Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2003 онд баталсан тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ны өдрийг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдөр нь төрийн албаны үнэ цэнийг олон нийтэд таниулах, төрийн албан хаагчдын манлайлал, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн дотоод болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг гишүүн орнуудад уриалсан билээ.
Төрийн албаны өдрийг тэмдэглэх гол зорилго нь:
- Төрийн албаны улс орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэх;
- Төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах, инновац нэвтрүүлэх;
-Сайн туршлага, мэдлэгийг хуваалцах;
-Төрийн байгууллага, албан хаагчдын ажлыг олон нийтэд сурталчлах;
-Залуу үеийг төрийн албанд ажиллахад урамшуулах, төлөвшүүлэхэд оршино.
Энэ өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас дотоод сургалт зохион байгууллаа. Сургалтаар шинээр томилогдсон албан хаагчдад зориулан төрийн албан хаагчийн харилцаа, ёс зүй, хандлага, ярианы ур чадвар, төрийн албаны үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олголоо.
Сургалтын гол зорилго нь төрийн албаны мэргэшсэн, хариуцлагатай, ёс зүйтэй боловсон хүчнийг бэлтгэх, төрийн үйлчилгээний чанар, иргэдтэй харилцах харилцааг сайжруулахад оршиж байна.