Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЛААР:

2025-01-08

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЛААР:
Монгол Улсын Анхны Үндсэн хууль нь 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан. Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой юм.
Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон үйл явдлууд улс орон даяар өрнөж байв.
Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940 оны 6 дугаар сарын 30-нд, 1960 оны 7 дугаар сарын 6-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрджээ.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгсөн.
Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.
Үндсэн хуулиа монголчууд "Эцэг хууль", "Эх хууль" гэж бас нэрлэдэг.
БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаан 1991 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд хуралджээ.
Энэ хуралдаанаар Ардын Их Хурлын 430-аад депутат нийт 75 хоног Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж сонсгон, мөн өдрийн 11.35 цагт баталсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
Энэхүү хууль батлалцах үйл хэрэгт манай сумаас БНМАУ-ын АИХ-ын 411 дүгээр тойргийн депутатаар Цэвэгдоржийн Даваажид агсан оролцож, иргэд сонгогчдынхоо өмнөөс дуу хоолойгоо өргөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%