Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх нь

2015-01-12

1992 оны 01 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан шинэ Үндсэн хуулинд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулахаар хуульчлагдаж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) гэдэг байгууллага бий болсноос хойш 22 жил өнгөрч байна.  Энэ хугацаанд орон нутгийн хурлыг сонгох  6 удаагийн сонгууль явагджээ. Орон нутгийн хувьд УИХ-ын сонгуульд илүү ач холбогдол өгдөг байсан бол одоо орон нутгийн сонгуульд намууд ач холбогдол өгч олон нэр дэвшигч дэвшдэг болсон нь ИТХ-ын нэр хүнд өсч байгааг харуулж байгаа хэрэг. Гэсэн хэдий ч сонгогдож байгаа төлөөлөгчдийн 60-70 хувь нь шинээр сонгогдож байгаа бөгөөд тэдний мэдлэг боловсрол харилцан адилгүй гарын авлага гээд гарсан зүйл ховор байдаг нь тэдний шийдвэр гаргахад нөлөөлдөг байдал ажиглагдсаар байгаа юм. Харин 2014 онд УИХ-ын Тамгын газар, НҮБХХ, Швейцарийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадвахийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн сургалтыг зохион байгуулсан нь чухал үр дүнгээ өгч байгаа ажил гэж үзэж байна. Цаашид энэхүү сургалтыг үргэлжлүүлэх бүр Багийн ИНХ-ын түвшинд хүртэл хийх нь зүйтэй.
         Цаашид шат шатны хурлыг бэхжүүлснээр орон нутгийн хөгжил дэвшил, иргэдийн оролцоонд ихээхэн өрчлөлт гарна гэж үзэж байна. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудад зөв өөрчлөлтийг оруулах шаардлага байгаа юм. Хөдөө орон нутагт намын жагсаалтаар сонгогддог явдлыг зогсоох. Нэр дэвшин унасан нэр дэвшигч намын жагсаалтаар орж ирдэг, жасаалтаар орж ирсэн төлөөлөгчдийн  ажил дүгнэх боломжгүй байдал байгааг анхаарах ёстой. Үүнээс үүдээд хөдөө орон нутагт хэт намчирхал бий болоод байгаа юм. ЗЗНДНТУТХ-д БИНХ, аймаг сумын ИТХ-ын ажлын албаны чиг үүргийг тодорхой болгох, БИНХ-ын даргад тодорхой шалгуурыг тавих, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах, тэргүүлэгчдийн урамшууллын асуудал зэргийг оруулж өгөх нь зүйтэй байна. Сумдын ИТХ-ын хувьд ганц нарийн бичгийн даргаас өөр ажилтан байдаггүй нь хуулиар ноогдуулсан чиг үүргээ биелүүлж чадахгүйд хүрч үүнээс үүдэн ИТХ-ын нэр хүнд унаж байгаа тал ажиглагддаг. Аймгийн ИТХ-ын хувьд ч гэсэн 10-12 хүнтэй байж чиг үүргээ бүрэн биелүүлэх талаар 2013 онд Дорноговь аймагт болсон төвийн бүсийн ИТХ-уудын ажлын албаны уулзалт дээр яригдаж холбогдох дээд газруудад хүргүүлж байсан юм.  Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа нутгийн өөрөө удирдах ёсны талаарх мэдлэг чадвар, идэвх оролцоо сулхан энэ үед ажлын албадын хувьд хангалттай орон тоотой, мэдлэг чадвартай байх явдал чухал байна.
       Өнөөгийн БИНХ-ын ажлыг  ихэнхи тохиолдолд багийн засаг дарга хийдэг тиймээс энэ хоёр албан тушаалтныг уялдуулах, багийн засаг даргын зарим чиг үүргийг БИНХ-ын даргад шилжүүлмээр санагддаг. Мөн багийн засгийн даргыг   сумын ИТХ нь чиглүүлж ажилладаг баймаар бодогддог.
      Төсвийн шинэ хууль батлагдан мөрдөгдсөн цагаас хойш БИНХ-д оролцох иргэдийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч бүрэн дүүрэн оролцож чадахгүй байна. Ороцож байгаа иргэдийн дийлэнх нь ахмадууд, идэвхитэй цөөн тооны иргэд байгаа учраас нийт иргэдийг хамруулах үүднээс зөв мэдээллээр сайтар ханган идэвхижүүлэх ажлуудыг хийх шаардлагатай гэж үзэж байна.
     Төр, хувийн хэвшил /иргэд/, иргэний нийгмийн байгууллагын 3 талт түншлэлийг хөгжүүлэх нь тухайн орон нутгийн хөгжил дэвшилд чухал үүрэгтэй билээ. Энэ ажлыг Нутгийн өөрөө удирдах байгууллага гартаа аван ажиллах ёстой. Нутгийн өөрөө удирдах байгууллага маань улам бэхжиж өргөжин тэлэх болтугай.


Дундговь аймгийн
ИТХ-ын нарийн бичгийн  дарга  Н.Эрдэнэ-Очир

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%