Сар бүр төлөөлөгчдөд орон нутгийн цаг үеийн мэдээлэл хүргэдэг Мэдээллийн цагаар
· Татварын хуулийн дагуу хувь хүн хуулийн этгээдэд олгож буй хөнгөлөлтүүдийн тухай
· Хотын дотор болон гадна байрлаж буй грашуудын судалгаа цаашид авах арга хэмжээний тухай
· Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх Гамшигт тэсвэртэй хот төслийн явц,
· Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудтай хийсэн гэрээний тухай танилцууллаа.
Мэдээллийн цагийн эхэнд Орхон аймгийн татварын газраас байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиглэл болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар танилцууллаа. Тодруулбал, хувийн хэвшил нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл борлуулалтын орлогын 1 ХУВЬ ХҮРТЭЛХ хэмжээгээр татварын хөнгөлөлт үзүүлэх, хялбаршуулсан горим босгогүй болж, үйл ажиллагааны орлогын нийт дүнгээс албан татварыг 1 хувиар ногдуулах, орон нутагт шинээр барьсан нийтийн зориулалттай орон сууц борлуулсны орлогод ногдох албан татварыг хөнгөлөх, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэгчид газрын эрхээ борлуулсан, шилжүүлснээс олсон орлогыг албан татвараас чөлөөлөх, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслийн үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хувь, хэмжээг 10 жил хүртэлх хугацаанд 0.6 хүртэлх хувиар бууруулан тогтоож болох талаар мэдээлэл өглөө. Мөн улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дагуу баригдсан нийтийн номын сан, ахмадын төв, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, боловсрол, соёлын болон нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай, олон улсын стандартад нийцсэн барилга, байгууламжид ногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах шийдвэр гарснаас хойш эхний 5 жилийн хугацаанд чөлөөлж болох хуулийн зохицуулалт байгааг танилцуулсан юм.
Үүний дараагаар Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудтай хийсэн гэрээ болон Орхон аймагт байрлаж буй грашуудын судалгаа цаашид авах арга хэмжээний тухай мэдээлэл хүргэлээ. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 13.95га талбайд 1350 ширхэг граш байгаа бөгөөд үүнээс 632 нь бичиг баримттай, 516 нь бичиг баримтгүй, 202 нь хугацаа нь дууссан байна. Эдгээрээс гурван байршилд дахин төлөвлөлт хийгдэхээр хэсэгчилсэн төлөвлөгөөнд туссан бөгөөд төлөвлөлтийн саналыг давхар танилцууллаа. Одоогийн байдлаар ашиглалтын шаардлага хангахгүй хэсгийг чөлөөлж ногоон байгууламж бүхий тохижилт хийх, нийтийн эдэлбэр газрын талбайн уртыг ашиглан гүйлтийн зам, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай болон орчны нэгж талбарын зориулалт, бүсчлэлээс хамааран ногоон байгууламж, сагсны талбай бүхий тохижилт хийх, Оюут багийн 2а хорооллын нийтийн эдэлбэр газрын талбайд тоглоомын болон сагсны талбай бүхий спорт заал барих зэргээр төлөвлөлтийн төсөл явж байна.
Мэдээллийн цагийн төгсгөлд Европын сэргээн босголт хөгжлийн банкны 7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Европын холбооны 6.71 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Гамшигт тэсвэртэй Эрдэнэт хот” төслийн явцын мэдээллийг өглөө. Төслийн хүрээнд Үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах, Усан хангамжийг сайжруулах ажил 8 байршилд хэрэгжинэ.
Тодруулбал, Үерийн далан байгуулах
· Хүн амын суурьшлын дээд бүсэд борооны ус хадгалах 3 усан сан, Эрдэнэт голын хөндийд 1 усан сан
· 12.8км-ын урттай төмөр бетон 8 суваг бүхий үерийн даланг барих, засварлах ажил Яргуйт, Баян-Овоо, Шанд, Их залуу, Уртын гол, Булаг, Цагаанчулуут, Баянбулаг, Оюут багт хийгдэнэ.
Усан хангамжийг сайжруулах
· Даваат багийн ус түгээх байр №57-г 375м цэвэр усны шугам татаж холбох
· Шанд багийн ус түгээх байр №18-г 483м цэвэр усны шугам татаж холбох
· Наран багийн 22-36-р байрыг 215м бохирын шугам татаж төвийн сүлжээнд холбох
· Говил багийн нутагт УДТ 13-аас УДТТ-15 хооронд 330м цэвэр усны шугамыг шинэчлэх
· Бүрэнбүст багийн 5 дугаар хорооллын дундуур 600м цэвэр усны шугамыг шинэчлэх
· Уурхайчин багийн нутагт хорооллын дундуур 1200м цэвэр усны шугамыг шинэчлэх
· Баянцагаан багийн үйлдвэрийн районд 1900м цэвэр усны шугамыг шинэчлэх
· Хүрэнбулаг багийн 4 дүгээр хорооллын УДТТ-4-2 гадна 1100м дулааны шугам шинэчлэлтийн ажил хийгдэх юм. Эдгээр ажлууд хийгдэх хугацааны графикийг танилцуулсан бөгөөд төсөл 2026 оны 12 дугаар сард бүрэн хэрэгжиж дуусах юм.