Дархан-Уул аймгийн Орхон сум энэ сарыг “Малчдад туслах сар” болгон зарлаж олон ажлыг зохион байгуулан явуулж байна.
Сумын бог мал төллөж эхлээд одоогийн байдлаар 2000 орчим бог мал төллөсөн мэдээ гарчээ. Өнгөрсөн онд тус сум 41 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт юм. Харин 12500 тн төмс хүнсний ногоо хураан авсан нь улсын хэмжээнд хураан авсан төмс, хүнсний ногооны 13 орчим хувь гэдгийг сумын Засаг дарга Б.Батбаяр онцлов. Тэрбээр сумын малчин өрх тус бүрт туслахын тулд сумын өвсний нөөцөөс 2000 боодол, аймгаас хувиарлагдсан 650 боодол өвсийг малчдад хүргэж өгчээ. Түүнчлэн Орхоныхон хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа орж лууван болон бусад үлдэгдэл хүнсний ногоогоо борлуулж дуусгах, үрийн чанарыг сайжруулах, усалгааны системээ боловсронгуй болгох зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий гэж ярилаа.
Б.Норовсамбуу