Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын ажилтай танилцах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын хэсэгт тоглоом суурилуулах ажил, наадмын талбайн хүүхдийн паркийн төлөвлөлт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл сонсож, үйл ажиллагаа сайжруулахтай холбоотой санал солилцлоо.
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын хэсэгт “Сокол” ХХК тоглоом нийлүүлэх, суурилуулах ажил 2020 онд эхэлсэн бөгөөд тухайн хэсгийн ерөнхий төлөвлөгөө 2013 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй, ажлын зураг магадлан-д ороогүй зэрэг олон шалтгааны улмаас өдийг хүртэл ажил удааширч, тоглоом нийлүүлэх компани, аймгийн ЗДТГ гэрээгээ сунгаагүй байгаа юм. Тус хэсэгт алсыг харагч, мөргөдөг машин, галт тэрэг, эргэдэг онгоц, өндөр цамхагт дүүжин савлуур гэсэн таван тоглоомыг “Сокол” ХХК, Агаарын бүжигчин тоглоомыг “Легато” ХХК нийлүүлж, суурилуулах юм. Эдгээрээс өндөр цамхагт дүүжин савлуур, алсыг харагч гэсэн хоёр тоглоомын суурийн ажлын зурагт зайлшгүй магадлан хийлгэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар тухайн хэсгийн ерөнхий төлөвлөлтийн зураг 90%, тоглоом угсралтын ажил 30%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хоёр тал гэрээгээ сунгасны дараа 2-3 сарын дараа ажил бүрэн дуусах боломжтой гэдгээ “Сокол” ХХК-ийн захирал Н.Алтаншагай хэллээ.
Аймгийн Засаг даргын дэргэд уг ажлыг эрчимжүүлэх, хүлээн авах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Төлөөлөгчдийн зүгээс хоёр тал харилцан ойлголцож, ажлаа яаралтай дуусгах шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хүүхдийн паркийн газрыг эзэмшиж буй Баясгалант Хангай ХХК-ийнхантай өнөөдөр уулзлаа. Тус компанийн зүгээс 2025-2027 он хүртэл бизнес төлөвлөгөө, хүүхдийн паркийн хэсэгт схем зураг гаргаснаа танилцууллаа. Тухайн хэсгийн төлөвлөлтийн зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байгаа бөгөөд удаагүй дуусаж, Орхон аймгийн ГХБХБГ-т хүлээлгэн өгнө гэдгийг хэллээ. Тус байгууллагаа 2025 онд тухайн хэсэгт соёл амралтын цогцолбор, “Хайрын төгөл-1” хотхон, Зоогийн газар байгуулахаар төлөвлөж байгаа юм.