Улсын ерөнхий Прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон “Ай Ти Зоне” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, прокурорын хяналт, зөрчил шалган шийдвэрлэсэн шүүхийн мэдээлэл нэг системд төвлөрч, улсын хэмжээнд статистик мэдээ нэг эх сурвалжаас бодитой гарах, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа цахимаар явагдах, зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Уг санг хэрэглээнд нэвтрүүлэхээр холбогдох байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэшүүлэх сургалтыг өнөөдөр (2025-01-20) зохион байгуулж байна.
Сургалтыг прокурорын байгууллагын сургагч багш, “Ай Ти Зоне” ХХК-ийн программист, шинжээч нарын бүрэлдэхүүнтэй явуулж, эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг хэрхэн бүртгэх, ашиглах талаар мэдээлэл өгч, практик сургалтыг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээний 360 гаруй эрх бүхий албан тушаалтныг 7 удаагийн сургалтад хамруулахаар эхний ээлжийн сургалт өнөөдөр эхэллээ.