Эдүгээгээс нэгэн жарны өмнөөс манай улс
орчин үеийн хот байгуулалтыг явуулж үүнийг дагаад улс орны нийгэм, эдийн
засаг болоод хүмүүсийн ахуй соёлын амьдралд эрс өөрчлөлтүүд гарсан
билээ. Энэ үеэс нийслэл Улаанбаатар хотод орон сууцны цогцолбор
хорооллууд баригдаж эхлэн өнөөгийн өнгө төрхийг олсон. Цаашлаад манай
улсын аж үйлдвэрийн томоохон төвүүд болох Дархан, Эрдэнэт зэрэг хотууд
байгуулагдан хотжилт эрчимтэй өрнөсөн. Өөрөөр хэлбэл, монголчууд1990-ээд
он хүртэл хотуудаа байгуулж хөгжүүлж ирсэн түүхтэй. Чухам энэ үйл явц
дээрх цаг хугацаагаар тасалдсаны учир нь гэвэл 1992 онд баталсан шинэ
Үндсэн хуулиар Монгол Улсыг нийслэл гэсэн ганцхан хоттой байхаар
хуульчилсанд оршино. Өөрөөр хэлбэл, хот нь засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж бус болсноороо хотуудын хөгжилд чөдөр тушаа болж үүний
зангилаа нь өдгөө улам бүр ээдэрч байна гэж хэлж болно. Үндсэн
хуульд“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн
үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Үүний дагуу 1993 онд“Хот, тосгоны
эрх зүйн байдлын тухай” хуулийг баталсан байдаг. Уг хуулийн зарим
заалтууд өдгөө хүртэл хэрэгжсэнгүй. Тухайлбал, хуулийн амин сүнс
болох“Хот, тосгоны удирдлага нь захирагч, зөвлөлөөс бүрдэнэ. Хот тосгоны
захирагчийг хотын оршин суугчид сонгоно” гэсэн заалт бий. Гэтэл энэхүү
заалтыг илт үгүйсгэсэн “Аймаг, сум, багийн төв болох хот, тосгоны
удирдлагын бүрэн эрхийг тухайн хот, тосгон оршин байгаа засаг захиргааны
нэгжийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэсэн заалт уг хуульд тусгагдсан. Энэ
бол хот өөрийн гэсэн удирдлагын тогтолцоотой байх боломжийг шууд
үгүйсгэсэн хэрэг байв. Өнөөдөр аль ч аймаг, сумын Засаг даргаас ангид
хот, тосгоны захирагч байхгүй байгаа нь хуулийн ач холбогдлыг бууруулж
байгаагийн нотолгоо юм. Засгийн газрын 1994 оны128 дугаар тогтоолоор
Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь тухайн аймгийн
төв-хотын захирагч байхаар, бусад аймгийн төв-хотуудын хувьд түүний
оршин байгаа сумын Засаг дарга нь хотын захирагч байхаар тогтоосон.
Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр дээрх хууль,
тогтоомж бодит амьдралд хэрхэн нийцэж байгааг авч үзье. Амьдралаас хол
хөндий хуулийн заалтууд манай улсдаа томд тооцогдох 75 мянган хүн амтай
Дархан хот(засаг захиргааны үндсэн нэгж нь Дархан сум), 85 мянган хүн
амтай Эрдэнэт хотын (засаг захиргааны үндсэн нэгж нь Баян-Өндөр сум)
хувьд засаг захиргааны нэгжүүд болох аймаг, сумын хоорондох эрх мэдлийн
хуваарилалт, нийгэм эдийн засгийн хөгжлийн бие даасан бодлого явуулах
зэрэгт нэлээдгүй хүндрэл, бэрхшээлүүд үүсгэж байна. Эдгээр хотуудын
хувьд байнгын бус оршин суугчид буюу оюутнууд, бүртгэлгүй оршин суугчдыг
тооцвол хүн амын тоо даруй10-аад мянгаар нэмэгддэг. Ингээд бодохоор хүн
амын тоогоороо томоохон аймгийн хүн амын тоотой дүйцэхүйц болчихож
байгаа юм. Гэтэл статусын хувьд хоттой харьцуулахад бүх талаараа
харьцангуй жижиг нэгж болох сумдтай(үүн дотор1500 хүн амтай сумд ч бий)
нэг төвшинд аваачсан нь амьдралаас тасарсан, бодит байдлыг хэт
хялбарчилж буй хэрэг юм. Товчхондоо үүнийг өдөр хоногоор торниж буй
хүүхдэд нэг л хувцас өмсүүлж улмаар тэр нь таарч тохироогүйгээс энд
тэндээ ханзарч урагдаж байгаатай нэг ёсондоо зүйрлэж болох юм. Өөрөөр
хэлбэл, хотуудын статусыг шийдэхдээ өөх ч биш булчирхай ч биш болгосны
үр дагавар өдгөө олон зүйлээр илэрч байгааг дурдах нь зүйтэй. Эдгээрээс
зөвхөн иргэд сонгогчдын төлөөллийн ардчиллыг хэрхэн хэрэгжүүлж буй
байдлыг авч үзье. Хотын захирагч нь тухайн аймгийн Засаг дарга
байснаараа хотын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой газар зохион
байгуулалт, хот төлөвлөлт, хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ зэрэг олон
үүрэг функцийг аймгийн удирдлагад шууд харьяалуулсан. Гэтэл иргэдэд
үзүүлэх эдгээр үйлчилгээ нь үндсэндээ хотын хүрээний л асуудлууд байдаг.
Ингэснээрээ сумын удирдлагын үүрэг багуудаар дамжуулан иргэдэд ойр
зуурын үйлчилгээ үзүүлэх төдийгөөр хязгаарлагдсан. Угтаа бол аливаа
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь оршин суугчдынхаа хүсэл
сонирхол, тэдний эрх ашигт үндэслэн орон нутгийнхаа асуудлыг шийддэг
нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байх ёстой атал ийнхүү эрх
мэдлийн хуваарилалтыг аймагт төвлөрүүлснээр хотын хувьд нутгийн
удирдлагын үндсэн байгууллага болох сумын удирдлагын гар хөлийг мухарлаж
буй хэрэг юм. Үүний тод жишээ гэвэл орон нутгийн сонгуулиар аль ч
багаас(Дархан, Баян-өндөр сумын) аймгийн ИТХ ба сумын ИТХ-д тус тус нэг
төлөөлөгч сонгодог бөгөөд эдгээр хоёр төлөөлөгчийг харьцуулан үзэхэд
аливаа чухал асуудал аймгийн төвшинд шийдэгддэг болохоор сумын төвшинд
иргэдийн төлөөлөл үнэ цэнэгүйдэх, нэг үгээр хэлбэл төлөөллийн давхцал
үүсдэг. Угтаа бол аймаг нь хот биш учраас эргээд аймгийн төвшинд хотын
асуудал эзэнгүйдэх, ач холбогдол нь буурах явдал ч гардаг. Ийнхүү
төлөөллийн эрх мэдлийн хуваарилалт хэт тэнцвэр, иргэдийн эрх ашиг
сонирхлоос хол хөндий өнөөгийн энэ тогтолцоо нь удирдлагын хувьд
оновчтой бус гэдэг нь амьдрал дээр олон зүйл дээр харагддаг. Иймэрхүү
аймаг ба сумын удирдлагын хоорондох хоёрдмол, авцалдаа муутай удирдлага
нь хотын гадаад харилцааг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн талаар бие
даасан бодлого явуулах зэрэг олон чухал зорилтуудад ойлгомжгүй, бүрхэг,
цалгар назгай хандлагаар хандахад хүргэдэг. Хотуудынхаа статусыг
үгүйсгэсэн хууль баталснаараа монголчууд орчин үеийн соёл иргэншлийн
хөдөлгөгч хүч, улс орнуудын нүүр царай, дүр төрх болох“хот”-ыг хүлээн
зөвшөөрөөгүйн илэрхийлэл гэж үзэх эсвэл ганц хотдоо буюу нийслэлдээ
бултаараа багтаж шингэхгүй болтлоо шавааралдаж амьдар гэсэнтэй утга нэг
ойлгогдож байна. Үүнийг ард түмэн хүсээгүй, ийм байхыг ч мөн хүлээн
зөвшөөрөхгүй. Иймд Үндсэн хуульд засвар оруулж хотын статусыг эргэн
сэргээж аймаг, хот хоёрыг засаг захиргааны нэгжийн хэмжээнд адилхан авч
үзэх нь зүйтэй. Хотын хүн амын тоо, улс орны нийгэм эдийн засагт
гүйцэтгэж буй үүргийг харгалзан үзвэл энэ шаардлага зүй ёсных юм. Нөгөө
талаас хотод оршин суугч иргэдийн хүсэл эрмэлзэл, хандлага ч ийм байж
ирсэн бөгөөд өнөөгийн бүтээн байгуулалтыг хийсэн эзэд болох хотын оршин
суугч гэдгээрээ тэд үе үеэрээ бахархаж ирсэн. Бидний санал гэвэл
хотуудыг улсын зэрэглэлтэй хот, аймгийн зэрэглэлтэй хот гэж хоёр ангилан
үүнд, 70 мянгаас дээш хүн амтай /1961 онд АТХ-ын тэргүүлэгчдийн
зарлигаар60000-аас дээш хүн амтайг хот гэж үзэж байсан/ хотыг улсын
зэрэглэлтэй хот буюу засаг захиргаа нутаг дэвсгэрийн бие даасан нэгж
болгох саналтай байна. Үүнийг зөвхөн нийтлэлийг тэрлэгч нэгний санал бус
Дархан, Эрдэнэт хотуудын олон мянган иргэдийн санал гэж үзэх хэрэгтэй.
Тэгвэл бусад хотуудын хувьд статус хэрхэх вэ гэсэн асуудал тулгарна.
Үүнд зайлшгүй харгалзах хоёр хэв шинжийг тооцож үзэх нь зүйтэй. Эхнийх
нь аймгийн төвөөс бусад хот гэсэн ангилал юм. Ийм ангилалд гарын таван
хуруу дарам цөөн хот хамаарах буюу улс орны эдийн засагт гүйцэтгэж буй
үүрэг, хүн амын тоогоороо Зүүнхараа, Замын-Үүд хоёрыг л хотын тоонд
оруулж тооцож болох юм. Нөгөө нэг нь хотуудын хүн амын тоог харгалзан
үзэх ангилал байж болох юм. Хэдийгээр30-40 мянган хүн амтай Мөрөн,
Чойбалсан, Зүүнхараа, Арвайхээр, Ховд зэрэг хотын зэрэглэлийг15000-30000
хүн амтай бусад хотуудынхаас ялган үзэж болох хэдий ч аймгийн төв-хот
гэсэн хэв шинж дийлэнхэд нь давамгайлж байна. Үүнээс үндэслэн Дархан,
Эрдэнэтээс бусад хотуудын тухайд аймгийн төв-хот хэв шинж давамгайлж буй
учир дундын хувилбар үүсгэх нь тохиромж муутай байна. Дээрхээс үндэслэн
Үндсэн хуулийн“Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг,
нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь
хороонд хуваагдана” гэсэн заалтыг“Монгол Улсын нутаг дэвсгэр засаг
захиргааны хувьд аймаг, хот, нийслэлд, аймаг нь сум ба аймгийн хот, сум
нь багт, аймгийн хот нь хороо, хот нь хороо, сууринд, нийслэл нь
дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж өөрчилж болох юм. Аймгийн хот
гэсэн нэрний тухайд улсын зэрэглэлтэй хоттой давхцуулахгүйн үүднээс
ийнхүү нэршлийг тодотгосон болно. Хот нь хороонд хуваагддаг байх зарчим
энд үйлчлэх нь зүйн хэрэг юм. Мөн улсын зэрэглэлтэй хот нь дагуул
сууринтай байх ба өнөөгийн нөхцөлд Дархан, Эрдэнэт хотын сумдыг сууринд
тооцож болох юм. Ингэснээр аймаг, сумдын газар нутгийн хуваарьт онцын
өөрчлөлт орохгүй. Онцын гэж онцолсны учир нь гэвэл эдүгээ Дархан,
Эрдэнэт хот өргөжин тэлж хүн амын суурьшлын бүсүүд зэргэлдээ аймгуудын
нутаг дэвсгэр рүү ялимгүй түрж орсон байдалтай байгаа. Энэ нь хотын
үйлчилгээг хүртэх гэсэн иргэдийн буруу бус анхнаасаа хотуудын өргөжин
тэлэхийг тооцолгүй газар нутгийн хилийн хуваарийг хийсний уршиг юм.
Үүнийг цэгцлэх зорилгоор эдгээр хоттой зэргэлдээ орших Сэлэнгэ, Булган
аймгийн хоёр сумын хилийн цэсийг шинэчлэн тогтоох шаардлагатай. Эндээс
үзэхэд Дархан, Эрдэнэт хотууд нь засаг захиргааны үндсэн нэгж ба бусад
хотууд нь аймгийн хотууд гэсэн статустай болсноороо нийт хотуудын хувьд
харьцангуй бие дааж хөгжих боломж бүрдэн улмаар төвлөрлийг сааруулах,
нийгэм эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад чухал хөшүүрэг болж
өгнө. Төрөөс Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Үйлдвэрлэл технологийн
паркийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг бүс нутгийн хөгжлийг хангах
цөөнгүй баримт бичгүүд батлагдсан хэдий ч төрийн бодлогын хэрэгжилтэд
олигтой ахиц дэвшил гарахгүй байгаа билээ. Чухамхүү, төрийн бодлого
хэрэгжихгүй байгаа бодитой шалтгаан нь дээрх үзэл санаа биеллээ олох
бодит хөрс болох хотууд нь бие даасан засаг захиргаа нутаг дэвсгэрийн
нэгж болоогүйтэй зарим талаараа холбоотой бөгөөд ийм байдал нь ч эргээд
тэдний зүгээс гарах идэвх санаачилгад сөргөөр нөлөөлж ирсэн гэж хэлж
болно. Нийгмийн хөгжил дэвшлийн түүчээ болсон хотын статусаа хуульчлан
баталгаажуулснаар хөгжлийг саатуулагч чөдөр дөнгөөс нь мулталж ирээдүйг
цогцлоон бүтээх их үйлсийг өнөөдрөөс эхлэх энэхүү санаачилгад нэгдэхийг
эрхэм уншигч та бүхэнд уриалж байна.
Дархан хотын оршин суугч С.Галбадрах
/Дарханы Технологийн сургуулийн багш, доктор/