Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь заалтууд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын 2015 оны А-230/127 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын даргатай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээг тус тус хэрэгжүүлэх, усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, иргэд олон нийтийг үер, усны гамшигт өртөхөөс сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баянгол, Мандал, Жавхлант, Ерөө, Хүдэр, Шаамар сумдын усны сан бүхий газрын ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС, УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙГ ТОГТООХ ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хараа-Ерөө голын сав газрын захиргаанаас хийж байна.
Уг ажлын хүрээнд хамгаалалтын бүсэд орсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сонсох ажиллагааг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Хараа-Ерөө голын сав газрын захиргаанаас хамтран 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгуулж байна.
Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоосноор хүн амыг үер усны гамшигт өртөхөөс сэргийлэх, усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, дэглэмийн дагуу хоригдлогдсон үйл ажиллагаанаас усан орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, цаашид усан орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн боломж нөхцөл бүрдэх юм.