Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус 7 дугаар хуралдаанаар аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталлаа. Тус төлөвлөгөөг дахин боловсруулахдаа аймгийн ИТХ-ын Хөгжлийн хороод, Төлөөлөгч, мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн есөн саналыг нэмж тусган, 26 арга хэмжээнд өөрчлөлт оруулж, төсвийн ерөнхийлөн 26 захирагчийн үр дүн, 56 хөтөлбөрийн үр дүнг тодорхойлон 185 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Мөн Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос гаргасан саналын дагуу стратеги, үйлдэл, мэдээллийн эрсдэлийг тооцон боловсруулсан юм.
Төлөвлөгөөний төсөлд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, Хүний хөгжил ялангуяа эмэгтэйчүүдийн хөгжил, асрахуйн эдийн засгийн хөгжлийн талаарх арга хэмжээг нарийвчлан тусгах, гэр хорооллын багуудын айл өрхийн амьдрах орчныг сайжруулах, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулах санхүүжилтийг өсгөх, хот доторх авто замын нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах, төрийн өмчит компаниудын ашигтай ажиллагаа, засаглалыг сайжруулах чиглэлээр арга хэмжээг тусгах саналыг оруулан, нэмж тусгахаар баталлаа.
Өмнө нь Төлөөлөгч болон Хороодоос ирүүлсэн саналын дагуу “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-д бүх төрлийн донтолтыг эмчлэх нэгж бий болгох, хүүхэд хүмүүжлийн эерэг арга зүй “Токкацү”-г сургуулийн өмнөх боловсролд нэвтрүүлэх, Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлэх, “Эрдэнэтэд үйлдвэрлэв” төвийн гадна инженерийн шугам сүлжээг татаж, барилгыг ашиглалтад оруулах, Гэр хороололд агаарын чанарыг хэмжих автомат станц суурилуулах, Булаг, Баянбулаг, Цагаанчулуут, Наран багт холбооны худаг гаргаж сувагчлалын өргөтгөл хийж, төрийн байгууллагуудыг шилэн кабельд холбох, зэрэг арга хэмжээг 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгаад байсан юм.
