Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдсан Монголын хүүхдийн спортын зуны VIII их наадамд Орхон аймгийн шигшээ баг түүхэн амжилт гаргаж, 21 аймгаас багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч, их наадмын цомын эзэн болсон. Тэгвэл өнөөдөр их наадамд амжилт үзүүлсэн баг тамирчдад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Боловсролын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас талархал илэрхийлж, Амарын талбайд хүндэтгэл үзүүлэн мөнгөн урамшуулал олгохоор боллоо.
Энэ удаагийн наадамд Орхон аймгаас 297 тамирчин, 57 дасгалжуулагчийн хамт спортын 30 гаруй төрөлд оролцож, 15 алт, 15 мөнгө, 25 хүрэл нийт 55 медаль хүртсэн нь 22 жилийн дараа дахин их наадамд түрүүлсэн түүхэн амжилт боллоо.
Орхон аймаг өмнө нь 2015, 2019, 2023 оны наадамд дараалан хоёрдугаар байрт шалгарч байсан билээ. Энэ удаагийн наадмын хамгийн онцгой амжилтыг Орхон аймгийн охидын хөл бөмбөгийн баг үзүүлж, тус төрөлд анхны алтан медаль хүртсэн орон нутгийн баг болсноор спортын түүхэнд нэрээ тод сийлэн үлдээсэн юм.