Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭМГЭНЭЛ

2026-03-19

ЛХАГВАСҮРЭНГИЙН ЭРДЭНЭБОЛД (1977-2026)
Төв аймгийн Борнуур сумын унаган хүү Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Шинжлэх Ухааны Академийн Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулганы гишүүн, Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Лхагвасүрэнгийн Эрдэнэболд 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын шинжлэх ухааны салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Л.Эрдэнэболд нь Монгол Улсын шилдэг сайн судлаач, археологич, угсаатны зүйч төдийгүй шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч байв. 1995-1999 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр дүүргэж, 2001 онд түүхийн ухааны магистрын зэрэг, 2005 онд Орос Улсын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, төвөд, буддын судлалын хүрээлэнд түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалж, 2014 онд дэд профессор цол хүртжээ.
Л.Эрдэнэболд 1999-2002 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2005 онд Орос Улсын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, төвөд, буддын судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, аспирант, 2005-2009 онд Монголын Үндэсний Түүхийн музейд эрдэм шинжилгээний ажилтан, 2009-2025 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд ахлах багш, дэд профессор, 2020 оноос Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2025 оноос тус хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байлаа.
Л.Эрдэнэболд нь археологийн болон Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн зэрэг соёлын өвийг судлан шинжлэх, хамгаалах, хөгжүүлэх чиглэлд идэвх санаачлагчтай ажиллахыг зэрэгцээ Орос, БНХАУ, АНУ, БНСУ, БНТУ, Бельги, Голланд, Казахстан, Унгар зэрэг улсуудыг археологийн олон улсын хамтарсан төслүүдэд судлаач, археологич, удирдагчаар ажиллаж байв.
Л.Эрдэнэболд нь Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллах хугацаандаа олон улсын хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж мөн өөрийн төрсөн нутаг Төв аймгийн Борнуур суманд Ноён уулсын салбар ХҮННҮ булшыг түшиглэн үндэсний музей байгуулах үйлсэд идэвх зүтгэлтэй ажиллаж байсан юм.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Шинжлэх Ухааны Академийн Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулганы гишүүн, Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Лхагвасүрэнгийн Эрдэнэболд нь эгэл даруу, уйгагүй хөдөлмөрч, хичээнгүй, бүтээлч, шинийг эрэлхийлэгч, хүний төлөө гэсэн нинжин сэтгэл, нөхөрсөг, шударга, зарчимч, эелдэг зөөлөн зан чанар нь эрдмийн хамт олон, шавь нар, анд нөхөд, монгол судлал, түүх-археологийн судалгааны эрдмийн ертөнцөд үүрд мөнх дурсагдан үлдэх болно. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, анд найз, мэргэжил нэгт нөхөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
ТӨВ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%