Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “ Эрүүл орчин- Иргэдийн сайн сайхан” хөтөлбөр батлан ажилласан нь үр дүнгээ өгч байна

2015-03-05

Нийслэлийн Багахангай дүүргийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэтуяатай хийсэн ярилцлага
Асуулт: Нийслэлийн Багахангай дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдийн саналыг авах ажлыг ямар үе шаттайгаар хийдэг вэ?
Хариулт: 2015 оны Багахангай дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилтыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ( ИТХ) батлахаас өмнө иргэдээс тусгайлан төлөвлөгөөний төсөл  дээр санал авсан. 2015 оны төлөвлөгөөний төсөл  дээр санал авах хурлыг нээлттэй хийж олон санал гарсанаас нийт 15 саналыг эрэмблэн нэмж төсөлд оруулсан. Тухайлбал байр, орцны засварыг заавал нийслэл дээр худалдан авах ажиллагаа хийхгүйгээр дүүрэгт өөрсдөө шийдвэрлэн тухайн иргэдээр өөрсдөөр нь  орцны засварыг хийлгэх, нийтийн эзэмшлийн багахан талбайг тохижуулах ажлыг дүүргийн иргэдийг оролцуулах гэх мэт.
Түүнчлэн   дүүргийн ИТХ дөрвөн ажлын хороодтой. Эдгээр хороодоор төлөвлөгөөг хэлэлцүүлдэг.
Асуулт: 2014 онд танай дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаанаас товч танилцуулна уу?
Хариулт: 2014 онд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 18 удаа  хийснээс 8 удаагийн хурлыг иргэдийн дунд өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулсан. Багахангай дүүрэг 2 хороотой. Дүүргийн  нийгмийн даатгалын  хэлтэс, боловсролын байгууллагын талаар асуудлыг нээлттэй хурлаар хэлэлцвэл хорооны иргэдэд ойр байдагаар  соёлын төвдүүдэд тус тусад нь  хурлыг зохион байгуулдаг.
Дүүргийн нээлттэй хурлаар 67 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд танилцуулж, Тэргүүлэгчид болон иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу 22 байгууллагад зөвлөмж хүргүүлсэн. 2014 онд нийт давхардсан тоогоор 4200 иргэн ИТХ-аас явуулсан санал асуулгад хамрагдаж 240 гаруй иргэн Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралд оролцсон. Дүүргийн ИТХ-д 179 бичиг ирж, асуудлыг шийдвэрлэж 231 бичиг холбогдох байгууллагуудад хүргүүлэн, 48  тогтоол,24 захирамж гаргасан. ИТХ-ын Тэргүүлэгчдээс нийтээр дагаж мөрдөх 2 журам,хэм хэмжээ тогтоосон журам нэгийг гаргасан.
4 сарын 21 –ний өдрийн А/11 тоот тогтоолоор дүүрэгт “Монгол гоёлын өдөр”-тэй болох журам гаргасан. Үндэсний уламжлалаа дээдлэн Монгол ёс заншлыг залуу үедээ өвлүүлэх, сард нэг өдрийг үндэсний хувцасаар гоёж байх нь энэхүү журмын зорилго юм.
10 сарын 27 –ны өдрийн А/37 –р тогтоолоор дүүргийн Иргэний танхимд Гэрлэлтийг бүртгэх ёслолын ажиллагааг хийж байх журам гаргасан. Түүнчлэн ээлжит 7 дугаар хуралдаанаар төсвийн тодотгол хийх, ОНХСангаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүн, ажлын явцын талаар хэлэлцэн  шийдвэрлэсэн.  Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ой, дүүргийн 25 жилийн ойн хүрээнд ИТХ-аас хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан 49  хүнийг төрийн дээд одонд,3 хүнийг нийслэлийн шагналд тодорхойлж нийт 49 хүнийг шагнаж урамшуулсан.
Асуулт: Нээлттэй хурлын талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
 Хариулт: Нээлттэй хурал хийхэд ажлын хороо тухайн төрийн байгууллагын үйл ажиллагаатай тусгай удирдамжийн дагуу урьдчилан танилцдаг. Хороод байгууллагын үйл ажиллагаатай танилцсан ажлын талаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлдэг. Дараа нь нээлттэй хурлыг зарладаг. Ажлын хороо нээлттэй хурал дээр тухайн төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан талаар мэдээлэл хийдэг.
Асуулт: Нийслэлээс  алслагдсан дүүргийн онцлог, иргэдийн идэвхи санаачилга ямар байдаг вэ?
Хариулт: Дүүргийн  онцлог нь 3500 хүнтэй, цөөхөн хүн амтай болохоор хүмүүс бие биенээ сайн мэддэг. Урьд нь тогтвортой амьжиргаа төсөл их сайн үр дүнтэй хэрэгжиж иргэдийн санал авах ажлыг зөв зохион байгуулалтад оруулж өгсөн байсан. Энэ зохион байгуулалт нь орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын санал авах ажлыг зохион байгуулахад ихээхэн дөхөмтэй байдаг. Иргэдийн дунд хурал зарлахад хурлын ирц зуун хувь байдаг.
Нээлттэй хурал дээр иргэдийн саналыг авч эрэмблэн нэгтгэдэг. Хурлаас зөвлөмж гаргаж ИТХ-ын Тэргүүлэгчидэд хүргүүлнэ. Дараагийн нээлтэй хурал дээр зөвлөмжийн дагуу хийгдсэн ажлын тайланг сонсдог.
Асуулт: Төлөөлөгчдийг идэвхижүүлэх, чадавжуулах талаар ямар ажлуудыг хийж байна вэ?
Хариулт: 2014 онд төлөөлөгчдийн сургалтыг хоёр удаа хийсэн. НҮБ-ын НӨУБЧСайжруулах нь төсөл болон Удирдлагын академиас НӨУБайгууллага, орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага, авилга, хүний эрх, жендер, байгаль орчин, худалдан авах ажиллагааны  чиглэлээр сургалт  хийсэн.
Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлыг хянахад бэлтгэн төлөөлөгчдийг худалдан авах ажиллгааны А3 сертификат авах сургалтанд суулгасаны дагуу төлөөлөгчид хяналтын чиг үүргээ сайн хийдэг болсон.
Асуулт: Танай ИТХ-аас баталсан ямар хөтөлбөрүүд хэрэгжиж байна вэ?
Хариулт: Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол /2013 оны 7 сард А/15 /-оор “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” хөтөлбөрийг баталсан.
Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, хэрэгцээ,шаардлага нь дүүргийн хэмжээнд архидан согтуурах явдал газар авсан нь ядуурал, хүчирхийлэл, осол гэмлийн шалтгаан болсон төдийгүй архинд донтох өвчтэй иргэдэд төрийн зүгээс үзүүлэх цогц бодлого, үйлчилгээ байхгүй байсан. Архидалтаас шалтгаалан  өрх гэр, нийгэмд үргүй зардал өндөр байгаагаас гадна ирээдүй болсон хүүхэд залуучууд архидалтын орчинд өсч байгаа нь хэн бүхний сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байсан.
Хөтөлбөрийн зорилго: Согтууруулах ундааны эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтэд тавих хяналтыг сайжруулах замаар дүүргийн хүн амын архины хэрэглээг багасгах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, архинаас үүдэх сөрөг үр дагаварыг багасгах, эрүүл орчинд сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна.
Налайх, Багануур дүүрэгтэй хамтран өсврийн цагдаагийн байгууллагын төлөөллийг оролцуулан нөхөрсөг уулзалтыг анх удаа хийсэн. Хүүхдийн гэмт хэрэг зөрчил, хүчирхийлээс урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ зохион байгуулж болох талаар хүүхдүүдийн өөрсдийн санал бодлыг сонсож, энэ ажлыг уламжлал болгон хийж байхаар шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд  2 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулсан.
Дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага аж ахуй нэгжүүдтэй ”Түншлэлийн гэрээ “ байгуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Багахангай дүүргийн цагдаагийн тасгийн холбоо техникийн хэрэгсэлийг сайжруулахад 9,8 сая төгрөгийг зарцуулсан.
Хөтөлбөрийн үр дүнд: Дүүргийн 2-р хороонд цагдаагийн хэлтэсээс төмөр замын өртөө зөрлөгүүд, хөдөөгийн малчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлан, ахнааруулга, сэрэмжлүүлэг хүргэх ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 43 өрхийн бүх гишүүдэд хүрч ажилласан.
Архинаас хамааралтай иргэдтэй тусгайлан ажилласны дүнд олон хүнийг архинаас гаргасан.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%