Улсын Онцгой Комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Баян-Өлгий аймагт ажиллалаа. Түүнтэй хамт Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж нар ажиллаж, аймгийн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцав.
Аймгийн Онцгой байдлын газрын нөхцөл байдал, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг газар дээр нь үзэж танилцсаны дараа хошууч генерал Г.Ариунбуян Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд гамшгийн эрсдэлийг буруулах орон нутгийн зөвлөлийн дарга А.Бегарыстай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр тэрбээр Онцгой байдлын алба хаагчдад зориулсан 5 га цогцолбор хотхон барих газрын асуудлыг хөндөж, орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс уг асуудлыг ИТХ-ын IV хуралдаанаар хэлэлцэн, төрийн албан хаагчдад зориулсан 44.7 га газрыг цогцолбор хотхон байгуулах зориулалтаар шийдвэрлэсэн болохыг онцлон тэмдэглэж, онцгой байдлын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн ИТХ-ын дарга бөгөөд гамшгийн эрсдэлийг буруулах орон нутгийн зөвлөлийн дарга А.Бегарыс улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй үерийн хамгаалалтын далангийн ажлын явц, үлдэж буй 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг хөндөн, тус асуудлыг холбогдох шатанд уламжилж, шийдвэрлүүлэх талаар анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм. Тус далангийн бүтээн байгуулалтын явц 82%-ийн гүйцэтгэлтэй байгаа юм.