Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод суугаа Консултай уулзалт хийлээ

2015-05-21

       Өнгөрөгч лхагва гарагт аймгийн удирдлагууд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО­­-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт суугаа Консултай уулзалт хийлээ. Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон уулзалтад аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, ИТХ-ын Гадаад харилцаа аялал жуулчлалын бодлогын хорооны гишүүд, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч, холбогдох хэлтэс агентлагуудын дарга,  Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО­­-ны Хөлөнбуйр хотод суугаа Консул Д.Ганболд, Дэд консул Д.Ганбаяр нар оролцлоо. Уулзалтын үеэр хоёр орны хөрш аймаг, хотын хамтын ажиллагааны хүрээнд олон чухал асуудлуудыг шийдэх боломжтой талаар ярилцав. Тухайлбал автомашинтайгаа хил нэвтрэх, цааш зорчих, хорио цээрийн хязгаартай бараа бүтээгдэхүүн, түүхий эд нэвтрүүлэх тухай, Халхгол суманд чөлөөт бүс байгуулах асуудал шийдэгдэх шатандаа явж байгаа үүнийг дагаад аялал, жуулчлалыг хөгжүүлэх, БНХАУ-ын зүүн гурван мужтай харилцаа холбоо тогтоох зэрэг асуудлуудыг орон нутгийн зүгээс хөндлөө. Хөлөнбуйр хотын Консулын газраас холбогдох бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Манай аймгаас Хайлаар хотод тэтгэлэгт хамруулан оюутан сургадаг. Гэтэл суралцаж буй оюутнуудын амьдрах орчин нөхцөл муу тул суралцаж чадалгүй буцаж ирэх тохиолдлууд гарах болжээ. Энэ тал дээр анхаарах, Хайлаар хот төдийгүй  цаашлаад БНХАУ-ын зүүн 3 мужид оюутан сургах, орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусламж хүсэх, эко хот болох үүднээс ногоон байгууламжийн талаар туршлага судлах, Хавиргын боомтын өнгө зүсийг сайжруулахад хөрөнгө оруулах боломж зэрэг хүсэлтүүдийг уулзалтад оролцогчид тавьж байлаа. Консулын газрынхан санал хүсэлтүүдийг хүлээн авч, Хятадын талын холбогдох газруудад уламжилж өгөхөө амлав.


Хөрш аймгийн зүгээс 9 дүгээр сард Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулах, 7 дугаар сард  Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах талаар тус хотод суугаа Консул мэдээлэл өглөө.
“Хөрш орон хөгжиж байж бид мөн хөгжинө”  хэмээн БНХАУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байдаг. Энэ ч үүднээс  Хятадын талаас манай аймагт аялал жуулчлал болон жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой байгууллагууд их байдаг ч эрсдэлээс айдаг талаар Консулын газрын Дэд консул Д.Ганбаяр ярьж байлаа.
Мөн тэрээр: "Одоогийн байдлаар Хавирга-Архашаат, Өвдөг-Баянхошуу боомтууд байнгын ажиллагаатай байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн 2015 оны тухайд ойлголт. Харин 2016 онд хэрхэх нь тодорхойгүй байгаа" хэмээн онцлов.
Боомтууд байнгын ажиллагаатай болсноор иргэдийн зорчих хөдөлгөөн ихээр нэмэгдсэн. МУ-ын Иргэд Хятад улсын Хуулийн талаар мэдлэг, мэдээлэлгүйгээс болж хилээр зөвшөөрөгдөөгүй хориотой бараа авч нэвтрэх тохиолдлууд гарах болжээ. Монгол Улсын хилээр элдэж боловсруулсан буюу бэлэг дурсгалын зориулалтаар чонын арьс гаргахыг зөвшөөрдөг бол Хятад улсын хилээр үүнийг зөвшөөрдөггүй бөгөөд баригдсан тохиолдолд 3-5 жилийн хорих ял оноодог байна. Саяхан гэхэд Монгол Улсын 3 иргэн Өвдөг-Баянхошуу хилийн боомтоор 9 ширхэг чонын арьс гаргах гэж байгаад баригдан Хятадын шоронд хоригджээ. Хайлаар дахь Консулын газраас энэ талаар хөөцөлдөн одоогийн байдлаар 1 иргэнийг суллуулан нутаг буцаагаад байгаа аж. Энэ мэтчилэн тухайн улсад аюулгүй зорчих үүднээс иргэдийг мэдлэг мэдээллээр хангах нь чухал юм.

Уулзалтын төгсгөлд орон нутгийн удирдлагууд Хайлаарын Консулын газрынхны хамтаар дурсгалын зураг татуулав. Энэ удаагийн уулзалтыг цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн уулзалтад оролцогчид үзэж байлаа.









/Д.Ганболд. Монгол Улсаас БНХАУ-ын Хөлөнбуйр хотод суугаа Консул/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%