Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Засаг дарга Жаргалсайхан
1. Анхан, дунд шатны “Давхар дээл”-ийг тайлъя.
УИХ, Засгийн газрын гишүүний “давхар дээл”-ийг тайлах асуудал нэлээд яригдаж байгаа. Тэгвэл анхан, дунд шатанд ч “давхар дээлтнүүд” бас байна.
Жишээ татъя. Чингэлтэй дүүргийн ИТХ 35 төлөөлөгчтэй. Үүнээс 3 төлөөлөгч нь дүүргийн Засаг даргын орлогч, 8 төлөөлөгч нь хорооны Засаг дарга, бас 3 төлөөлөгч нь дүүргийн Засаг даргын дэргэдэх ОНӨҮГ буюу Бизнес инкубатор төвд алба хашдаг. Ингээд нутгийн өөрөө удирдах байгууллага буюу хурлын 14 төлөөлөгч төрийн удирдлагыг хэрэгжүүлэх Засаг даргын харъяанд давхар ажиллаж байгаа юм.
Дүүргийн Засаг даргын орлогч, хорооны Засаг дарга бол улс төрийн албан тушаал. ОНӨҮГ бол төрийн захиргааны биш үйлчилгээний алба тул дээрх албан тушаалуудыг хурлын төлөөлөгч буюу улс төрийн албан тушаалтан хавсран хашиж болно гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл хууль зөрчөөгүй гэж тайлбарладаг.
Дүүргийн Засаг даргын дээрх 3 орлогч дарга, хорооны 1 Засаг дарга нь ИТХ-ын тэргүүлэгч бөгөөд 2014 оны эхний 6 сарын байдлаар Тэргүүлэгчдийн нийт 6 удаагийн хуралдаанаар Хурлын ажлын албанаас оруулсан 33, ЗДТГ-аас оруулсан 19, нийт 52 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тэгээд дүүргийн Засаг даргын орлогч, хорооны Засаг даргынхаа ажилд буцаж шилжин ороод ажиллаж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр Засаг даргаас өргөн барих асуудлыг хамтран боловсруулаад, хурлын тэргүүлэгчийн ажилдаа шилжин орж тэрийгээ батална. Дараа нь орлогч дарга, хорооны Засаг даргын ажилдаа буцаж ороод баталсан шийдвэрээ өөрөө хэрэгжүүлнэ гэсэн үг.
Мөн 8 хорооны Засаг дарга ИТХ-ын төлөөлөгчийн дүрд хувиран дүүргийн Засаг даргынхаа үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, орон нутгийн төсвийг хэлэлцэн баталж, дүүргийн Засаг даргадаа үүрэг чиглэл өгчихөөд, дараа нь хорооны Засаг даргын дүрд хувиран дээрх дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх үүргийг дүүргийн Засаг даргын өмнө хүлээж байна. Хорооны Засаг дарга, дүүргийн орлогч дарга нь дүүргийн Засаг даргынхаа өмнө ажлаа хариуцчихаад дараа нь ИТХ-д орж өөрийнхөө ажилд үнэлэлт дүгнэлт өгөх болж байна. Ийм гулсдаг албан тушаалтнууд Үндсэн хуулийн 2 институцийн хооронд гулсан ажиллаж байна.
Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах бус холилдох ёс болгосны жишээ юм. Орон нутгийн хяналтыг сулруулдаг, хурал, засаг даргын байгууллага хоёр тохиролцож удирдлагыг хэрэгжүүлэх тогтолцоог л бүрдүүлдэг.
Ийм байдлыг яаж засах вэ. Хуульд /ЗЗНДНТУТХ-д /13/ хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах асуудлыг хуульчилсан. Нас барсан,.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан,.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан, тухайн орон нутгаас шилжсэн гэсэн 5 үндэслэлийг заасан.
Дээрх холилдсон үзэгдлийг зогсоохын тулд “Гүйцэтгэн тайлагнадаг байгууллагад өөрийн хүсэлтээр ажил, албан тушаал эрхлэх болсон бол чөлөөлнө” гэсэн заалт нэмж хурлын төлөөлөгчөөс чөлөөлөх, эсхүл “ИТХ-ын төлөөлөгч нь тухайн хуралд гүйцэтгэн тайлагнадаг байгууллагад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн хатуу тогтоосон заалт оруулж өгөх шаардлагатай байна.
2. Бүх шатны Засаг даргыг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсоноос бусад тохиолдолд шууд огцруулах шаардлагатай юу.
/ЗЗНДНТУТХ 32.2/ Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.
Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон бол шууд огцруулах асуудал ярих нь тодорхой. Харин үүнээс бусад тохиолдолд хууль, тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол шууд огцруулах нь хэр зохимжтой юм бол.
Шинэхэн томилогдсон Засаг даргад мэдлэг чадвар, туршлага дутах юм зөндөө гардаг. Улс төржилтөөс болж чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй тохиолдол гардаг. Хурал нь нэр дэвшүүлж сонгочихоод байхад дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд батламжилахгүй цаг хугацаа алдаад байдаг. Өмнөх Засаг дарга нь тамгаа өгөхгүй алга болчихоод шүүхдээд яваад байдаг. Гэх мэтчилэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хийж бүтээх хугацаа хий дэмий өнгөрдөг. Түүнчлэн биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэргээс шалтгаалан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй байж болно. Хуульд бол ийм хүндэтгэн үзэх шалтгааныг авч хэлэлцэхгүй, мөн алдаа дутагдлаа засах боломж өгөлгүйгээр шууд огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх агуулгатай заалт харагдаж байна.
МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, /131.1/, Төрийн албаны тухай хуульд ажилтан, төрийн албан хаагч хариуцлага алдвал сануулах, цалингийн хувь хасах, албан тушаал бууруулах зэрэг сахилгын арга хэмжээг хэрэглэдэг, харин гаргасан зөрчлөө дахин давтвал албанаас халах арга хэмжээ авдаг.
Бүх шатны Засаг дарга нар улс төрийн албан тушаалтан бөгөөд сонгуулийн үр дүнд ажилтай болж дахин сонгохгүй бол ажилгүй болдог ажлын байрны баталгаагүй албан тушаалтан.
Бусад төрийн албан хаагчид гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон, ажлын байранд архидан согтуурсан зэрэг ноцтой алдаа дутагдал гаргаагүй бол шат дараалсан сахилгын шийтгэл хүлээдэг, харин бүх шатны Засаг дарга шууд огцруулах тухай санал хүлээн авч байгаа нь МУ-ын Үндсэн хуулийн /14.1/ “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчиж байна.
Иймд: Хуулинд “Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнд сануулга өгсөн шийдвэрийг гардуулан өгч, хувийг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ. Энэ заалт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй.”
“Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд сануулга өгсөн шийдвэрийн хувийг хүлээн авч ажлын 5 хоногт багтаан тухайн шатны Засаг даргын ажлыг шалгаж дүгнэлт гаргана. Дүгнэлтийн дүнг тухайн Засаг даргад гардуулан өгч, хувийг тухайн шатны Хуралд хүргүүлнэ.”
“Засаг дарга сануулга авснаас хойш дахин зөрчил гаргасан буюу хууль, тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах шийдвэр гаргаж, энэ тухай дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад мэдэгдэнэ. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд тухайн хурлын шийдвэрт нөлөөлөхгүй” гэж өөрчлөх.
Өөрөөр хэлбэл нэг талаас тухайн шатны Засаг даргад алдаагаа засах, ажлаа сайжруулах боломж олгож байгаа юм. Нөгөө талаас тухайн шатны Хурал нь Засаг даргынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай бол огцруулах эрх мэдлийг нь хангаж өгч байна. ЗЗНДНТУТХ-ийн 32-р зүйл бүхэлдээ тухайн шатны Хурал нь чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа Засаг даргыг огцруулах эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжгүй заалт юм. Мөн ЗЗНДНТУТХ-ийн 32.8-д Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй бөгөөд энэ заалт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй гэж заасан.
Хэрэв дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд огцруулах санал авсан Засаг даргатай нэг анги, нэг нутаг усны, нэг намын харъяалалтай бол хэзээ ч огцруулахгүй бөгөөд энэ асуудлыг 1 жилийн хугацаанд дахин тавихгүй гэж заасан нь тухайн шатны хурлын эрх хэмжээг хаасан агуулгатай байна.
Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдаар хамгаалуулж, огцрохгүй байх 1 жилийн баталгаа авсан Засаг дарга цаашид тухайн шатны Хуралтайгаа хамтран ажиллаж чадах уу гэдэг асуудал тулгарч байна. Энэ тохиолдолд нутгийн өөрөө удирдах ёс, төрийн удирдлагатай хослон явж чадах болов уу. Хурал нь огцруулах санал гаргасан ч дээд шатны Засаг дарга нь хамгаалсан Засаг дарга хуралдаа яаж хандах бол. Харин огцрох санал авсан Засаг дарга дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдаас өөр намын харъяалалтай бол хуулийн дээрх заалт шууд хэрэгжинэ. Ийм жишээ ч байдаг.
3. ИТХ-д цөөнх болсон намаас Хурлын тэргүүлэгч, тухайн нэгжийн Засаг даргын орлогчийг заавал томилдог байх.
Хуралд олон суудалтай нам нь Хурлын дарга, түүнчлэн Засаг даргаа сонгож тухайн нэгжид удирдлагын давуу байдал тогтоодог. Бүх шатны хурлын төлөөлөгчийг намаас сонгодог өнөөгийн нөхцөлд хуралд намын бодлого хэрэгжих буюу тухайн нэгжид намчирхсан томилгоо, халаа, сэлгээ, олонхоор цөөнхийн эрх ашиг, үзэл бодлыг хаах зэрэг сөрөг үр дагаварууд гарч, хурлыг иргэд сонгогчдын байгууллага биш, намын улс төрийн шинжтэй байгууллага болгон хувиргаж байгаа жишээ олон байна.
Иймд УИХ-д бүлэг байгуулах суудалтай нам УИХ-ын дэд даргатай байхаар хуульчилсан шиг бүх шатны хуралд суудал авсан намаас хурлын тэргүүлэгчид шууд оруулах, мөн Засаг даргын орлогчийг цөөн суудалтай намаас /гэхдээ хурлын төлөөлөгч биш/ томилдог байхаар хуульчилмаар байна. Ингэж олонхийн дарангуйллыг хязгаарлаж, цөөнхийн эрх ашгийг хамгаалах, хэт намчирхсан бодлого шийдвэрт хяналт тавих зохицуулалт шаардлагатай байна.
4. Аймгийн төвийн сумыг татан буулгаж, аймгийн Засаг дарга нь хотын захирагчийн эрх хэмжээг хамтатган хэрэгжүүлж, Ерөнхий менежер буюу ажлын албаны дарга нь аймгийн төвийн багуудыг удирддаг байх.
Үндсэн хуулийн дагуу аймаг нь суманд, сум нь баг хуваагддаг. Гэхдээ 10-15 мянган хүн амтай аймгийн төвд аймгийг бүхэлд нь удирдах байгууллага нь байнга байрладаг ба хүн ам цөөнтэй аймгийн төвийг сум, багт хуваах нь наад зах нь удирдлагын давхцал, сонгуулийн зардал, ИТХ, Засаг даргын төсөв, захиргааны зардал гэх мэтээр төсвөөс багаггүй хэмжээний зардал гаргадаг.
Аймгийн ИТХ, Засаг дарга аймгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ аймгийн төвийн асуудлыг хамтад нь хэрэгжүүлж байгаа. Иймд аймгийн төвийг хот тосгоны статустай болгоод багуудад хувааж, аймгийн Засаг дарга нь хотын Захирагчийн эрх хэмжээг хавсарч, Захирагчийн ажлын алба нь багуудаа удирдаж хотын асуудлыг шийдээд явах бүрэн боломжтой.
Иргэд аймгийн Засаг даргад л асуудлаа тавихаас аймгийн төвийн сумын удирдлагад хандах нь хэр их байгаа бол.
5.Төрийн ба намын харилцан хамаарал бүхий эрх мэдэл.
Зарим аймаг, сум, дүүргийн удирдлагын нам улс төрийн эрх мэдэл, төрийн эрх мэдэл хоорондоо харилцан хамаарал бүхий байдлаар дээр доороо орсон, мөн л холилдсон байдалтай байгаа нь нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа жишээ олон байна.
Сум, дүүргийн Засаг дарга нь ихэвчлэн тухайн нэгжийн намын хорооны дарга байдаг. ИТХ-д намаас нэр дэвшүүлж, ИТХ бүрэлддэг. Бие даан нэр дэвшээд сонгогдсон ч ИТХ-д байр суурь төдийлөн сайн биш. Ийнхүү олон суудал авсан нам сум, дүүргийн Засаг даргад намын хорооны даргаа дэвшүүлдэг. Сумын Засаг дарга нь намын дарга, бас давхар сумын ИТХ-ын төлөөлөгч байх жишээтэй. Намын бодлогоор дэмжүүлж сонгогдсон ИТХ-ын дарга нь нам улс төрийн эрх мэдлийн хувьд намын хорооны дарга буюу сум, дүүргийн Засаг даргаас доогуур, хамаарал бүхий байдаг. Харин ИТХ-ын дарга эрх мэдэл талаасаа Засаг даргаас дээгүүр. Нийслэлийн хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга нар тухайн нэгжийн намын үүрийн дарга, дэд дарга байдаг. Энэ нь төрийн болон нутгийн удирдлагын тогтолцооны түгжрэлийг үүсгэдэг. Ийм тогтолцоотой нэгжид удирдлагыг тохиролцох, хуйвалдах хэлбэрээр л хэрэгжүүлэх болдог.
- Тэгэхээр ИТХ-ын төлөөлөгчийг намаас биш нийт иргэдээс сонгодог болох
- Бүх шатны Засаг дарга улс төрийн аливаа ажил албан тушаал хавсран гүйцэтгэхгүй байх
6. Иргэн төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ хэрхэн эдлэх вэ.
Төлөөллийн байгууллага буюу ИТХ – ИРГЭН 2-ын хоорондын уялдаа холбоо ямар түвшинд байна вэ.
Иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. /МУҮХ 16.9/, ИТХ нь сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах. / ЗЗНДНТУТХ 12.1.9/ гэж иргэд төрийг удирдах хэрэгт оролцох, хурал нь иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллах талаар хуульчилсан. Гэвч энэхүү заалтууд нь хэт ерөнхийлсөн шинжтэй тодорхой бус байгаа юм.
Иргэд хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааны талаар мэдээлэл хомс байдаг ба дээрх эрхээ хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй.
Хуулинд Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа, баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна.
23.3.Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно.
Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.гэж заасан. ЧД-ийн ИТХ 2014 он гараад нэг ч удаа ээлжит, ээлжит бус хуралдаан хуралдуулаагүй байна. Ээлжит хуралдаан зарлан хуралдуулах эрхийг тэргүүлэгчдэд өгснөөр ИТХ зохион байгуулалтын чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна.
Бүх шатны хурал бол иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөллийн байгууллага бөгөөд иргэд сонгогчдын эрх ашгийн нэгдэл юм. Нутаг дэвсгэрийнхээ асуудлыг бие даан шийдвэрлэх эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ иргэд сонгогчдын захиас даалгавар, түүний дотор нэн тэргүүнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
Төсвийн хуулийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, арга хэмжээний саналыг иргэдээс санал асуулгын хуудсаар авч, саналыг ИНХ-аар хэлэлцүүлэн эрэмблэх үйл ажиллагаа нь ТӨР-ИРГЭН 2-ын хамтын ажиллагаа, иргэн төрийн үйл хэрэгт шууд оролцох боломжийг хангасан чухал загвар юм.
Иймд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын ээлжит хуралдааны товыг ээлжит хуралдаан хуралдахаас 30 хоногийн өмнө, ээлжит бус хуралдааны товыг хэлэлцэх асуудлын агуулгын хамт 10 хоногийн өмнө иргэд, сонгогчдод мэдээлж, тэднээс төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг саналын хуудсаар авна, хурлын төлөөлөгч жилд 3-аас доошгүй удаа, эсхүл улиралд 1 удаа иргэд сонгогчидтой уулзалт зохион байгуулна” гэж хуульчлан хурлаас иргэдтэй харилцах асуудлыг нарийвчлан тодорхой болгох нь зүйтэй. Мөн хууль, тогтоомжид бүх шатны хурал иргэддээ ажлаа тайлагнах заалт байхгүй байна.
Мөн УИХ-ын ээлжит чуулганы товыг нарийвчлан тогтоон хуульчилсан байдаг шиг бүх шатны хурлын ээлжит хуралдааны товыг хуульд нарийвчлан тогтоох нь зүйтэй.
7. Баг, хорооны ИНХ-ын үйл ажиллагаа явуулах чадамж.
Баг, хорооны Засаг даргын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулалтай ИНХ-ын дарга, огт цалин урамшуулалгүй тэргүүлэгчид /зарим ИНХ-ын дарга, тэргүүлэгч ажлаа явуулах өрөө, тасалгаагүй/ бүх хүчээ шавхан ажлаа хийж, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлнэ гэдгийг сэлүүргүй завиар гол гатлахтай зүйрлэвэл зохино. Хорооны ИНХ гэдэг байгууллагыг огт мэддэггүй хүн ч байна.
Нутгийн удирдлагын байгууллагад ажилладаг болон энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн, багш олон хүмүүс энэ асуудлыг хөнддөг.
ИНХ-ын даргыг орон тооны болгож Засаг даргатай тэнцүү хэмжээний цалинтай болгох, тэргүүлэгчдийг ИНХ-ын даргын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулалтай байхаар хуульчлах, ИНХ-ыг ажлын албатай болгож, ажлын албаны зардлыг сум, дүүргийн ИТХ-ын төсөвт хамтатган батлах, баг, хорооны ИНХ-ыг сум, дүүргийн ИТХ мэргэжил, арга зүйгээр хангадаг болгож хуульчилмаар байна.
Багийн хэсгийн ахлагч ажиллуулах шаардлагатай. Нутаг дэвсгэрийн 50-80 км-ийн цагираг дотор ажиллах, мэдээ, мэдээлэл дамжуулах багийн хэсгийн ахлагч буюу курьер ажилтан ажиллуулъя. Багийн үйлчилгээг амьд болгоё. “Төрийн явуулын үйлчилгээний баг” нэвтрүүлье. Багийн иргэд төрийн хараа бодлогоос хаягдсан мартагдсан шинжтэй байна. Нийгмийн даатгал, татвар, газрын даамал зэрэг орлого хөөцөлдсөн мэргэжилтнүүд багийн Засаг даргатай хамт жилд 1 удаа багийн өрхүүдээр тойрдог. Бусдаар бол байнга очоод байхгүй. Харин сонгуулийн үед бол гэрт нь очоод хонодог. Багийн иргэдэд мэдээллийн шинжтэй үйлчилгээ дутмаг. Сум, баг өрх иргэдээсээ холдож, үр ашиг муутай ажиллаж, иргэд төрийн үйлд идэвхитэй оролцох боломжийг хааж байна. Сум хөгжүүлэх сан, малжуулах төсөл нөгөө багийн Засаг даргыг сонгосон хүмүүст, намын гишүүд, хамаатан саданд түлхүү хүрдэг, бусдад нь хүрдэггүй явдал нууц биш. Ингээд баялгийн хуваарилалт тэгш биш учраас иргэд нь талцдаг, уйддаг, итгэх итгэлгүй болдог, баг, сумаасаа дайждаг, аймагруу нүүдэг, аймгаасаа хотруу нүүдэг.
8. Баг, хорооны Засаг даргын албан тушаалыг хашихад дээд боловсрол, төрийн албанд ажилласан туршлага шаардлага байхгүй юу.
“Алба тарна гэж дарга сонгодог, адуу ижилсүүлнэ гэж азарга тавьдаг, дээлтэй бүхэн дарга болдоггүй, дэлтэй болгоноор азарга тавьдаггүй” гэдэг ардын зүйр цэцэн үг байдаг юм байна. Өнөөдөр ах дүү, найз нөхөд, намын гишүүдээрээ хурлын танхим дүүргэж чадсан нь баг, хорооны Засаг даргаар сонгогдож байна.
ЗЗНДНТУТХ-ийн 26.5-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, .ялгүй байх гэсэн шаардлагыг хангасан байх, харин баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч /26.6/ дээд боловсрол, төрийн албанд ажилласан туршлага шаардлагаггүй байхаар хуульчилсан байна.
МУ-ын Төрийн албаны тухай хуульд /10.1/ “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэсэн зарчмын шинжтэй заалт бий.
МУ-ын Үндсэн хуульд /60.1/ “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ” , /61.1/ “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэж тус тус хуульчилсан.
Иргэдтэй өдөр тутам нүүр тулж, тэдний амьдралын асуудлууд, санал, хүсэлт, гомдлыг хууль, тогтоомж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, төрийн хууль, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, сурталчлах, ард иргэдээ зохион байгуулж, үлгэрлэн манлайлах баг, хорооны Засаг дарга дээд боловсролгүй, төрийн албаны туршлагаггүй, хууль уншаад хэрэглэх чадваргүй байх нь нутгийн удирдлагыг төлөвшүүлэхэд садаа болох нь дамжиггүй.
МУ-ын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 600 шахам хуульд нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын эрх, үүргийг тодорхойлсон хуулиудыг судалж үзэхэд:
- Бүх шатны Засаг даргын эрх, үүргийг тодорхойлсон нийт 147 хуулийн давхардсан тоогоор 2066, давхардаагүй тоогоор 1363 заалт байна.
- Хороо, дүүргийн Засаг даргын нийтлэг эрх, үүргийг тодорхойлсон 17 хуулийн 30 заалт
- Нийслэлийн Засаг даргын эрх, үүргийг тодорхойлсон 137 хуулийн 920 заалт
- Дүүргийн Засаг даргын эрх, үүргийг тодорхойлсон 129 хуулийн 869 заалт
- Хорооны Засаг даргын эрх, үүргийг тодорхойлсон 74 хуулийн 277 заалт байна. Бүрэн дунд, тусгай дунд боловсролтой баг, хорооны Засаг дарга ийм олон хуулийн заалтыг ойлгож мэдээд эрх хэмжээгээ хэрэгжүүлж чадах болов уу.
Хуулиа эргэн харж баг, хорооны Засаг даргыг тухайн нэгжийн нийт ард иргэдээс сонгодог болох, мөн дээд боловсролтой, төрийн албаны туршлагатай, эрх зүй, улс төр, эдийн засгийн мэргэжилтэй байх шалгуурыг нэмж хуульчлах шаардлагатай байна.
9. Шийдвэрлэх эрх мэдэлгүй уламжлагч анхан шатны нэгж.
.Хуульд баг, хорооны Засаг дарга /ЗЗНДНТУТХ 28.8/ иргэдэд урамшил, дэмжлэг тусламж үзүүлэх, ажлаа хэвийн явуулах нөхцлийг хангах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сантай байж болох бөгөөд зарцуулалтынх нь дүнг сум, дүүргийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хуралд тайлагнана гэж заасан боловч Төсвийн шинэчилсэн хуулиар бүх жижиг сангуудыг татан буулгаж, хөгжлийн нэгдсэн сан, орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн.
Иргэд засаг захиргааны анхан шатны нэгж баг, хорооны ИНХ, Засаг даргад хамгийн түрүүнд хандаж зовлон, жаргалаа хуваалцдаг. Хоол унд авах мөнгөгүй болсон, гал түлэх түлшгүй болсон, ажлаасаа халагдаж орлогоггүй болсон, гэр орон шатсан, малгүй болж амьжиргааны эх үүсвэргүй болсон зэрэг нийгмийн шинжтэй олон асуудлаар ханддаг. Баг, хорооны Засаг дарга ядаж 50.000-500.000 хүртэл төгрөгийн 1 удаагийн тусламж, дэмжлэгийг 5-10 хүн, өрх айлд үзүүлэх эрх мэдэл, хөрөнгө мөнгө байхгүй.
Баг, хорооны Засаг даргын мөнгөн хөрөнгийн санг сэргээж дор хаяж 2 сая төгрөгийг жил бүр баталж өгвөл иргэдийнхээ нэн тэргүүний тулгамдсан асуудлыг шийдвэрлэж /ядаж нас барсан иргэний ар гэрт нутгийн удирдлагын байгууллагын нэрийн өмнөөс буян үйлдээрэй гээд 5000 төгрөг өгчихдөг байх/ анхан шатны нэгжийн нэр хүндийг өсгөж, иргэдийн итгэл хүлээсэн байгууллага болон төлөвшихөд нэмэр болох болов уу.
10 Баг, хорооны Засаг даргын нийтлэг эрх хэмжээг нэгжийн онцлогт тохируулан ялгамжтай хуульчлах.
Нийслэлийн хорооны хүн ам /ажиллаж байгаа хороогоор жишээ авсан/ дунджаар 10-13 мянган хүн амтай, 40-700 орчим аж ахуйн нэгж байгууллагатай, 25-35 мян, га газар нутагтай, Засаг даргын ажлын албанд 6-25 хүн ажилладаг.
Харин сумын баг газар нутгийн хувьд нийслэлийн хороо, дүүргээс харьцангуй том боловч хүн ам, аж ахуйн нэгжийн тоо зэрэг бусад үзүүлэлтээр маш бага байгаа юм.
ЗЗНДНТУТХ-ийн 28-р зүйлд баг, хорооны Засаг даргын эрх хэмжээг 20 заалтаар тодорхойлсон. 28.1.2-т баг, хорооны Засаг дарга “хадлан, тэжээл бэлтгэх, отор нүүдэл, малын урьдчилан сэргийлэх угаалга, тарилга хийх, ноос ноолуур авах, хашаа саравч барих, худаг ус гаргах, тариа ногоо тарих, хураах, өвөлжилтийн бэлтгэл хангах, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах зэрэг цаг үеийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэсэн заалт байдаг. Нийслэлд мал байлгахгүй шийдвэр байдаг учир энэхүү заалт нийслэлийн хорооны Засаг даргад хамааралтай биш юм.
Монгол Улсын олон зуун хууль тогтоомжид байгаа Засаг даргатай хамааралтай заалтуудыг нэг дор жагсаах нь утгаггүй бөгөөд боломжгүй юм. Тийм учраас “хууль, тогтоомжид заасан бусад эрх” гэж ерөнхийлсөн утгатай заалтаар зохицуулдаг. Гэвч тухайн нэгжийн хүн ам, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзаж үзэх, жишээ нь аймаг, сум, багийн хүн ам цөөрч байхад, нийслэл, дүүрэг, хорооны хүн амын тоо механикаар өсч Нийслэлд Монгол Улсын нийт хүн амын 40,1 хувь нь оршин сууж байна. Нийслэлд ашигт малтмал, түүнийг олборлох, дараа нь нөхөн сэргээх /Налайх, Багануурын нүүрсний уурхай, элс, хайрганы карьерыг эс тооцвол/ асуудал бараг яригдахгүй. Харин орон нутагт бол түүх, соёлын дурсгалт газар, үнэт өвийг хамгаалах, ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээх ажилд төрийн болон орон нутгийн иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлэх, малын бэлчээрийн даац, ган, зуд зэрэг байгалийн гамшгийг даван туулах, хүн амаа тогтоон барьж байх, цөлжилт, хуурайшилт зэрэг тулгамдсан асуудлын ялгаа байгаа учир аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын эрх хэмжээг 1-рт тодорхой болгох, 2-рт ялган зааглаж хуульчлах шаардлагатай байгаа юм.
Мөн Нийгмийн даатгал, халамж, газрын тухай, иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөний зэрэг нийгмийн харилцааны өдөр тутам давтагдан оролцож байдаг хууль, тогтоомжийн заалтуудыг нэгтгэн нэг мөр болгож ЗЗНДНТУТХ-д тусгах.
11. Намын жагсаалтаар сонгогдсон төлөөлөгч буюу сонгогчгүй төлөөлөгч.
Сонгуулийн тухай шинэ хуулиар ийм УИХ-ын гишүүн, хурлын төлөөлөгчид төрж бусад УИХ-ын гишүүн, хурлын төлөөлөгчтэй адил эрх хэмжээгээ хэрэгжүүлж байна.
Тойрогт нэр дэвшсэн хурлын төлөөлөгч нар сонгуульд өрсөлдөхдөө тойргийн иргэдийн тулгамдсан асуудал, иргэдийн аж амьдралтай танилцаж, сонгогчдын захиас даалгаварыг авч цаашид юу хэрэгжүүлэхээ мэддэг, эргэж уулзах иргэд сонгогчидтой болсон төлөөлөгч байдаг. Харин жагсаалтаар сонгогдсон нөхрийн хувьд бол нэр дэвшүүлсэн намын мөрийн хөтөлбөрөөс өөр мэдэх зүйлгүй, өөрийг нь мэддэг, шууд очоод уулзах иргэд, сонгогчгүй ийм нөхөр явж байна.
Иргэд жагсаалтаар сонгогдсон төлөөлөгчийг мэддэггүй, таньдаггүй учир өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ түүнд хандаж хаягладаггүй учир жагсаалтын төлөөлөгчид санаа зовох зүйлгүй амар байж болно.
Харин иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх ажлын ачааллыг иргэдээс сонгогдсон төлөөлөгчид үүрнэ.
Зарим хурал жагсаалтаар сонгогдсон төлөөлөгч нарт баг, хороог хуваарилж ажил хариуцуулсан байдаг. МУ-ын Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж УИХ-ын гишүүний чиг үүргээ хэрэгжүүлэх хязгаарыг тойрог хамаарахгүй, нээлттэй тавьж өгсөн юм. Үүнтэй нэгэн адил бүх шатны хурлын төлөөлөгчийг хуульд утга адил заалт оруулж тойрог хамаарахгүйгээр чиг үүргээ хэрэгжүүлж, иргэд сонгогчиддоо ажлаа тайлагнаж, жагсаалтаар сонгогдсон төлөөлөгч ажлын ачааллыг жигд үүрдэг болгож тодорхой болгомоор байна.
12. Улсын Их, дээд сургуулиудын салбар сургуулиудыг хөдөө орон нутагт байгуулах
Чингэс хааны хэлсэн нэг ийм үг байдаг юм. “Сэтгэлий нь уячихад бие нь хаа зайлах вэ” гэж. Төвлөрлийг сааруулах бас нэг арга бол оюутан залуусыг тэнд нь сургаж, ажлын байраар хангах асуудал юм. ЕБС төгсөгчдийн 80 гаруй хувь нь нийслэлд ирж их, дээд сургууль, коллежид суралцдаг гэсэн судалгаа байдаг. Тэд нийслэлд ирж сургууль төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ нийслэлд ажиллах, мэргэжлийн бус өөр ажил эрхлэх зэргээр нийслэлд суурьшиж үлдэхийг хичээдэг. Цөөн хувь нь л хөдөө орон нутагруугаа буцдаг байна.
Хотод байгаа улсын их, дээд сургуулиудын салбар сургуулиудыг орон нутагт байгуулах асуудлыг төр, засгийн бодлогын хэмжээнд ярьж, хууль, тогтоомж гаргаж шийдвэрлэх хэрэгтэй байна.
Жишээ татахад Говь-алтай аймгаас Завханд очиж нягтлан бодох бүртгэлээр сургууль төгсөгчид буцаад Говь-алтай аймагтаа ажиллаж амьдарч байна.
Эцэст нь тэртээ 17-р зуунд Инжинашийн хэлсэн сургаалиар илтгэлээ дуусгая.
Инжинаш: “төр нарны туяа мэт, нуурын ус мэт байх ёстой” гэж сургасан байдаг.