Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 12 дугаар сард 1 удаа хуралдаж 4 асуудал хэлэлцэж 4 тогтоол баталлаа. Үүнд:
1.Аймгийн 2025 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн төсвийн нийт орлогыг 81,649,814.6 төгрөгөөр, төсвийн жилд зарцуулах нийт зарлагын хэмжээг 81,649,814.6 төгрөгөөр баталлаа.
2.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд түшиглэсэн эдийн засагтай, ногоон хөгжлийн мэдлэгтэй оюунлаг, эрүүл иргэнтэй, аюулгүй амьдрахад таатай орчинтой, хүний хөгжлийг дээдэлсэн иргэдийн оролцоог хангасан засаглалтай, бүс нутагт өрсөлдөх чадвартай, хөгжлөөрөө тэргүүлэгч аймаг болох зорилгын хүрээнд аймгийн “Ногоон хөгжлийн бодлого -2030” бодлогын баримт бичгийг батлав.
3.Иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг хэлэлцэн баталлаа.
4.Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1242м2 газар, Ахмадын сувиллын барилга, хашаа, агуулах, машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшил зэрэг үндсэн хөрөнгүүдийг Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газарт балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрлөө.
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.БАТ-ОРХОН ХҮДЭР, ЕРӨӨ, АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР СУМДЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хүдэр, Ерөө, Алтанбулаг, Сүхбаатар сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай тус сумдын ойгоос 2025 онд бэлтгэх түлээний модны хуваарийн талаар санал солилцон уулзалт хийлээ.
Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор 2025 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарийг баталсан. Энэхүү тогтоолоор ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх дээд хязгаарыг сум тус бүрд баталж өгсөн юм. Уг дээд хязгаарт тохируулан сумдууд модны хуваариа батлахдаа ойн нөөцгүй сумдаа харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг хүслээ.
Уулзалтаар ойн нөөцгүй Сүхбаатар суманд Алтанбулаг, Ерөө, Хүдэр зэрэг сумдаас түлээний мод бэлтгэхэд сумд хоорондоо зөвшилцөн ойлголцож, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байлгахад анхаарах талаар ярилцлаа. Мөн дээрх сумдад хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, хулгайн мод бэлтгэх хэрэг зөрчлүүд нэмэгдэх хандлагатай байгаад анхаарал хандуулж ажиллахыг санууллаа.
Уулзалтад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Алтанбулаг сумын ИТХ-ын дарга Б.Баттулга, сумын Засаг дарга Н.Ариунжаргал, Ерөө сумын ИТХ-ын дарга Т.Болд, сумын Засаг дарга Э.Одгарав, Хүдэр сумын ИТХ-ын дарга Л.Болд-Очир, сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэбат, сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн болон аймгийн Байгаль орчны газрын дарга З.Түвшинтөгс нар оролцлоо.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС АЙМАГ, СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ХИЙЖ БАЙНА
Авлигатай тэмцэх газраас “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль”-ийн үр дүнд шинээр бүрэлдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Төлөөлөгчдөд Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөг, арга хэмжээг улс даяар зохион байгуулан ажиллаж буй.
Энэхүү сургалт, өдөрлөг арга хэмжээг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр (2024.12.12) манай аймагт зохион байгуулан ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон сургалтыг нээж хэлсэн үгэндээ “2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэдийг төлөөлөх 41 төлөөлөгч сонгогдсоноос 29.2 хувь нь буюу 12 төлөөлөгч өмнө нь аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байсан туршлагатай, 70.7 хувь нь буюу 29 төлөөлөгч нь анх удаа сонгогдон ажиллаж байгаа юм. Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аймгийн хэмжээнд нийт 383 төлөөлөгч сонгогдсоноос 55 хувь нь буюу 211 төлөөлөгч өмнө нь сумын ИТХ-д сонгогдон ажиллаж байсан туршлагатай бол 45 хувь нь буюу 172 төлөөлөгч нь анх удаа сонгогдон ажиллаж байна. Иймд шат шатны хуралд шинээр сонгогдон ажиллаж байгаа Төлөөлөгчдөө хууль эрх зүйн хувьд чадавхжуулах үүргийн хүрээнд өнөөдрийн сургалтыг цаг үеэ олсон, чухал хэрэгцээтэй сургалт болно гэж үзэж байна. Хууль эрх зүйн мэдлэг ойлголт буруу, дутуугаас үүдэн бусдад туслах гэсэн сайхан сэтгэлээр авлига, ашиг сонирхлын аливаа зөрчилд холбогдох нөхцөл байдал үүсэж болзошгүйг та бүхэнд сануулж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон холбогдох хууль тогтоомжийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутаг дахь авлигын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцуулах зэргээр өнөөдрийн сургалтын зорилгыг тоймлон ойлгож болно. Иймд аймаг, сумын эрхэм Төлөөлөгч та нөхөд минь сургалтдаа идэвх оролцоо өндөртэй оролцож, цаашдын ажил албандаа сонсож мэдсэнээ хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн өдрийн үдээс хойш Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Байгаль орчны газар, аймгийн Орон нутгийн өмчийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллагуудаас Төлөөлөгчдөд хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллахад шаардлагатай мэдээ мэдээллийг өгөх юм.
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.БАТ-ОРХОН ТЭРГҮҮТЭЙ ЗАРИМ ХЭЛТЭС АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГУУД ОРХОН СУМАНД АЖИЛЛАЛАА
Өнөөдөр (2024-12-11) аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон зарим хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд Орхон суманд ажиллалаа.
Ажлын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон Орхон сумын Засаг даргаар сонгогдон томилогдсон Г.Баасансүрэнд сумын Засаг даргын үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, тамга тэмдгийг гардуулан өгсөн юм. Мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Лхагвадорж болон сумын Засаг дарга Г.Баасансүрэн нарт сум орон нутгаа удирдан залах хариуцлагатай ажил албанд нь амжилт хүслээ. Аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хийж хэрэгжүүлж байсан болон цаашид анхаарч ажиллах ажил, асуудлуудын талаар сумын удирдлагуудтай санал солилцов.
Үүний дараа Орхон сумын цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг төр төсвийн байгууллага болон сумын Ахмадын хорооны үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, тус байгууллагуудын тулгамдаж буй асуудлуудыг сонсов. Энэ үеэр дээрх байгууллагуудаас тавьсан санал хүсэлтийг анхааралдаа авч ажиллахыг харьяалах хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүдэд чиглэл болголоо.
Үдээс хойш Аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй ажлын хэсэг Орхон сумын ард иргэдтэй уулзалт хийж аймаг орон нутгийн голлох салбарын мэдээллүүдийг танилцуулан иргэдээс санал хүсэлтийг нь сонсон ажиллалаа.
Орхон суманд ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Саруултөгс, аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Л.Төгөлдөр, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт,хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Болортуяа болон аймгийн ИТХ-ын Ажлын албаны холбогдох дарга, мэргэжилтнүүд болон сум орон нутгийн удирдлагууд байлцлаа.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА