Жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалын дагуу өнөөдөр аймгийн музейд байрлах Хэлмэгдэгчдийн дурсгалын танхимд хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд цагаатгах ажлыг зохион байгуулах комисс, аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, Цэргийн штабын дарга, хурандаа Д.Буянтогтох, хилийн цэргийн 0165-р ангийн хөгжимчид, ИТХ-ын ажлын алба болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл оролцож, хэлмэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсад 1930-1940-өөд оны үед 37 мянга орчим иргэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, улс орны түүхэнд гашуун хар мөр үлдээсэн. 1996 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн нь дахин үл давтагдах эмгэнэлт түүхийг сануулж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх зорилготой юм.


















