Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт орон нутгийн цаг үеийн мэдээ мэдээллийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд цахимаар хүргэх мэдээллийн цагийг зохион байгуулахаар болсон. Энэ сарын мэдээллийн цагаар өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт болж өнгөрсөн Эдийн засгийн форумын талаарх мэдээллийг Төлөөлөгчдөд хүргэлээ. Орхон аймаг 2017 оноос хойш хоёр жилд нэг удаа Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд форумын үр дүнд “Эрдэнэт” Шинжлэх ухаан, технологийн паркийн үйл ажиллагаа, шинээр баригдах орон сууцны хорооллуудын ИШС, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн Эрүүл мэндийн эко бүтээгдэхүүн, Жаргалант шуудай, Хаягдал цаасаар шахмал түлш үйлдвэрлэх, мөөг кластер-4, цахиурт тастагчийн ир үйлдвэрлэх, вакум хагалгааны өрөө, хот тохижуулах газрын парк шинэчлэл, Цахим-Эрдэнэт 1 төслүүдэд хөрөнгө оруулалтыг татаж чадсан аж. Мөн 2021 онд зохион байгуулсан эдийн засгийн форумын үр дүнд “Эрдэнэт ШУТП”-аар дамжуулан гарааны 110 бизнест 800 гаруй сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл олгосон байна. 2025 онд буюу өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан эдийн засгийн форумаар АШУҮИС-ын Био анагаахын хүрээлэн, ХААИС, ШУТИС-уудтай шинжлэх ухаанд суурилсан техник технологи нэвтрүүлэх, хүний нөөц бэлтгэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл хийх, төсөл хэрэгжүүлэх чиглэлд 2028 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Солонгос улсын Дэгү Хани их сургуультай боловсон хүчин бэлтгэх, НҮБ-ын Хүүхдийн сантай Шинэчлэн байгуулж буй санамж бичгийн хүрээнд агаарын бохирдол, цэвэр усны хангамжийг сайжруулах, нийгмийн салбарын байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлж гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Мөн мэдээллийн цагаар Эрдэнэт хотын захирагчийн орлогч Б.Мөнхдалай Орхон аймгийн хаягжуулалт, гудамж талбайн нэршлийн талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан таван талбай, 42 гудамж албан ёстой нэртэй байгаа бол цаашид шинээр нэр өгөх шаардлагатай 65 гудамж байгаа юм.
Мэдээллийн цагийн төгсгөлд Орхон аймгийн Худалдан авах газраас Д.Оюунбаяр 2025 оны худалдан авах ажиллагааны явцын талаар танилцууллаа. Орхон аймгийн 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 125.4 тэрбум төгрөгийн 258 төсөл арга хэмжээг төлөвлөснөөс 225 төсөл, арга хэмжээний худалдан авах, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж 87.2 хувийн биелэлттэй байна. Худалдан авах, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан төсөл арга хэмжээний 119 ажлын гүйцэтгэгч шалгарч дууссан бол 23 ажил амжилтгүй болжээ. Материал хүлээн авах хугацаандаа 77 төсөл, арга хэмжээ явж байгаа бол үнэлгээ хийж буй 6 төсөл арга хэмжээ байна