Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдсон хурандаа С.Пүрэвсамданг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өнөөдөр (2025-01-21) хүлээн авч уулзлаа.
Аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан ажлаа авсан даруйдаа Сэлэнгэ аймгийнхаа Алтанбулаг, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Сайхан, Баянгол, Мандал, Хүдэр сумдад биечлэн ажиллаж тус сумдын гал унтраах, эрэн хайх, аврах хэлтэс, анги, цэгийн бүтээн байгуулалт, барилга байгууламж, гал унтраах болон шуурхай албаны автомашин, гал унтраах, аврах багаж, техник хэрэгслийн нөхцөл байдал, албаны бэлтгэл, бэлэн байдалтай танилцсан байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Бат-Орхон цаашид тус газрын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд дэмжин, хамтран ажиллана гэдгээ илэрхийлэн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданд ажлын амжилт хүслээ.