үе шаттай хэрэгжүүлсэн. Төслийн үндсэн зорилго нь МУ-д эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, тэр дундаа төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой хуваарилах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулан батлуулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажилласан. Энэхүү зорилгын хүрээнд төслийн зүгээс төрийн бүх шатны байгууллага буюу УИХ, ЗГ, яам, агентлагийн түвшинд болон орон нутгийн бүх шатны байгууллагуудтай үр дүнтэй, идэвхитэй хамтран ажиллалаа. МУ-д засаглалын болон орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа хууль эрх зүйн орчны шинэчлэлийн ажилд тэр дундаа МУЗЗНДНТУ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох дүрэм, журмууд, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг боловсруулан батлуулахад төслийн зүгээс ихээхэн хувь нэмэр оруулж, мөн орон нутгийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр бүх аймаг, сумдуудад сургалт зохион байгуулж ажиллалаа.

Төслийн хүрээнд Монгол Улсад эрх мэдлийн төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газар 2016 онд баталж, түүнийг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл болох төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой, дахин хуваарилах аргачлалыг Засгийн газар 2018 онд тус тус батлан улс орон даяар хэрэгжүүлж ажилласан. Тэр дундаа төслийн хүрээнд хийсэн гол ажил болох төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийх, дахин хуваарилах ажлыг цаашид төрийн тогтвортой хийх ажил болгож, төрийн албанд нутагшуулахад төслийн зүгээс ихээхэн хувь нэмэр оруулсан болно.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат “Бидний хамтын ажиллагааг дэмжиж бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Швейцарын хөгжлийн агентлагийн хамт олонд талархал илэрхийлье. Хүний эрх гэдэг бол түгээмэл, салшгүй, хуваагдашгүй агаад, харилцан хамаарал бүхий цогц ухагдахуун юм. Ижил тэгш байх, үл ялгаварлах зарчим бол түүний гол зарчим билээ. Тийм учраас жендэрийн тэгш байдал бол хүний эрхийн цөм асуудлуудын нэг юм. Монголын парламент хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах талаар багагүй хүчин чармайлт гаргаж, өөрийн үнэлгээ хийлээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан, энэ тогтолцоог бүрдүүлсэн Ази, Номхон далайн бүс нутгийн анхны улс болсон хэдий ч илүү их үр дүн гаргаж ажиллах шаардлага байсаар байна.” хэмээн хэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан “Төсөл хэрэгжих хугацаанд нийт дөрвөн хуулийн төслийг бэлтгэхэд шаардлагатай суурь судалгаанд төслийн зүгээс дэмжлэг үзүүлсэн юм. Эдгээрэс Улс төрийн намын тухай хуулийн төсөл батлагдаад байна. Хэдий төсөл өндөрлөж байгаа ч Монголын иргэдэд үзүүлэх нөлөөлөл нь урт хугацаандаа үргэлжилсээр байх юм.” гэж онцоллоо. 

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “ЗГХЭГ-т хэрэгжсэн төслүүдийн хүрээнд хийгдсэн дээр дурдсан бүх хууль эрх зүйн орчны шинэчлэлийн ажлууд мэдээж, цаашид үргэлжлээд хийгдээд явна. Эдгээр ажлыг цаашид системтэйгээр үргэлжлүүлэн хийхэд цаг хугацаа шаардлагатай. Өнөөдрийг хүртэл төслийн дэмжлэгтэйгээр чамлахгүй үр дүнд хүрч, олон чухал ажлын суурийг тавьж өгсөнд баяртай байна.” хэмээн тэмдэглэв.

“Парламентын ардчиллыг бэхжүүлэх, илүү чанартай төрийн үйлчилгээг иргэддээ үзүүлдэг болоход нь нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бидний хамтын үйл хэрэгт гарсан ололт, амжилт Монголд урт хугацаанд тогтвортой үргэлжлээсэй гэж бид хүсэж байна. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон нутгийн удирдлагын байгууллагууд дахь түншүүд, эрдэмтэн судлаачид, төслийн нэгжийн хамт олонд үр бүтээлтэй, үр дүнтэй хамтарч ажилласанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье” хэмээн Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри онцолсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%