Нутаг дэвсгэр дэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, зам тээврийн осол гэмтлийг бууруулах, хүүхэд залуучуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн бүтээлээр дамжуулан олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан "ГАР ЗУРАГ"-ийн уралдааны шилдгүүд шалгарлаа.
Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа ерөнхий сэдэв, агуулгыг гаргасан байх, олон нийтэд хүргэхүйц шинэлэг байдлаар гаргасан байх, БОДИТОЙ байх зарчмыг баримтлан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд шалгаруулсан юм.
Тус уралдаанд нийт 72 сурагч бүтээлээ ирүүлснээс Тэргүүн байранд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 5б ангийн сурагч Т.Гэрэлцэцэг, Дэд байранд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 5а ангийн сурагч Б.Эрхсаран, Гутгаар байранд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 1в ангийн сурагч С.Аминсондор, Тусгай байранд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 5в ангийн сурагч Б.Амин-Эрдэнэ нар шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцож эхний 11 байрт шалгарсан сурагчдын бүтээлийг аймгийн "Ногоон гэрэл - цагаан шугам 2024" Гар зургийн уралдаанд оролцуулах юм. Гар зургийн уралдаанд бусдыгаа манлайн анги хамт олноороо оролцсон Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Ц.Төмөрхуяг багштай 5а ангийн хамт олонд талархал илэрхийлье.
Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа сурлаг, урлаг, спортын өндөр амжилт хүсье.