Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ГЭДЭГ БОЛ ХҮН БОЛГОНД ОЛДДОГГҮЙ АЗ ЗАВШААН, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

2014-12-26

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бадамлянхуатай хийсэн ярилцлага

question Та хурлын байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

answer Хурлын байгууллага 6 дахь жилдээ ажиллаж байна. 2008 оноос сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласан.  2 дахь удаагаа сонгогдсон гэсэн үг.

question Та төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдсон учраас  нэлээн сайн туршлагатай юм байна. Төлөөлөгчийн хувиар туршлагаасаа харахад иргэдээс ирж  байгаа санал хүсэлтэд ямар асуудал давамгайлдаг вэ?

answer Ажил олгож өгөөч ээ, ажлын байр, хөнгөлөлттэй зээл тусламжинд хамруулж өгөөч ээ, хүүхдийн сургалтын төлбөрийг хөнгөлж өгөөч ээ гэсэн санал хүсэлтүүд маш ихээр ирдэг. Дээр нь нэмээд төрийн албан хаагчийн харилцаа, ёс суртахууны асуудал дээр бас дутагдал, догогдол байна, үүнийг анхаарч цааш нь засч залруулж өгөөч ээ гэсэн хүсэлтүүд бас ирдэг. Үүнийг тодорхой хэмжээгээр Засаг дарга болон ЗДТГазарт уламжилж, зөрчил дутагдлыг арилгах, тухайн хүссэн хүсэлтүүдийг биелүүлэх тал дээр бололцооны хэмжээнд ажиллаж байгаа гэж үзэж байгаа.

question Та ИТХ-ын даргаар ажиллаж байгаагийн хувьд хурлын хороод маань сумын түвшинд хэр ажиллаж байна  вэ?

answer Манай сумын ИТХ нь 27 төлөөлөгчтэй,  5 хороо ажилладаг.  Энэ 5 хорооноос Хөдөө аж ахуй экологийн асуудал хариуцсан А.Дашдаваа даргатай хороо маш сайн ажилладаг. ХАА-н асуудлаар, ноос ноолуурын урамшууллыг хэрхэн юунд зарцуулах тухай, байгалийн яг аль хэсэгт нь яаж хамгаалах вэ?, хэн хараа хяналт тавих вэ гээд маш сайн ажилладаг. Хөдөлмөр, үйлдвэр үйлчилгээ хариуцсан Ө.Лхагвасүрэн даргатай хороо бас байдаг. Энэ хороо маань ажилд зуучлах, ялангуяа 40-өөс дээш настай хүмүүсийг ажлын байраар яаж хангах вэ гэдэг асуудал дээр Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Ш. Дашдоржтой хамтарч бас тодорхой хэмжээний ажлуудыг хийдэг. С.Мөнхбаатар даргатай төсөв, санхүүгийн хороо нь , байгууллагуудын, ялангуяа төсөвт байгууллагуудын төсөв, санхүүгийн асуудлаар хяналт, шалгалт хийх тал дээр ажиллаж байгаа. Мөн эдийн засгийн асуудал хариуцсан, хууль эрх зүй хариуцсан 2 хороо байдаг. Энэ 2 хороо маань ялангуяа удирдлагын түвшинд хуулийг хэрхэн сурталчилж, өөрсдөө хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж ажилладаг байгаа. Ер нь хорооны үйл ажиллагааг цаашид сайжруулна гэдэг бол төлөөлөгчийн идэвхийг улам нэмэгдүүлнэ гэсэн үг учраас хороодоо сайн дэмжиж ажиллах тал дээр анхаарч байна. Харьцангуй маш их идэвхтэй байна. Урьд нь сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч байсан хүмүүс одоо манай хурлын төлөөлөгчөөр байдаг учраас маш их түшигтэй. Миний өмнө 5 хурлын дарга байсан. Хурлын нарийн бичиг дарга нар, хурлын дарга байсан ахмадуудтайгаа би байнгын холбоотой, заавар зөвлөгөө авч ажилладаг.

question Хурлын байгууллагынхаа үйл ажиллагаа, эрх үүргийн талаарх мэдээллээ иргэддээ хэрхэн хүргэж байна вэ?

answer Сар болгон манай суманд цаг уурын алба хариуцаад явуулдаг аюулаас сэргийлэх цогцолбор (АСЦ) байдаг юм. Үүний дагуу FM радио ажилладаг бөгөөд үүгээр  дамжуулаад хөдөөгийн малчин өрхүүдэд тусгай утас байрлуулсан, тэгээд шууд цогцолбороосоо мэдээ хүргэнгүүт, нөгөө айлууд нь салбарлаад цаашаа айлууддаа мэдээ хүргэх байдлаар явдаг. Бид үүнийг ашиглан сумын Хурал, ЗДТГ-ын түшмэд өөрсдийн чиглэлийн үйл ажиллагаануудыг сард нэг удаа мэдээлдэг. Нөгөө талаас Цоглог TB гэж манай суманд байдаг. Тэр телевизээр зар, мэдээг хүргэж болдог. Мөн сумын төвийн FM радиогоор явуулдаг. Сард 1 удаа, 2 дахь долоо хоногийн 4 дэх өдөр 18 цагаас лекц хийдэг юм. Мэдээллийн цаг гэсэн үг. Түүнд сумын төвийн иргэд бүгд сууна. Манайх бас ИТХурлаа тэр АСЦогцолбороор нээлттэй явуулдаг. Энэ их аятайхан, хурал дээр хэн ямар үг хэлж байгаа юм, хэн ямар санал шүүмжлэл гаргаж байгаа юм гэдэг нь тодорхой байдаг учраас энэ их ач холбогдолтой байдаг. Харамсалтай нь энэ дамжуулдаг цогцолборын маань тоног төхөөрөмж хүчин чадал муугаас болоод алдаа гараад зарим хурлаа дамжуулж чадахгүй тохиолдол байдаг. Гэхдээ манайх хурлаа 3 удаа шууд дамжуулсан.  Энэ маш их хэрэгтэй байсан учраас бид нар цаашдаа хурлаа нээлттэй явуулна гэсэн бодолтой байгаа . Зөвхөн хурал төдийгүй сумын соёлын төвд болж байгаа бүх арга хэмжээнүүдийг нээлттэй явуулах боломж бүрдсэн. Утсан харилцаа маш сайн хөгжсөн, хөдөөгийн бүх өрх  G-Mobile-ийн сүлжээ, үнэгүй утастай,  бүх багуудын өрхийн утасны дугаар надад болон багийн Засаг дарга нарт  байж байдаг учраас чөлөөтэй хэнтэйн ч харьцсан бид бэлэн байдаг.  Багийн Засаг дарга нар нь 1 өрөөнд суудаг, түүндээ G-Mobile-ийн үнэгүй утастай. Түүн уруу малчид хэнтэй ч ярьж болно. Бас  шууд утас 1111 шиг 7059-5506 шууд утас иргэний танхимд ажилладаг.

questionНутгийн өөрөө удирдах  байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөл хэрэгжиж байгаа. Бүх аймаг сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтууд хийсэн.   Сургалтын үр дүн  яаж харагдаж байна вэ?

answer  Анх удаа ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтыг цаанаасаа төсөв мөнгө гаргаад өөрсдөөс нь ямар ч мөнгө гаргахгүй хийж байгаагаа гэдгээрээ маш онцлог байсан. Нөгөө талаас төлөөлөгч нар маань янз бүрийн мэргэжлийн, янз бүрийн насны хүмүүс байдаг учраас нэгдсэн журмаар ийм сургалтанд өмнө нь сууж байгаагүй. Ямар ч гэсэн би л төлөөлөгч болсноос хойш анх удаа  энэ төслийн сургалтанд суусан. Тэгээд хоёрдахь удаагаа эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалтыг  явуулсан нь үр дүнгээ өгч төлөөлөгчдийн идэвх, урам маш их сэргэж, цаашид юм хийе гэсэн сэтгэлийг төрүүлсэн юм. Энд бас нэг ярих зүйл бол урамшууллын асуудал, төлөөлөгчид, тэргүүлэгчдийн урамшууллын асуудал яригддаг юм байна лээ. Урьд нь ийм юм яригддагггүй, сэтгэлээрээ явдаг байсан. Одоо харин дүүргийн болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар урамшуулал авдаг, санхүүжилтийг өөрөө бүтээдэг аймаг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймгууд хуралдаа тодорхой хэмжээний төсөв төлөвлөөд, төлөөлөгч нартаа урамшуулал өгдөг гэдгийг сонссоноос хойш урамшууллын асуудлыг яриад байдаг болсон.

question  Сумын ИТХ ын  тэргүүлэгчдийн  хурал  ямар хуваарийн дагуу хуралддаг вэ?

answer Сард нэг удаа, шаардлагатай бол түүнээс олон удаа хуралдаж болно. Тухайн үед ямар асуудал, ажил тулгамдаж байна вэ гэдгийг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэж өгөөч ээ гэсэн асуудлыг холбогдох газрууд хүсэлтээ  хурлын ажлын албанд эхлээд өгдөг юм. Тэр хүсэлтийн дагуу тэргүүлэгчдэдээ зараа хүргээд, хуралдаад холбогдох санал оруулсан хүмүүс маань асуудлаа оруулаад хэлэлцээд шийдвэрлэдэг.

question Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл, хэрэгжилтэнд хурлын зүгээс хэрхэн хяналт тавьж байна вэ.

answer Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа чинь өнгөрсөн онд л хэрэгжсэн. 2013 онд эхэлсэн. Тэр үед бид нар хяналтын хороо гэж хурлын дэргэд байгуулах ёстой гэсэн яг хуулиндаа байхгүй мөртлөө журмандаа байдаг. Тэр дагуу бид нар жаахан хоцорч байгуулсан. Хоцорсон байсан учраас орон нутгийн хөгжлийн  сангийн асуудлыг хариуцсан төрийн сангийн мэргэжилтэн ерөнхийдөө голлосон. 2014 оны хувьд бол эхнээсээ нөгөө хяналтын хороо нь 13 оны 11-р сард байгуулагдсан учраас эхнээсээ тендер зарлахаас эхлээд бүх юмандаа хяналт  тавиад явж байгаа. Болохгүй асуудлуудыг сануулаад, болж байгааг нь дэмжээд ажиллаж байна.  

question Багийн ИНХурлууд маань улиралдаа нэг хуралдаж байгаа юу? Улиралд нэг удаа хуралдахад иргэдийн маань оролцоо хэр хангагдаж байна вэ?

answer Улиралд нэг удаа хуралдаж байгаа. 2014 он гарснаар 4-р сард хурал хийж, хуралд сумын Засаг дарга, ИТХ-ын дарга оролцож,  соёлын үйлчилгээ, мөн ЗДТГ-ын мэргэжилтнүүд нийгмийн даатгал, татвар, эрүүл мэнд бүгд очиж үйлчилгээ үзүүлсэн учраас их хэрэгтэй гоё хурал боллоо гэж  иргэд дүгнэж байсан. Дараачийн  6 сард  хуралд  иргэдийн оролцоо эрс нэмэгдсэн. Ер нь та нар санал бодлоо  БИНХурал дээр хэлэх ёстой шүү, та нарын хэлсэн үг чинь бидэнд их үнэтэй, аливаа асуудлыг та бүхнийсанал дээр тулгуурлан хамтарч шийддэг болсон гэдгийг иргэдэд сайтар ойлгуулахад хүлээж авдаг болсон.

question  ИТХ-ын 27 төлөөлөгчөөс хэд нь эмэгтэй вэ? Эмэгтэй төлөөлөгчдийн онцлог байна уу?

answer Манайх 6 эмэгтэй төлөөлөгчтэй. Эмэгтэй төлөөлөгчид хариуцлагатай, хариуцсан үүрэгтээ сэтгэлээсээ ханддаг.  Ер нь  хурал гэж зорьж ирэхээсээ илүү эмэгтэй хүн, жаргал зовлон амьдрал ойлгоно гэдэг утгаараа хүмүүс  илүү ханддаг. Манай багийн ИНХ-ын дарга нараас 7 багаас 4  эмэгтэй. Тэдэнд багийн Засаг даргаас илүүтэйгээр  санал тавьдаг.  

question Та бид 2 оны зааг дээр энэхүү ярилцлагаа хийж байна. Энэ онд хийж гүйцэтгэсэн ажлууд болон ирэх онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажлуудаасаа товч танилцуулаач?

answer  Манай сумын  хувьд энэ он маш олон чухал ажлуудыг хийж хэрэгжүүлсэн жил байлаа. Бид  иргэд рүүгээ тэр дундаа ахмадууддаа хандсан жил болгон өнгөрүүлсэн бол ирэх оныг малчид залуучууд руу хандсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Иргэдийнхээ санал санаачлагыг дэмжин ажиллаж байгаагын үр дүн гар байгаа. Жишээлбэл , манай сумын  иргэн Я.Бат-Өлзий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулан маш амжилттай ажиллаж байна.  ИТХ-ын хувьд  2015 онд  нэгдүгээрт 5 хорооныхоо ажлыг чанаржуулах,  хоёрдугаарт хяналтын чиг үүргээ эрчимжүүлэх, гуравдугаарт гадаад  харилцаа  хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Мөн өөр газар ажиллаж амьдарч байгаа  нутгийн уугуул иргэдтэйгээ харилцаа холбоо сайтай байж хамтран ажиллах бодлогыг барьж ажиллана.

question Нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдаж яваа хүний хувьд цаашдаа   ямар асуудлыг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ?    

answer  Хурлын байгууллагын чадавхи төлөөлөгчдийн сонгуульт үүрэгтээ хандах сэтгэл, идэвхи зүтгэлтэй салшгүй холбоотой. Сумын ч бай, аймгийн ч бай ИТХ-ын төлөөлөгч гэдэг бол зүгээр захын нэг хүн болдоггүй. Бас хүн болгонд олддоггүй ийм аз завшаан, үүрэг хариуцлага байдаг учраас энэ байдлаа ойлгоод өөрийнхөө чадах бүхнээр бусдад дэм болохын төлөө хүмүүс хичээгээсэй, ажиллаасай гэж бодож байна. Мэдээж өөрсөд нь тийм сэтгэл зориг байгаа болохоор хийсэн ажилдаа эзэн байхын төлөө хүн бүр хичээгээсэй гэж бодолтой байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%