Жендэрийн Үндэсний Хороо нь Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, тус бүр 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгож байна.
Сонгон шалгаруулалтын үйл явцыг 2024 оны 12-р сараас эхлүүлсэн бөгөөд өнөөдөр Төв аймгийн Баянчандмань болон Жаргалант сумаас шалгарсан бичил бизнес эрхлэгчдэд тэтгэлгийг гардуулан, хамтран ажиллах гурван талт гэрээ байгууллаа.
Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга болон шалгарсан бизнес эрхлэгчид оролцлоо.
Төв аймгаас шалгарсан бичил бизнес эрхлэгчид:
Жаргалант сум:
1. Жаргалант шимт газрын өгөөж ХХК - Хүнсний ногоо тариалалт
2. "Nazimade" урлан - Оёмол бүтээгдэхүүн
3. Д.Баасандэмбэрэл – Бялуу, кекс, нарийн боов үйлдвэрлэл
4. Г.Байгалмаа – Нарийн ногоо тариалалт
Баянчандмань сум:
1. Б. Үүрийнцолмон - Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2. Баян-2 бүлэг - Хүнсний ногоо, нарийн ногоо тариалалт нар батламжаа гардан авлаа.
Тус төсөл нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Төв аймгийн Баянчандмань, Жаргалант суманд хэрэгжиж байна.