Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НОМЫН САНГИЙН ТУХАЙ

2015-04-21

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр        Төрийн ордон, Улаанбаатар хот

НОМЫН САНГИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь номын сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, номын сангийн төрөл, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлж, уншигчийн эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Номын сангийн тухай хууль тогтоомж
2.1.Номын сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“номын сан” гэж уншигчид тодорхой хугацаанд ашиглуулах зориулалттай сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, нэгжийг;
3.1.2.“номын сангийн үйл ажиллагаа” гэж уншигчид ном, ном зүйн мэдээллийн үйлчилгээг хүргэх болон номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын үйл ажиллагааг;
3.1.3.“сан хөмрөг” гэж уншигчийн эрэлт, хэрэгцээг хангах зорилгоор бүрдүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүн болон мэдээллийн бусад эх сурвалжийн хадгаламжийг;
3.1.4.“цахим уншлагын үйлчилгээ” гэж уншигч цахим сүлжээг ашиглан эх сурвалжийг ашиглах үйлчилгээг;
3.1.5.“номын татгалзал” гэж номын сангийн сан хөмрөгт байхгүй, эсхүл уншлагад хүрэлцдэггүйгээс уншигчийн хүсэлтэд удаа дараа татгалзсан хариу өгсөн номын бүртгэлийг;
3.1.6.“уншигч” гэж номын сангийн үйлчилгээг хүртэгч иргэн, хуулийн этгээдийг;
3.1.7.“тусгай бүлгийн уншигч” гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй иргэнийг;
3.1.8.“хэвлэн нийтлэлийн мэдээ” гэж тухайн хэвлэлийн бүтээгдэхүүнийг эрхлэн гаргасан байгууллага, зохиогч, гаралтын болон тооны мэдээ, олон улсын стандартын дугаар бүхий мэдээллийг.
4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Энэ хууль номын санд өмчийн хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр адил тэгш үйлчилнэ.


ХОЁРДУГААР БҮЛЭГ
НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭД,
ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
5 дугаар зүйл.Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг үүсгэн байгуулах, татан буулгах
5.1.Номын сангийн үйл ажиллагааг номын сангийн орчны стандартыг хангасан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага, иргэн эрхэлж болно.
5.2.Төрийн өмчийн номын санг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулна.
5.3.Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг нийтийн номын санг татан буулгах, хувьчлахгүй байх зарчмыг баримтална.
5.4.Энэ хуулийн 5.3-т зааснаас бусад эх үүсвэрээс санхүүждэг номын сан үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоох тохиолдолд сан хөмрөгийг өмчлөгчийн саналыг харгалзан аль нэгэн нийтийн номын санд шилжүүлж болно.
5.5.Номын сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах, хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн дэмжлэгийг авах, тэдний зүгээс номын сангийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор соёл, боловсрол, хүүхэд, залуучуудын болон олон нийтийн байгууллага, иргэдийн төлөөлөл бүхий орон тооны бус номын сангийн зөвлөл ажиллуулж болно.
6 дугаар зүйл.Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн эрх, үүрэг
6.1.Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах эрхтэй байна:
6.1.1.соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан номын сангийн үлгэрчилсэн дүрмийг үндэслэн үйлчилгээний журмыг батлах;
6.1.2.дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрт хамрагдах, бусад байгууллагатай мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллах;
6.1.3.уншигчийн номын санд учруулсан хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх.
6.2.Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах үүрэгтэй байна:
6.2.1.стандартад нийцсэн орчин нөхцөлд зохих үйлчилгээг уншигчид үзүүлэх;
6.2.2.уншигчид уншлагын үйлчилгээг зохих журмын дагуу хүргэх;
6.2.3.номын сангийн сан хөмрөгийн бүрэн бүтэн байдлыг хангах;
6.2.4.номын сангийн сан хөмрөгийн эргэлтэд байнга судалгаа хийж, бүрдүүлэлтийн чанарыг сайжруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
6.2.5.Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах судар болон хуучин ном, гар бичмэлийг сурвалжлан олох, нөхөн бүрдүүлэх, олон нийтэд сурталчлах, хадгалах, хамгаалах хэвийн нөхцөлийг хангаж ажиллах;
6.2.6.номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулах, үйл ажиллагаандаа орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, цахим мэдээллийн санг бий болгох;
6.2.7.номын сангийн үйл ажиллагааны тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад үнэн зөв гаргаж өгөх;
6.2.8.дотоод, гадаадын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах.


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
7 дугаар зүйл.Үндэсний номын сангийн эрх зүйн байдал
7.1.Монгол Улсын Үндэсний номын сан /цаашид “Үндэсний номын сан” гэх/ нь монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий байгууллага байна.
7.2.Үндэсний номын сан нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
7.3.Үндэсний номын сан нь өөрийн билэгдэлтэй байж болно.
7.4.Үндэсний номын сан нь эртний гар бичмэл, ном, судар, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах үндэсний хэмжээний төв лабораторитой байж болно.
7.5.Үндэсний номын сангийн сан хөмрөг төрийн хамгаалалтад байна.
7.6.Үндэсний номын сан нь бусад номын санг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
8 дугаар зүйл.Үндэсний номын сангийн зөвлөл
8.1.Үндэсний номын сангийн дэргэд орон тооны бус Эрдмийн зөвлөл болон Мэргэжлийн зөвлөл ажиллах бөгөөд Эрдмийн зөвлөл болон Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.2.Эрдмийн зөвлөл нь салбарын эрдэм шинжилгээ-судалгааны ажлын чиглэлийг тогтоох, эртний ном судар, гар бичмэлийг судалгааны эргэлтэд оруулах, номын сан-ном зүй судлал, арга зүйн чиглэлээр зөвлөгөө өгч ажиллана.
8.3.Мэргэжлийн зөвлөл нь мэргэжлийн гарын авлага, ном, сурах бичигт дүгнэлт өгөх, уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах, номын сангийн ном бүрдүүлэлтэд дүн шинжилгээ хийх, уншигчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн баяжилт хийх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх талаар төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний номын сангийн удирдлагад санал оруулна.
9 дүгээр зүйл.Үндэсний номын сангийн үүрэг
9.1.Үндэсний номын сан энэ хуулийн 7.1-д зааснаас гадна үндэсний ном зүйн нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажлыг зохион байгуулах, бусад номын санг эрдэм шинжилгээ-судалгаа, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах ажлыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
9.2.Үндэсний ном зүйн нэгдсэн санг зохион байгуулах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.2.1.ном зүйн нэгдсэн лавлагаа, мэдээллийн санг цаасан ба цахим хэлбэрээр бүрдүүлж, бусад номын сангийн сан хөмрөгийн мэдээллийг хадгалах;
9.2.2.ном зүйн мэдээллийн сан хөмрөг бий болгох зорилгоор уншлага үйлчилгээнд ашиглуулахгүйгээр зайлшгүй хадгалах шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүний архивын сан хөмрөг бүрдүүлэх.
9.3.Эрдэм шинжилгээ-судалгаа, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.3.1.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн дагуу эрдэм шинжилгээ-судалгааны ажлыг гүйцэтгэх;
9.3.2.ном зүйн мэдээллийн хэрэглэгдэхүүн бэлтгэх, улсын нэгдсэн каталоги, үндэсний ном зүйг эрхлэн гаргах;
9.3.3.нийгэмд номын сангийн гүйцэтгэх үүрэг, ном хэвлэлийн ач холбогдлыг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах;
9.3.4.гадаад, дотоодын номын сан, ном хэвлэлийн байгууллагатай хамтран ажиллах;
9.3.5.бүх төрлийн номын сангийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх.
9.4.Ганц хувь бүтээл, гар бичмэл, барын ном, судрын хадгалалт, хамгаалалтын ажлыг зохион байгуулах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.4.1.түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах ном, судрыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгүүлж, хамгаалах;
9.4.2.энэ хуулийн 9.4.1-д зааснаас бусад гар бичмэл, ном, судар, бусад зүйлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу хадгалах, хамгаалах, ашиглах;
9.4.3.шаардлагатай бол орон нутагт номын сангийн стандартын шаардлага хангаагүй орчинд хадгалагдаж байгаа ганц хувь бүтээл, ном, гар бичмэл, барын ном, судар, бусад зүйлийг эзэмшигч байгууллагын хүсэлтээр хадгалах.
9.5.Үндэсний номын сан нь бусад номын санд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор жил бүр номын санчийн гарын авлага бэлтгэн гаргаж, гурав хүртэлх хувийг үнэ төлбөргүй түгээнэ.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НОМЫН САНГИЙН ТӨРӨЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ЭРХ, ҮҮРЭГ
10 дугаар зүйл.Номын сангийн төрөл
10.1.Номын сан нийтийн, сургалтын, эрдэм шинжилгээний болон бусад төрөлтэй байна.
10.2.Нийтийн номын сан нийгмийн бүх гишүүнд үйлчилгээ үзүүлнэ.
10.3.Бүх шатны боловсролын байгууллага сургалтын номын сантай байх бөгөөд сургалтын номын сан нь багш, суралцагчийн сурч, хөгжих үйл явцыг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ үзүүлнэ.
10.4.Эрдэм шинжилгээний номын сан судалгаа шинжилгээ, мэдээллийн түшиц газар байж, судалгаа шинжилгээний үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий үйлчилгээ үзүүлнэ.
11 дүгээр зүйл.Номын сангийн үйлчилгээ
11.1.Номын сангийн үйлчилгээ нь үндсэн ба нэмэлт үйлчилгээнээс бүрдэнэ.
11.2.Номын сан нь уншигчид дараах хэлбэрээр үйлчилгээ үзүүлнэ:
11.2.1.уншлагын танхимын үйлчилгээ;
11.2.2.гэрээр ном олгох үйлчилгээ;
11.2.3.зөөврийн номын сангийн үйлчилгээ;
11.2.4.цахим уншлагын үйлчилгээ;
11.2.5.ном зүйн үйлчилгээ;
11.2.6.тусгай бүлгийн уншигчийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ;
11.2.7.бусад.
11.3.Номын сангийн үндсэн үйлчилгээ нь энэ хуулийн 11.2.1-д заасан үйлчилгээ байна.
12 дугаар зүйл.Зөөврийн номын сангийн үйлчилгээ
12.1.Номын сан нь алслагдсан нутаг дэвсгэрийн иргэдэд соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх журмын дагуу зөөврийн номын сангийн үйлчилгээг үзүүлнэ.
12.2.Номын сан нь сан хөмрөгтөө хадгалагдаж байгаа ном, хэвлэлийн нэгдсэн жагсаалтыг орон нутгийн засаг захиргааны нэгж, байгууллагад хүргүүлэн уншигчаас шаардлагатай судалгаа, захиалгыг авсны үндсэн дээр үйлчилнэ.
12.3.Зөөврийн номын сангийн үйлчилгээ болон гэрээр ном олгох үйлчилгээгээр үнэт ховор ном, лавлах материал, гурав хүртэлх хувьтай ном, тогтмол хэвлэлийг олгохгүй.
13 дугаар зүйл.Цахим уншлагын үйлчилгээ
13.1.Цахим уншлагын үйлчилгээ үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13.2.Номын сан нь зохиогчийн эрх эзэмшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өөрийн сан хөмрөгт байгаа ном хэвлэлийг бүрэн болон хэсэгчлэн цахим хэлбэрт оруулж цахим уншлагын үйлчилгээг үзүүлнэ.
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан шаардлага нь зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх хуульд заасан үндэслэлээр төрд шилжсэн ном хэвлэлийг улсын болон орон нутгийн номын сан цахим хэлбэрт шилжүүлэн цахим уншлагын үйлчилгээ үзүүлэхэд хамаарахгүй.
14 дүгээр зүйл.Номын сангийн уншигчийн эрх, үүрэг
14.1.Уншигч нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэл, зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлээс бусад хэвлэлийн бүтээгдэхүүнийг чөлөөтэй ашиглана.
14.2.Энэ хуулийн 14.1-д заасан хэвлэлийн бүтээгдэхүүнийг ашиглах асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
14.3.Уншигч дараах эрх, үүрэгтэй:
14.3.1.төрийн болон орон нутгийн өмчийн номын сангийн үндсэн үйлчилгээг үнэ төлбөргүй авах;
14.3.2.стандартад нийцсэн орчин нөхцөлд зохих үйлчилгээг авах;
14.3.3.номын сан хоорондын солилцоогоор ном болон түүний хуулбараар үйлчлүүлэх;
14.3.4.уншигчийн эрх зөрчигдвөл холбогдох байгууллагад гомдол гаргах;
14.3.5.номын сангаас зохиож байгаа соёл, олон нийтийн ажилд оролцох, номын сангийн үйлчилгээний талаар санал оруулах;
14.3.6.ном, хэвлэлийг гэмтээж, үрэгдүүлбэл соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журмын дагуу хохирлыг нөхөн төлөх;
14.3.7.номын сангийн үйл ажиллагаанд номын сангийн зөвлөл, холбоогоор дамжуулан оролцох;
14.3.8.номын сангийн дүрэм, журмыг сахиж мөрдөх;
14.3.9.ганцаарчилсан болон бүлгээр ажиллах боломжоор хангагдах.
15 дугаар зүйл.Тусгай бүлгийн уншигчийн эрх, үүрэг
15.1.Тусгай бүлгийн уншигч энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараах эрхтэй:
15.1.1.харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэн тусгай форматад хөрвүүлсэн брайлын, сонсдог ном хэвлэлээр үйлчлүүлэх;
15.1.2.номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй өндөр настай, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээр ном олгох үйлчилгээг авах;
15.1.3.цэргийн анги, асрамжийн газар, хорих байгууллага номын сангийн үндсэн болон зөөврийн номын сангийн үйлчилгээ авах.


ТАВДУГААР БҮЛЭГ
НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГ
16 дугаар зүйл.Номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт
16.1.Номын сангийн сан хөмрөг нь хэвлэн нийтлэлийн мэдээг бүрэн агуулсан хэвлэмэл болон хэвлэмэл бус хэвлэлийн бүтээгдэхүүнээс бүрдэнэ.
16.2.Номын сан нь сан хөмрөгийг доор дурдсанаар бүрдүүлнэ:
16.2.1.заавал авах хувь;
16.2.2.худалдан авах;
16.2.3.нөхөн бүрдүүлэх;
16.2.4.ном солилцох;
16.2.5.хандив, тусламж;
16.2.6.өв залгамжлал;
16.2.7.бусад.
17 дугаар зүйл.Номын сангийн заавал авах хувь
17.1.Оюуны бүтээлийн архив, үндэсний хэмжээний ном хэвлэлийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор захиалагч болон зохиогч нь доор дурдсан хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэвлэгдэн гарснаас хойш 30 хоногийн дотор номын санд тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр хүлээлгэж өгнө:
17.1.1.улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүнээс таван ширхгийг, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлээс хоёр хүртэл ширхгийг, Монгол Улсын соёлын өвд хамаарах зүйлийн талаарх судалгааны бүтээлийг санхүүжилтын эх үүсвэр, хэвлэгдсэн хэл, газрыг харгалзахгүйгээр хоёр хүртэл ширхгийг тус тус Монгол Улсын Үндэсний номын санд;
17.1.2.орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрээс гурван ширхгийг орон нутгийн номын санд.
17.2.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүнийг эрхлэн гаргасан байгууллага, иргэн нь хэвлүүлснээс хойш нэг сарын дотор энэ хуулийн 17.1-д заасан номын санд шилжүүлнэ.
17.3.Хүүхдэд зориулсан хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрээс хоёр ширхгийг Хүүхдийн төв номын санд авч болно.
18 дугаар зүйл.Худалдан авах
18.1.Улсын болон орон нутгийн номын сан нь тухайн жилд зайлшгүй худалдан авах шаардлагатай номын жагсаалтыг үндэслэн төсөвт өртөгтөө багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулна.
18.2.Хэвлэлийн бүтээгдэхүүний үндэсний сан хөмрөг бүрдүүлэх зорилгоор баримтат өвийн зайлшгүй хадгалах сан хөмрөгийг Үндэсний номын санд бүрдүүлж байршуулах бөгөөд үндэсний сан хөмрөг бүрдүүлэхэд энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаас бусад хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрээс хоёр ширхгийг авна. Зохиогч хүсэлт гаргасан тохиолдолд хоёр ширхгийг хэвлэлтийн өртгөөр нь худалдан авахад шаардагдах зардлыг төр хариуцна.
18.3.Сургууль, цэцэрлэгийн сургалтын номын сан нь хүүхдийн хөгжил, төлөвшил, сэтгэхүйн онцлогт нийцсэн байдлыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жагсаалтыг үндэслэн худалдан авах ажлыг зохион байгуулна.
18.4.Энэ хуулийн 18.1-д заасан жагсаалтыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн номын татгалзлал, номын борлуулалтын судалгаа, Үндэсний номын сангийн Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт болон цахим санал асуулгын дүнг үндэслэн улирал бүр батална.
18.5.Дайн, түрэмгийлэл, садар самууныг сурталчилсан хэвлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг хориглоно.
18.6.Номын сан нь энэ хуулийн 18.1, 18.5-д зааснаас бусад ном, хэвлэлийг чөлөөтэй сонгож авна.
19 дүгээр зүйл.Номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого
19.1.Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ном хэвлэлийн тооллого хийх хугацааг номын сангийн төрөл, сан хөмрөгийн хэмжээ, зориулалтаас хамааран тогтооно.
19.2.Номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20 дугаар зүйл.Номын сангийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт
20.1.Номын сангийн сан хөмрөгийг стандартын шаардлага хангасан зориулалтын байранд хадгална.
20.2.Түүх, соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах болон ганц хувь бүтээлийг цахим хэлбэрт оруулж баримтын хамгаалалтын хувь хийж, эх баримтаас тусад нь хадгална.
20.3.Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэлийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгүүлж, хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг хангасан байх бөгөөд энэхүү шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд Үндэсний номын санд нэн даруй шилжүүлэн хадгалуулж, хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг бүрдүүлсний дараа буцаан шилжүүлнэ.
20.4.Номын сангийн сан хөмрөг нь байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул, үймээн самуун, гэмт халдлагын үед устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс хамгаалагдсан байна.
20.5.Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.
20.6.Номын сан нь байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед ажиллах төлөвлөгөөтэй байна.
20.7.Номын сангийн сан хөмрөгийг даатгуулж болно.
21 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах
21.1.Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэлийг цахим болон хуулбар хэлбэрээр уншуулна.
21.2.Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэлийн эх хувийг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах тохиолдолд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр сонирхогч этгээдтэй гэрээ байгуулан ашиглуулна.
22 дугаар зүйл.Сэргээн засварлах, нөхөн бүрдүүлэх
22.1.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь номын сангийн саналыг харгалзан нэн яаралтай хамгаалалтад авах шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүний жагсаалтыг батлах ба жагсаалтаар батлагдсан хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах, хэвлэх зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. Үндэсний судлаачдын судлаагүй хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах, хэвлүүлэх зөвшөөрлийг гадаадын байгууллага, иргэнд олгохгүй.
22.2.Номын сангийн сан хөмрөгт байхгүй, түүх болон судалгаа, шинжилгээний ач холбогдол бүхий ном, судрыг нөхөн бүрдүүлнэ. Нөхөн бүрдүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
НОМЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТ, ДЭМЖЛЭГ
23 дугаар зүйл.Номын сангийн санхүүжилт
23.1.Номын сангийн санхүүжилт нь улсын төсвийн болон гадаад, дотоодын байгууллага, иргэний хандив, тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого зэргээс бүрдэнэ.
23.2.Төрийн болон орон нутгийн өмчийн номын сангийн орчны стандартыг хангах, сан хөмрөгийн бүрдүүлэлтэд шаардагдах төсвийг төр хариуцна. Тусгай бүлгийн уншигчид зориулсан номын сангийн үйлчилгээнд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
23.3.Номын сан өөрийн үйл ажиллагааны орлоготой холбоотой хэвлэх цех, дэлгүүр ажиллуулж болох бөгөөд өөрийн үйл ажиллагааны орлогыг захиран зарцуулна.
24 дүгээр зүйл.Номын сангийн үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг
24.1.Засгийн газар гадаадын номын санд хадгалагдаж байгаа монголын түүхэнд холбогдох ном, гар бичмэл болон түүний хуулбарыг Монгол Улсад авчрах арга хэмжээг зохион байгуулна.
24.2.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, уншлагыг дэмжих журам боловсруулан хэрэгжүүлэх, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл, байгууллагыг сурталчилна.
24.3.Хувийн номын сангийн сан хөмрөгт чухал ач холбогдол бүхий ганц хувь бүтээл байгаа тохиолдолд тухайн номын санд дэмжлэг үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
24.4.Засаг дарга нь тухайн орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах, орон нутгийн иргэнийг номын сангийн үйлчилгээнд өргөн хамруулах арга хэмжээг зохион байгуулна.
25 дугаар зүйл.Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх
25.1.Номын сан нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах тохиолдолд төлбөртэй үйлчилгээ үзүүлж болно:
25.1.1.нэмэлт үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд;
25.1.2.гэрээний үндсэн дээр тодорхой нэг салбарын мэдээллийн үйлчилгээ үзүүлэх.
25.2.Улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.


ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД
26 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
26.1.Номын сангийн хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, улсын байцаагч иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
26.2.Номын заавал авах хувийг шилжүүлэх үүрэг бүхий этгээд зохих журмын дагуу номыг хүлээлгэн өгөөгүй бол зардлыг буруутай этгээдээр төлүүлж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД