Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 94 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН МЭНДЧИЛГЭЭ

2015-03-18

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 94 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ч.ЦЭНДСҮРЭНГИЙН МЭНДЧИЛГЭЭ
 

     Ахмад дайчид, генерал, офицерууд, цэргийн албан хаагчид мөн тэдний ар гэрийнхэн, нийт Дарханчууддаа Монгол цэргийн өдрийн мэндчилгээг Дархан-Уул аймгийн ИТХурал, түүний Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж байна.
     Манай зэвсэгт хүчин, зэвсэгт хүчний дайчид эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ямагт үнэнчээр чадварлаг биелүүлж, үе үеийнхэндээ үлгэр дуурайлал болж ирсэн баялаг уламжлалтай, бахархам түүхтэй билээ.
     Монгол түмнийг манлайлан үеийн үед өмгөөлөн хамгаалж, эх орныхоо тусгаар тогтнол, иргэдийнхээ эрх чөлөөний төлөө халуун амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан ахмад үеийнхээ эх оронч, эрэлхэг дайчин, хичээнгүй хөдөлмөрч уламжлалыг үе дамжуулан төлөвшүүлж ирсэн Монгол цэргийн алба төр, түмэндээ хүндлэгдсээр байх нь дамжиггүй юм.
      50 гаруй жилийн түүхэн хуудсыг эргүүлж буй Дархан хотын бүтээн байгуулалт, ололт амжилт бүхэнтэй Монголын зэвсэгт хүчин, түүн дотор барилгын цэргийн анги, баталионуудын үйл ажиллагаа салшгүй холбоотой. Анх Дархан хотын шавыг тавихаас эхлээд бүтээн байгуулалтын бүхий ажилд Монгол Зөвлөлтийн цэргүүд иргэний барилгатай хамтран мөр зэрэгцэн оролцож ирсэн юм.
     Эдүгээ Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний байгууллагууд нь мэргэжлийн чиг хандлагатай чадварлаг болж, Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих үйлст оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг Дархан-Уул аймгийн  ИТХурал, аймгийн Засаг дарга, түүний тамгын газраас өндрөөр үнэлж байдгийг онцлон тэмдэглэж байна.
       Дархан-Уул аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд нь Улсын онц чухал обьектийн хамгаалалт болон Дархан-Уул аймгийн хөгжил, соёлжилт, Дарханчуудын тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, хуульд заасан үндсэн үүргээ амжилттай биелүүлж байгаад нь талархал илэрхийлж байна.

      Өнөөдөр Монгол цэргийн өмнө, Монгол Улсын зэвсэгт хүчний өмнө, манай нийт хүчний байгууллагуудын өмнө шинэ хандлага шинэ шаардлага, шинэ нөхцөл байдлууд бий болж байна. Үүнтэй уялдуулан бодлогын болоод зохион байгуулалтын хувьд дараах ажлуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
       1. Дархан-Уул аймагт 2015 оны жилийн эхний хүн амын статистик мэдээллээр 18-25 насны 5000 орчим цэргийн насны залуус байгаа тоон мэдээлэл байна. Гэтэл жил жилийн цэрэг татлагаар нийт цэргийн насны залуусийн 25 орчим хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй гэсэн судалгаа гарчээ.
Иймд ирээдүйн эх орноо хамгаалах, энхийн манаанд зогсох идэр залуусынхаа эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, эрүүл зөв амьдралын хэвшил дадлыг бий болгоход хууль, хүчний байгууллагууд үйл ажиллагааг чиглүүлье.
           2.  Цэрэгт алба хаана гэдэг бол эр хүний бахархал байдаг.
Аминаас илүү эрх ашиг гэж монголын ард түмэнд байдаг. Үхээд боссон ч хамгаалах тийм эрх ашиг бий шүү гэдгийг цэргийн хүн хамгийн түрүүнд мэдэрсэн байдаг юм. Үүгээрээ манай цэргийнхэн цаашдаа ч үлгэрлэх ёстой.
Энэхүү эх оронч үзэл төлөвшлийг хүүхэд залууст сурталчлах, тэднийг Эх орноороо бахархах хөтөлбөр, үйл ажиллагаанд хамруулах, монгол цэргийн түүхийн бүтээлүүдийг сурталчлах, иргэдэд хүргэх, цэрэг иргэний харилцааг бэхжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байх нь чухал байна.
        3. Дархан хотын бүтээн байгуулалт, ололт амжилт бүхэнтэй Монголын зэвсэгт хүчин, түүн дотор барилгын цэргийн анги, баталионуудын үйл ажиллагаа салшгүй холбоотойг би үгийнхээ эхэнд хэлсэн. Ер нь энхийн цагт манай зэвсэгт хүчин бүтээн байгуулагч хүчин байх ёстой гэдэг. Энэ утгаараа Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний байгууллагууд иргэдэд туслах, сайн үйлсийн аянд нэгдэх зэргээр нийгэм олон нийтэд чиглэсэн үйл ажилллагаа, бүтээн байгуулалтын ажлуудад оролцож, орон нутгийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллахыг чиглэл болгож байна.
       Дархан-Уул аймгийн хууль, зэвсэгт хүчний байгууллагууд нь дээрхи чиглэлийн ажлуудад анхаарал хандуулж, төлөвлөгөө гарган хамтран ажилласнаар тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

        Монголын Зэвсэгт  хүчний бие бүрэлдэхүүний оюуны мэлмий хурц, санаа тунгалаг, сахилга зохион байгуулалт чанд байж, эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн өлзийтэй ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
        Монгол төрийн өлмий бат оршиж, монгол түмний сүлд хийморь үргэлж өөдөө байж,
монгол цэргийн суу алдар мөнхөд бадраг .



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%