МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн дэргэдэх "Баруун бүсийн экологийн судалгааны суурин"-гийн нээлт өнөөдөр /2024.05.18/ боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн захирал Б.Баяржаргал болон багш, эрдэмтэн судлаачид, Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж хэлсэн үгэндээ "Судалгааны суурин Хар ус нуурын хөвөөнд байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тэр дундаа Алтайн уулсын болон Их нууруудын хотгор, түүнчлэн Хар ус нуур орчимын бүс нутгийн эко системийг судлах, хамгаалах, олон улсын судлаачдын оролцоог нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх судалгааны суурин болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Монгол орны Баруун бүс нутгийн байгалийн нөхцөл, нөөц, биологийн олон янз байдлын өнөөгийн болон цаашдын төлөвийг экосистемийн хэмжээнд урт хугацаанд тасралтгүй судалж, тогтвортой хамгаалалт, ашиглалтыг судалгаанд суурьлан төлөвлөхөд шинжлэх ухааны мэдээлэл, зөвлөмжүүдээр хангаж дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд "Баруун бүсийн экологийн судалгааны суурин"-ийн үйл ажиллагаа чиглэгдэж байгааг судалгааны сууринг үүсгэн байгуулсан, багш, доктор, дэд профессор З.Бурмаа онцлон хэллээ.
Энэхүү судалгааны суурин байгуулагдсанаар баруун бүсийн байгаль орчин,
нийгэм эдийн засгийн судалгаанд тус сургуулийн багш судлаачдын оруулж буй хувь нэмэр гүйцэтгэж буй үүрэг хариуцлага, ажлын үр дүн, эрдэм шинжилгээ, судалгааны цар хүрээг
төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, нутгийн иргэдэд сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Цаашид урт хугацаанд хамтран ажиллах саналуудыг түншлэгч байгууллагууддаа танилцуулах,
бакалаврын болон ахисан түвшний оюутнууддаа бүс нутгийн онцлогт тулгуурласан эрдэм
шинжилгээ, судалгааны ажилд хамрагдах боломж, хээрийн судалгааны зарим ажиглалт, арга
барилд сурган даллагажуулах, сэдэл тэмүүлэл бий болгох зэрэг олон үйл ажиллагаанд чиглэгдэж байна.