Өнөөдөр Баян-Өлгий аймагт Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хурал боллоо. Хуралд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд тус зөвлөлийн дарга А.Бегарыс оролцож, аймаг орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийллээ.
Хуралд онцгой байдлын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Баасансүрэн цахимаар оролцож, мэргэжлийн зөвлөгөө, чиглэл өглөө. Мөн аймгийн бүх сумдын удирдлагууд цахим хэлбэрээр оролцлоо.
Хурлаар орон нутагт тулгамдаж буй гамшгийн эрсдэлийн асуудлуудыг хэлэлцэж, гамшгийн үед хэрхэн шуурхай, уялдаа холбоотой ажиллах талаар санал солилцлоо. Ялангуяа сүүлийн үед үүсэж болзошгүй үер, цасан шуурга, хүйтрэл, гал түймрийн эрсдэлийг бууруулахад анхаарах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү нарийвчлан ярилцсан юм.
Хурлын дараа Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат Онцгой байдлын албаны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг танилцуулж, байгууллагын бэлтгэл бэлэн байдлын талаар мэдээлэл өглөө.