Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН

2015-04-04

                                                                       ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН САН

ТОДОРХОЙЛОЛТ: Орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг xэлнэ.

ЗОРИЛГО: Орон нутгийн xөгжлийг дэмжиx, бүс нутгийн тогтвортой байдлыг xангасны үндсэн дээр иргэдийн тогтвор сууршилтай амьдраx орчин бүрдүүлэxэд оршдог.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН САН болон ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГУУДЫН эх үүсвэрийн бүрдэлтийг дахин хянан үзэж, эдгээр сангуудыг орон нутгийн төсвийн алдагдлыг арилгах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэг гол хэрэгслэл болгон ашиглах боломжтой.
                                                                                     ЭХ ҮҮСВЭР:

  • импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 25 хувь;
  • ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орсон орлогын 5 хувь;
  • орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив;
  • доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлэх хөрөнгө.
     

БУСАД ТАЙЛБАР: Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутагт хуваарилахдаа ашигт малтмалын олборлолт хийгдсэн тухайн орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээг бусад орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээнээс 10 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтооно.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлгийг тооцох аргачлалыг Засгийн газар батална.

"Орон нутгийн хөгжлийн сангийн журам"-ыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

 

“ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН” нь улсын төсвийн хөрөнгө /Төсвийн тухай хуулийн 59, 60, 63-р зүйл/.

                                                                      ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН НЬ:

А. Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн төсвөөс ангид,

Б. “Орон нутаг хөгжүүлэх сан” –аас ангид,

В. Зөвхөн иргэдээр нээлттэй хэлэлцүүлэн зарцуулах зориулалт бүхий улсын төсвийн хөрөнгийг хэлнэ. Энэхүү төсвийг иргэд нээлттэй хэлэлцэж, оршин суугаа нутаг дэвсгэрээ тохижуулахад зарцуулах эрхтэй.

Г.  Иргэдийн бүлгээс гарсан санаачлагыг баг, хорооны иргэд нээлттэй хэлэлцэн олонхи нь дэмжиж байгаа тохиолдолд явган зам тавих, цэцэрлэгжүүлэх, далан байгуулах зэрэг тохижилтын бүхий л ажлыг иргэд өөрсөө хийж гүйцэтгэн орлоготой болох боломжтой.

Сангийн яам ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН САНД төвлөрүүлсэн хөрөнгөөс 2013 оноос эхлэн Аймаг, Нийслэлийн ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН руу хуваарилав. Аймаг, Нийслэл нь энэхүү хөрөнгөний 60-аас доошгүй хувийг Сум, Дүүргийн ОНХС руу хуваарилна.

АЙМАГ, НИЙСЛЭЛ НЬ ИЙНХҮҮ ШИЛЖҮҮЛЭХДЭЭ ДАРААХЬ ХҮЧИН ЗҮЙЛҮҮДИЙГ ХАРГАЛЗАН ҮЗДЭГ. Үүнд:

1. Орон нутгийн хөгжлийн индекс;

2. Хүн амын тоо;

3. Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ;

4. Орон нутгийн татварын идэвх санаачилга.   

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИНД зааснаар: Тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сантай байна.

ЗУРАГ: Төвлөрлийг сааруулах ба орон нутгийн хөгжил- Төсвийн төвлөрлийг сааруулсан газруудад орон нутгийн хөгжил нэмэгдэж, төр бүхнийг өөртөө төвлөрүүлсэн улс оронд хөгжил удааширдаг нь судалгаагаар тогтоогджээ.

                                                                                              ЭХ ҮҮСВЭР:

  
Орон нутгийн хөгжлийн сангийн гол эх үүсвэр нь улсын төсвөөс орох санхүүжилт байх тул улсын төсөвт орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж байгуулахаар хуульд тусгасан байдаг.

  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг

  • Аймаг, нийслэлд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгосон шилжүүлгийн 60-аас доошгүй хувь

  • Орон нутгийн хэмнэгдсэн төсөв (сумын орлого нь зарлагаасаа давсан бол энэхүү зөрүүг улсын төсөв рүү эргүүлэн татахгүй, харин ОНХС-ийн данс руу шилжүүлнэ)

  • Орон нутгийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх болон зарлагыг хэмнэх замаар бий болгосон нэмэгдэл эх үүсвэр /ДНБ-ний НӨАТ-ын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны 5 хувь зэрэг орлого/

  • Тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоод, гадаадын хандив, тусламж

ИЙМЭЭС ИРГЭД ТӨСВӨӨ ХЯНАЖ, НУТГИЙН ЗАХИРГАА ИРГЭДДЭЭ ТӨСВӨӨ ЮУНД ЗАРЦУУЛСАН, ТӨСВӨӨС ХИЧНЭЭН ТӨГРӨГ ХЭМНЭСЭН, ГАДААДЫН ХАНДИВ ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ИЛ ТОД МЭДЭЭЛЖ БАЙХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА.

/2014 онд УИХ-аар батлагдсан ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬТАЙ танилцана уу/

                                                                             

                                                                                   ХОРИГЛОХ ЗҮЙЛС:

  • Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ

  • Улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага

  • Үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны  зан үйлийн болон ёслолын зардал

  • Нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа

  • Зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах

  • ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН САНАЛЫГ АВААГҮЙ, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАЖ БАТЛААГҮЙ ЗАРДАЛ, АРГА ХЭМЖЭЭ

ИЙМД АЙМАГ, СУМ, БАГИЙН ИРГЭД ӨӨРИЙН АМЬДАРЧ БАЙГАА ОРЧИНОО САЙЖРУУЛАХАД ЗОРИУЛАГДАН ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ САНАЛАА НЭЭЛТТЭЙ ОРУУЛЖ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ.

                                                                                     ЗОРИУЛАЛТ:

Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн санал санаачлага дээр тулгуурлан хүрээлэн буй орчныг нь хөгжүүлэх.

ГЭВЧ ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХОМС БАЙГАА НЬ ӨӨРИЙН АМЬДАРЧ БАЙГАА ОРЧИНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛАА ШИЙДВЭРЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРГЭЖ БАЙНА.ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН НЬ АЙМАГ СУМДАД БАЙГАА ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХЭТ ИХ ЭРХ МЭДЛИЙГ ИРГЭДИЙН ГАРТ ШИЛЖҮҮЛЖ, ИНГЭСНЭЭР ТЭДНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТААТАЙ БОЛОМЖЫГ ОЛГОХ ЗОРИЛГОТОЙ. ИЙМЭЭС ТӨСВИЙГ ЗАРЦУУЛАХ АСУУДАЛ НЬ ТУХАЙН ОРОН НУТГИЙН ИРГЭД НИЙТИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРЭЭР БАТАЛГААЖИЖ ГАРАХ ЁСТОЙ.

                                                                           ОНХС-ИЙН ТӨЛӨВЛӨЛТ:

ОНХС-ийн төлөвлөлт, худалдан авалтын ажиллагааг дараахь хууль, журмуудаар зохицуулна. Үүнд:

  • МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 59, 60 -ДУГААР ЗҮЙЛ:  “Орон нутгийн хөгжлийн сан”-г бий болгов

  • Монгол Улсын Сангийн Сайдын 2012 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 19-ний өдөр батласан “ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЖУРАМ”

  • 2012 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-ны өдөр батлагдсан “ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ТӨЛӨВЛӨХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ”,

  • 2013 ОНЫ 2 ДУГААР САРЫН 21-ны өдөр батлагдсан “ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ, ЖИШИГ БИЧИГ БАРИМТ”-аар улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хуваарилагдах хөрөнгийг ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГАА ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ ХАМТЫН ШИЙДВЭРЭЭР ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХЯНАХ, ТАЙЛАГНАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН.

                                                                       ИРГЭДЭЭС ОНХС-Д САНАЛ АВАХ АРГУУД:

Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд санал асуулгын аргыг өргөн ашиглаж байна. Энэ аргачлалын дагуу дараа оны ОНХС-г төлөвлөх дараах үйл явц төслийн жилийн турш явагдана.
 

                                                                                ОНХС-ИЙН ЦАГАЛБАР:

                   

                                                                       ЗУРАГ: ОНХС-ийн төлөвлөлт

1-Р ҮЕ ШАТ: Баг, Хорооны айл өрх бүрт санал авах маягтыг 1–р улиралд багтаан хүргүүлнэ.

2-Р ҮЕ ШАТ: Иргэд өөрсдийн саналаа бүлгээрээ, гэр бүлээрээ, эсвэл Иргэний танхим, Иргэдийн нийтийн хурал зэрэг боломжийн аргаар хэлэлцэж гаргана.

3-Р ҮЕ ШАТ: Иргэдийн саналыг санал асуулгын хуудсаар, бүлгийн ярилцлагын хэлбэрээр, цахим хэлбэрээр цуглуулна.

4-Р ҮЕ ШАТ: Дээрх 3 аргаар цуглуулсан саналыг нэгтгэн дүгнэж ЖИЛ БҮРИЙН 2 ДУГААР УЛИРЛЫН ЭХНИЙ 30 ХОНОГТ БАГТААН ЗДТГ-т хүргүүлнэ.

5-Р ҮЕ ШАТ: Нэгтгэгдэн ирсэн иргэдийн саналд үндэслэн сум, дүүргийн ЗДТГ-т урьдчилсан жагсаалтыг бэлтгэнэ. Энэ үе шатанд:

  • Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөхөд төсөв, хөрөнгө оруулалт болон тухайн салбарыг хариуцсан мэргэжилтэнүүдийг оролцуулсан арга зүйн зөвлөмж өгч дүгнэлт гаргах үүрэг бүхий 7-оос доошгүй гишүүдээс бүрдэх ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар томилж ажиллуулна.
  • Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсэгтэй хамтран бүх баг хорооноос ирсэн ирүүлсэн саналуудыг нэгтгэн олонхийн санал авсан дарааллаар нь эрэмбэлж багцална.
  • Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд тусгах саналуудыг тусад нь эрэмбэлж баг тус бүрт нь хэлэлцүүлнэ.
     

                                                                        ИРГЭДИЙН САНАЛД ТАВИХ ШААРДЛАГА:

1. ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭС БИЙ БОЛОХ ҮР ӨГӨӨЖИЙГ ХЭН ХҮРТЭХ,

2. ХЭДЭН ХҮН АШИГ ХҮРТЭХ,

3. СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН АМЬДРАЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ,

4. ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ.
 

                                                                     ИРГЭДИЙН САНАЛЫН ЖАГСААЛТЫГ ХЭРХЭХ ВЭ?

ЗДТГ-аас нэгтгэн гаргасан жагсаалтыг тухайн шатны ИТХ-д өргөн мэдүүлнэ. Сум, дүүргийн ОНХС-ийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн жагсаалтаас шаардлагатай тохиолдолд:  

  • Аймаг, Нийслэлийн ОНХС-аас санхүүжилт хүссэн өндөр өртөгтэй саналуудыг
  • эсвэл Сум, Дүүргийн бие даан хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг санхүүжүүлэх хүсэлтийг Аймаг, Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.

                                                                                                    ИТХ нь:

  • Сум, Дүүргийн ИТХ нь баг, хорооны иргэдээс ирүүлсэн санал болох төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг хэлэлцэж, төсвийн төсөлд тусган, батална.
  • Хуулинд заасан хориглох заалтуудаас бусад хөтөлбөр, төсөл, арга хэмжээг батална.
     

                                                                               ИРГЭДИЙН АНХААРАХ ЗААЛТ:

  • БАГ ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭГДЭЭГҮЙ БОЛОН НЭГДСЭН ЖАГСААЛТАД ТУСГАГДААГҮЙ ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ.
  • ТУХАЙН ШАТНЫ ИТХ НЬ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХУРАЛДАНА.

 

                                                                  АЙМАГ НИЙСЛЭЛИЙН ОНХС-ИЙН ТӨСӨВЛӨЛТ:

  • Сум, Дүүргээс Аймаг, Нийслэлийн ОНХС-аас санхүүжилт хүссэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хүлээн авна.
  • Дээрх жагсаалтаас гадна тухайн аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөрт туссан үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг оруулан урьдчилсан жагсаалтыг бэлтгэнэ.
  • ТУХАЙН УРЬДЧИЛСАН ЖАГСААЛТЫГ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМААР НИЙТЭД ЗАР МЭДЭЭ ХҮРГЭСНИЙ ҮНДСЭН ДЭЭР НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
  • Аймаг, Нийслэлийн ОНХС-аар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг аймаг, нийслэлийн ажлын хэсгээр хэлэлцүүлсний үндсэн дээр бэлтгэнэ.
  • Аймаг, Нийслэлийн ажлын хэсэг нь Орон нутгийн хөгжлийн сангийн нэгдсэн жагсаалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал нэг бүрийг хэлэлцэж, зөвлөмж дүгнэлт гаргана.
  • Төслийн саналыг хэлэлцэхдээ дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд:

А. Орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулахыг хориглосон зүйлсийн жагсаалтад /Төсвийн тухай хуулийн 60.3/ ороогүй байх

Б. Төслийн төсвийн тооцоо үнэн бодитой эсэх,

В. Тухайн төслийн санхүүжилт хөрөнгийн өөр эх үүсвэртэй давхацсан эсэх,

Г. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг харгалзах,

Д. Бий болсон өмч, эсхүл үйлчилгээг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх боломжтой эсэх.

  • Аймаг, нийслэлийн засаг дарга ОНХС-аар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг аймаг, нийслэлийн тухайн жилийн төсвийн төсөлд тусган тухайн шатны ИТХ-д өргөн мэдүүлнэ.
  • ИТХ хуралдан батласнаар төлөвлөлтийн үе шатны нэг цикл дуусгавар болно.

 

                                                            ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХУДАЛДАН АВАЛТ

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах ажиллагаа зохион байгуулах үед захиалагч нь Засаг даргын Тамгын газар байна[1]. Аймаг, Нийслэл, Дүүргийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгжтэй байна.


                         

                                                                ЗУРАГ: Орон нутагт худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө

 

Ерөнхий төлөвлөгөөг эх үүсвэр буюу төсөв батлагдахаас өмнө төсвийн төслийн хамт боловсруулж, төсөв батлагдсанаас хойш 30 хоногийн дотор олон нийтэд мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй төлөвлөгөөг эх үүсвэр батлагдсаны дараа хэрэгжих хугацаа, дарааллын дагуу боловсруулна.

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн сайдын 2012 оны 12 сарын 12-ний өдрийн 264 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ын 1-р хавсралтын дагуу бэлтгэнэ.
 

                               

                                                     ХҮСНЭГТ: Худалдан авах ажиллагааг зохион байгуулах босго үнэ


Зохих босго үнээс давсан өртөгтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулна. Түүнчлэн олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг сонгосон бол заавал үнэлгээний хороо байгуулна.
 

                                                       ТАНАЙ СУМ, ДҮҮРГИЙН ХЭМНЭГДСЭН ТӨСӨВ ХААШАА ОРДОГ ВЭ?

ОНХС-ийн хөрөнгийг иргэд хянах эрх ба үүрэгтэй.Учир нь ОНХС-ийн хөрөнгийг арвижуулах эсэх нь тухайн сум, дүүрэг татвар хураамжийн зөв санаачлагууд гаргаж сан хөмрөгөө арвижулж чадсан эсэх, тухайн жил сум, дүүргийнхээ төсвийг хэмнэж чадсан эсэхтэй шууд холбоотой байдаг.

Иймээс Иргэн Та танай сум, дүүрэг энэ жил хичнээн төгрөг хэмнэж чадав гэдгийг байнга хянаж байгаарай.Энэхүү хэмнэгдсэн төсөв танай ОНХС-ын данс руу орно.

ОНХС-ийн хөрөнгөө ариг гамтай зөв зүйлд зарцуулж, арвижуулж чадвал Танай сум, дүүрэг, баг, хороонд дараагийн жилд нь илүү сайхан зүйлсийг хийх боломжтой болно.Иргэн Та төсөв хөрөнгөө сайн хянаж байгаарай.

ОНХС-ийн хөрөнгийг тухайн жилд нь бүрэн зарцуулаагүй, хэмнэсэн бол үлдэгдэл мөнгийг улсын төсөв рүү татаж авдаггүй.ОНХС-ийн хөрөнгө нь Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн нэрийн дансанд хадгалагдаж байна.

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ: Танай сум, дүүргийн хэмнэгдсэн төсөв, татвар хураамжийн тодорхой хэсэг ОНХС –ийн данс руу чинь орох болно.

Улмаар ТАНЫ оршин суугаа Баг, Хороо өөрийн хөгжлийн сантай болох боломж нээгдэж байна.
 

                                                                           ОНХС-ААС ХЭН АШИГ ХҮРТЭХ ВЭ?

ОНХС-ийн хөрөнгө нь иргэдийг орлогын эх үүсвэртэй болгох боломжийг нээж өгч байна. Иргэд ОНХС-ийн төсвийг нээлттэй хэлэлцэж, иргэдийн бүлэг байгуулан нийтийн эзэмшлийн зам талбайгаа янзлах, гудамжаа цэцэрлэгжүүлэх, үерийн далан янзлах, хог хаягдлаа цэгцлэх, худаг гаргах, бэлчээрийн талбай болон булаг шандны эхийг хаших зэргээр өөрсдийн хүчрэх ажлуудыг хийж гүйцэтгэн цалин хөлсөө авч болно.

- Иргэдийн хүчрэхгүй ажлыг аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх эсэхийг ИРГЭД ӨӨРСДӨӨ хэлэлцэх
- Аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах журмаа ил тод нээлттэй хэлэлцэх, ИНХ-аар батлуулах

 

                                                                                       ХАРИУЦЛАГА

А. Засаг дарга иргэд олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй. ОНХС-ийн төсөв, санал авах, иргэдээр хэлэлцүүлэх хугацаа болон сум, дүүргийн ИТХ-аар хэлэлцэх хугацааг зарлах үүрэгтэй.

Б. Сангийн яамнаас 21 аймаг, 330 гаруй сум, нийслэл, дүүргүүдийн төрийн сангийн мэргэжилтнүүдэд сургалт явуулсан. Хэрвээ мэдээллээ явуулахгүй, үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол иргэд аймаг, дүүргийнхээ хяналт шалгалтын байгууллагад хандаж болно.Тэгээд хариуцлага алдсан албан ту¬шаалтан хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг.

В. Тухайн орон нутгийн төсвийг ерөнхийлөн захирагч буюу Засаг дарга нь төсөл хөтөлбөрөө эхлүүлэхийн тулд Орон нутгийн нэгдсэн сангийн мэдээллийн систем рүү заа¬вал мэдээллээ оруулсан байх шаард¬лагатай. Тэр нь Сангийн яамны Төрийн сангийн төлбөр тооцооны программтай холбогдсон учраас мэдээлэл оруулаагүй тохиолдолд мөнгийг нь шилжүүлэхгүй гэсэн зарчим үйлчилнэ.

Мөн аль аймаг, сум, дүүрэг оруулсан байна, худлаа байна уу, үгүй юу гэдгийг Сангийн яамнаас хянах бүрэн боломжтой.Жишээ нь Төрийн сангаас нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд нэг тэрбум төгрөг шилжүүллээ.Тэд Сүхбаатар дүүрэгт 700 сая төгрөгөөр нэг сургууль барилаа гэж бодоход үлдэгдэл нь Төрийн сангийн төлбөр тооцооны программ дээр байна гэсэн үг.Ингээд орон нутгийнхны гаргасан тайлантай үлдэгдэл нь хэрхэн таарч байна вэ гэдгийг бид хянах боломжтой.

Г. Төсвийн тухай хуулийн 56.3.3-т заасны дагуу ОНХС-г нээлттэй хэлэлцүүлээгүй нөхцөлд иргэд СЯ, аудитын байгууллагад албан ёсоор хандаж сум, дүүргийн ОНХС-ийн шилжүүлгийг түр зогсоолгох эрхтэй.

                                                          ИРГЭДЭЭС ИРДЭГ ТҮГЭЭМЭЛ САНАЛ, ГОМДОЛ, АСУУЛТУУД

  • Иргэдийн эрэмбэлсэн санал нь тухайн сум, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөртэй нийцэхгүй байна хэмээн “унадаг”, хувийн компанийх нь үйл ажиллагаанд нийцэж байвал дэмжигддэг
  • “Иргэдийн бүлэг” байгуулж төсөл хэрэгжүүлэх гэхэд “Иргэдийн бүлэг чинь эрх зүйн чадамжгүй” хэмээн буцаадаг
  • Иргэдийн бүлэг 20 сая хүртэл ажил гүйцэтгэх боломжтой хэмээгээд уг төслийн төсвийг 25 сая төгрөг болгон үнэлж шууд тендер зарладаг
  • Тендер авсан компани нь иргэдээр ажил хийлгээд цалин хөлсийг нь өгөхгүй явчихдаг
  • Иргэдийн өгсөн саналыг ИТХ-аар утга агуулгыг нь өөрчилж, өөрсдөд ашигтай санал болгон хувиргадаг...
  • ОНХС-ийн хөрөнгийг энэ жилд зарцуулахгүй бол улсын төсөв рүү эргүүлж татах гээд байна хэмээн өөрсдийн саналыг яаравчлан гар өргүүлж баталдаг
  • Сургуулийн хуучин автобусыг 70 саяар, хуучин машин техникийг ОНХС-ийн хөрөнгөөр авахаар шийдвэр гаргасан байсан...
  • Хуучин барьж байгаад хаягдсан барилгыг, мөн өмнөх жил нь хийсэн дээврийн засварыг ОНХС-ийн хөрөнгөөр шинээр хийсэн мэтээр тайлан гаргасан байсан...
  • Эмнэлгийн асуудал ярихаар эмнэлгийн ажилчдыг олноор нь оруулж суулгаад гар өргүүлдэг. Эсэргүүцэхээр “эмнэлгийн ажилчид тэгээд иргэд биш хэрэг үү” хэмээн ам тагладаг...

 ӨРӨӨР ХЭЛБЭЛ:   2013 ОНД ТҮГЭЭМЭЛ ТОХИОЛДСОН ЗӨРЧЛҮҮД.

 

ХАРИУЦЛАГА хэсгээс уншаад ИРГЭН ТА аудитын газарт хандах эрхтэй.

МӨН ЭДГЭЭР ЗӨРЧЛҮҮДИЙГ ГАЗАР АВАХУУЛАХГҮЙ БАЙХ, БУСАД АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ, ОНХС-ИЙН ХӨРӨНГИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ЗӨВ ЗОХИСТОЙ ЗАРЦУУЛАХ ҮҮДНЭЭС ОНХС-ИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРМЫГ ИРГЭДЭЭРЭЭ АХИН ХЭЛЭЛЦҮҮЛЖ ШИНЭЧЛЭН ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%