Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ,ТҮҮНИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

2015-05-25

“Европын Харти”-д /1985 он/ тодорхойлсноор:
Нутгийн өөрөө удирдах ёс нь өөрийн хариуцлага, өөрийн эрх мэдэл бүхий дэвсгэрийн бие даасан байдлыг хангаж, тухайн харъяаллын нутаг дэвсгэрт орон нутгийн иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн асуудлыг шийдвэрлэх, нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх, бүрэн эрх, чадвар мөн гэж тодорхойлжээ. Монгол улс зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгмийн байгуулалд шилжин эхэлсэн зааг үе буюу 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлан мөрдөж эхлэснээр нутгийн өөрөө удирдах ёс үүсч бүрэлдэх үйл явц эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд түүнийг төлөвшүүлэх эрхзүйн үндэслэлийг шинээр тогтоож улмаар хөгжүүлэх талаар томоохон  алхамуудыг хийж зохих үр дүнд хүрсэн билээ. Өөрөө удирдах ёсны харьцангуй бие даасан байдлыг тогтоон хангах замаар 1990-ээд оны дунд үеэс эхлэн хэт төвлөрсөн тогтолцоог задалж, орчин цагт эдийн засаг нийгэм эрх зүйн цогц арга хэмжээг авснаар, нам төрөөс хэт хамааралтай захирагдмал байдал, түүний хязгаарлагдмал орчин нөхцөл багасч нутгийн эрх барих удирдах, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа тодорч эрхзүйн зарцуулалтын шинэ институт аажмаар бүрэлдэж эхэлсэн байна. Үндсэн хандлагаар нь ийнхүү нааштайгаар үнэлж болох хэдий ч өөрөө удирдах ёс бүрэн төлөвшөөгүйн дээр эрхзүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдээгүй тулгамдсан асуудлууд цөөнгүй хуримтлагдаж зарим гаж хандлага илрэх болов. Үүнтэй уялдуулан тэдгээрийг нэгтгэн дүгнэх, нөгөө талаар хойшлуулалгүй шийдвэл зохих зангилаа асуудлууд бий болсныг энд дурьдах нь зүйтэй. Үүнд:

  • Хэт төвлөрөл багасч орон нутгийн эрх хэмжээ өргөжиж тэлэхийн хэрээр нутгийн өөрөө удирдах ёсны үүрэг эрс нэмэгдсэн
  • Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын ажил үүрэг ялгарч өмнөх тогтолцооны зарим давхардал багасч, хариуцлага нэмэгдэхийн хэрээр нутгийн өөрөө удирдах ёсны  буюу жишгийн утгаар нь шинээр төлөвшүүлэх шаардлага бий болсон
  •  Нутаг дэсгэрийн бий даасан байдлыг хангах тухайн орон нутгийн хөгжлийн байдлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, нутгийн иргэдийн язгуур ашиг сонирхлыг тууштай хамгаалах шаардлага өсөн нэмэгдэж, орон нутгийн хэмжээнд ардчилсан эрхзүйн ёсны шинэ орчин бүрэлдэн бий болох үйл явц эхэлсэн.
  • Монгол улсын төрийн байгууллагын нэгдмэл байдлыг бэхжүүлэх, үүний тулд засаг захиргаа, нутаг дэвсэрийн хуваарийг боловсронгуй болгож, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх замаар нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх шаардлага өссөөр байна.
  • Төвлөрлийг сааруулах, үйл явц удаашрах төдийгүй дахин төвлөрөл хүчтэй болж, нутгийн өөрөө удирдах ёс хэлбэрт орох хандлага бий болж, бие даасан хөгжлийн баталгаа бий болж байгаа нь анхаарал татсаар байна. Монгол улс шинэ Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, Засгийн газрын хэд хэдэн тогтоол гаргасан нь нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэхэд зохих нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой юм.

Нутгийн удирдлага нь шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 20 гаруй жил өнгөрч бидний амьдралд олон ахиц дэвшил гарсныг үгүйсгэхийн аргагүй. Гэхдээ Монголын төрд шийдвэрлэгдээгүй асуудлууд бугшин байгааг бид мэдэж байгаа. Намчирхал, талцал ямар ч хамаагүй үнээр эрх мэдэл, эд хөрөнгө олж авах гэсэн өрсөлдөөн биднийг үнэндээ туйлдуулж улмаар, Монголын төрийг, орон нутгийн удирдлагыг улам чадавхигүй болгож байна. хэдийгээр Монголын ардчилалын хувь заяа нь ард түмний гарт, тэр тусмаа НӨУБ-ын төлөөлөл бид бүхэн гэдэг хэдий боловч сүүлийн үед дүр эсгэсэн ардчилал гэдэг үг олон улсын хурал зөвлөгөөн дээр яригдаж байна. Аль нам байх нь хамаагүй ардчилсан дүр эсгээд хийж буй арга баримл нь ардчилсан биш болчихоод байна гэж Төрийн тэргүүн, төрийн түшээд дээр доргүй ярьсаар байна. Улс төрийн намуудад дотоод ардчилалын асуудал бүр ч ярихын аргагүй болсон. Элдэв фракц, хуйвалдаан, луйвар, хор найруулга, хэрүүл тэмцэл, хариуцлаггүй явдал, ядуурал, хоосрол, эдийн засгийн хямрал гээд тоочихын аргагүй олон боломжгүй асуудлууд улам л гарсаар л...

Монголын ардчилал өнөөдөр гацаанд орсон тухай төрийн түшээдээс эхлэн ярьж байгаа ч эрх мэдэл дарга нарт төвлөрсөн хэвээрээ, иргэд өөрсдийнхөө асуудлыг шийдэхэд оролцох оролцоо, тавих хяналт, хариуцлага тооцох боломжийг олгодоггүй явдал юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэний оролцоо, иргэний танхим, шууд ардчилалыг хөгжүүлэх бодлогыг төрийн тэргүүн, Улсын Их хурлаас эхлээд санаачлага гаргасан боловч ярихаас цаашгүй хий хоосон “чалчигчид” болжээ гэвэл үнэнд нийцэх болно.

Иргэний оролцоог өндөржүүлэх нь нийгмийн гол зорилго байж болох юм. Харин энэ нэрийн дотор Иргэний танхим гэж сүүлийн 2-3 жил ярилаа. Иргэний танхимыг жинхэнэ утгаар нь ард түмэн цуглаж, төрдөө үгээ хэлдэг төрийн бодлого шийдвэрт оролцдог, өөрийн олж аваагүй мэдээллийг авахад чухал гэж үздэг. Харин Иргэний танхим байгуулах нь ямар ч хамаагүй том, жижиг танхим байгуулаад тэнд бодлого шийдвэр зөв тайлбаарлаж  өгч чадахгүй бохь зажилж, компьютер тоглосон, цаг хороосон хүмүүсээр дүүрчээ. Хороо, Сум, Дүүрэг, Аймаг, Нийслэл, яам тамгын газар бүхэнд л иргэний танхим байгуулагджээ. Энэ нь сайн хэрэг, гагцхүү иргэдэд зөв зориулаасай гэж үзэж байгаа бөгөөд тэнд ажиллаж буй хүмүүсийн ажлын үр дүн ард түмэнд харагдаасай гэж үздэг юм. Сүүлийн үед ухаалаг төр гэж ухааллаггүй юм байхгүй болжээ. Ерөнхийлөгчийн гаргасан Ухаалаг төрийн талаарх санаачлага чухамхүү чухал санааг дэвшүүлсэн нь сайшаалтай. боловч мөн дүр эсгэсэн Ухаалаг бус төр засаг, яам агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, болж байгаа юм биш үү. Үүнийг тайлбарлавал данхайсан бүтэц, орон тоо өдөр өдрөөр нэмэгдсээр л...

Харин бүтэц, орон тоо цомхон, чадварлаг, мэргэшсэн ур чадвартай урагшаа харж бодлогоо зөв тодорхойлсон төрийн алба чухал гэж үзнэ.

Ухаалаг төр юуны түрүүнд иргэддээ үйлчлэхэд зориулагдсан иргэдийнхээ сайн сайхны тусын тулд ажилладаг байх, нэгэнт асуудлыг шийдэж өгөх гэж байгаа бол яаж шийдэх вэ? гэдгээ иргэдээсээ асууж тэднийг оролцуулж шийддэг, шийдсэнээ хамтран хэрэгжүүлдэг байх ёстой. Өнөөдөр манайд бий болсон гажууд төөрөгдөл бол хүмүүс төрийн албыг өөрийнхөө амьдралыг өөд татах хэрэгсэл болгож, өөрийнхөө асуудлыг шийдэхийн тулд төрийн албанд ямар нэгэн аргаар шургалан орох явдал бөгөөд энэ нь бодит байдалд газар авсан...

Нэгэнт иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэж сонгуульд ялсан л бол хувийн эрх ашгаа 2-рт тавьж, олон түмний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллахаас өөр аргагүй бөгөөд ийм итгэл үнэмшил, ёс суртахууныг төлөвшүүлэхгүйгээр бид хүмүүсийн итгэлийг хүлээж, нутаг орноо хөгжүүлж чадахгүй шүү дээ. Энэ нь харин манай орон нутагт эсрэгээрээ байна.

Манай улсад нутгийн өөрийн удирдлага жинхэнэ утгаараа хэрэгжиж байна уу? гэвэл би үгүй гэж хариулна. Яагаад?

Нэгдүгээрт: одоогийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маань өөрийн заяагдмал төлөв байдлаасаа гажиж “Намуудын төлөөлөгчдийн хурал” болсон гэж Ш. Цогтоо нутгийн удирдлага сэтгүүлийн 2014 оны №2-т бичсэнтэй би санал нэг байна.
Нутгийн өөрийн удирдлагын талаарх олон улсын нийтлэг жишгийг гажуудуулсан нь өнөөдөр нэг аймаг, сум, багийг намын харъяаллаар хэсэгчилэн хувааж, ашиг хонжоо хайгчдын бүдүүлэг ёс монголын эмгэнэл болсон нь туйлын харамсалтай.

Хоёрдугаарт: Орон нутгийн сонгуулийн хуулийг дахин сайтар бодож боловсруулж, засаж, шинэчлэн нутгийн удирдлагыг төвлөрлөөс ангижруулах явдал юу юунаас чухал.

Гуравдугаарт: 1992 онд баталсан Монгол улсын Үндсэн хуулийн дагуу орон нутгийн удирдлагыг “Өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн Нутгийн удирдлагын тогтолцоо шинэчлэгдээд 22 жил болжээ. МНУ Холбоо үүсч хөгжөөд 20 жил болж, МНУ холбооны удирдах зөвлөлийн тогтоолоор энэ жил ойгоо тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. “Орон нутгаас хөгжил эхэлнэ” гэсэн уриатай Монголын Нутгийн Удирдлага сэтгүүл 2013 онд 100 дахь дугаараа гаргаж, уг сэтгүүлээр дамжуулан орон нутгийн бие даасан байдлыг хөгжүүлэх, тухайн орон нутгийн эзэн нь тэр ард түмэн нь байх нөхцлийг хангах, нутгийн удирдлагын шинэ тутам бий болсон бүтэц тогтолцоог бэхжүүлж, үйл ажиллагааг сайжруулах, сонгуулийн системийг боловсронгуй болгох, нийгэм төрийн хэргийг удирдахад иргэдийн бүтээлч, идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын байгууллагад улс төр болон захиргааны алба хашиж, сонгууль хүлээсэн хүмүүсийг сургах, дадлагжуулах, гарын авлагаар хангах ажлын ололт сайн арга барилыг харилцан солилцох, мэдээллэх, сурталчилгааг хөгжүүлэх, орон нутгийн удирдлагын бүтэц, чиг үүрэг үйл ажиллагаанд дүн шинжилгээ, судалгаа хийх орон нутгийн ашиг сонирхол санал бодлыг төр засгийн удирдлагад уламжлахад чиглэгдсэн байна.

“Нутгийн удирдлага” онол практик арга зүйн сэтгүүл эх орны дөрвөн зүг найман зовхист 330 сум, 1700-аад баг хороонд хүрч, хурлын төлөөлөгч, идэвхтэн сонгуультны гарын авлага болжээ. Цаашид нутгийн удирдлагын эрхзүйн зохицуулалтын талаар өөрийн саналаа илэрхийлье. Үүнд:
А. Орон нутгийн ИТХ-ын үйл ажиллагааны чиглэлээр Засаг захиргаа Нутаг дэвсгэр түүний Удирдлагын тухай хуульд:

  • ИТХ-ын гаргасан шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа иргэний танхимын үйл ажиллагааг хуульчлах
  • ИТХ-ын бүх шатны төлөөлөгчдийг намын жагсаалтаар биш ард түмнээ төлөөлөн ажиллах чадвартай намын эрх ашгийг биш, орон нутгийн эрх ашгийн төлөө зүрх сэтгэлээ зориулдаг хүмүүсийг нэр дэвшүүлэхийг чухалчлах
  • Бүх шатны ИТХ-ын бүтэц, зохион байгуулалт, орон тоо асар их нэмэгдсэн бөгөөд тэдгээрийн ажлын чиг үүрэг тодорхой бус байна. Үүнийг нэг хэм хэмжээнд оруулах
  • ИТХ-ын даргад сонгох шалгуур үзүүлэлттэй болох/Засаг дарга шиг/
  • УИХ, ЗГ-аас НӨУБ-ын үйл ажиллагааг дэмжин орон нутагт төрийн эрх мэдлийг шилжүүлэх, төрөл бүрийн сургалт, семинарыг бүсчилсэн, ажил мэргэжлийн онцлогийг харгалзан явуулж байх
  • Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1-т заасны дагуу Засгийн газар /гүйцэтгэх байгууллага/ орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын дотоод ажилд хутгалдан орох, дарамт шахалт үзүүлдэг буруу жишгийг үгүй болгох
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар  МНУ холбоог дэмжиж, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэх, орон байртай болгоход анхаарах
  • Төсвийн орлогыг давсан хувийг НӨУБ өөрөө шийдвэрлэж байх
  • Орон нутаг татвар хураамжийг бие даан тогтоож, захиран зарцуулах эрхийг олгох.

Б. Орон нутгийн сонгуулийн хуульд:

  • Орон нутгийн сонгуулийн хуулийг өнөөгийн цаг үеийн нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох. Үүнд:
  • Сум дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгох
  • Орон нутгийн сонгуулийн хуулийг орон нутгийн иргэдийн эрх ашигт нийцсэн байхаар шинэчлэх

В. Нутгийн удирдлагын холбооны чиглэлээр:

  • Онол практик арга зүйн “Нутгийн Удирдлага” сэтгүүлийн гарах дугаарыг нэмэгдүүлэх ( сард нэг дугаар байвал зохимжтой болов уу)
  • МНУ Холбооны ордон барих хөдөлгөөнийг бүх шатны өөрөө удирдах байгууллага дэмжиж, МНУ Холбооны гүйцэтгэж буй роль өсөн нэмэгдэж буйг харгалзан нутгийн удирдлагын холбооны ордонг барих ажилд бүх нийтийн хүчийг төвлөрүүлэх
  • Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх төрийн бодлогын үзэл баримтлалыг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах
  • МНУХолбооны эрх зүйн байгууллагын тухай хуулийг шинээр боловсруулан гаргах/Шведийн туршлагаар/


ДҮГНЭЛТ
Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь тухайн орон нутгийн уугуул иргэд, оршин суугчид өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээний асуудлыг өөрсдөө бие даан хэлэлцэн шийдвэрлэх татварын бодлогоор дамжуулан өөрсдийн төсвөө бүрдүүлэх, өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болох. Иргэдийн сонгуулийн байгууллагаар дамжуулан Нутгийн удирдлагыг дангаараа буюу төрөөс шилжүүлсэн зарим чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх чадавхи бүхий Үндсэн хуульт ёсны институт, ардчилсан иргэнлэг нийгмийн илэрхийлэл мөн гэж тодорхойлж болно. Орчин цагийн түвшинд авч үзвэл Нутгийн Өөрөө удирдах байгууллага бол Төрийн бус статустай бөгөөд Үндсэн хуулийн байгууллага, тэр тусмаа нутгийн иргэдийн чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулагдсан Үндсэн хуульт ёсны бүрэлдэхүүн хэсэг буюу иргэний байгууллага гэж үзэж болно. Нутгийн өөрөө удирдах ёсны эрхзүйн орчин бүрдэж буй боловч Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай, Өмчийн харилцаатай холбоотой хуулиудыг дахин шинэчлэн найруулах, ИТХ, Засаг дарга эрхзүйн харилцааны эрх, чиг үүргийг боловсронгуй болгох, төвлөрөлийг сааруулахад Эдийн засаг санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Орон нутгийн үйл хэрэгт нутгийн иргэдийг татан оролцуулах, хурлын байгууллагуудын дотоод ардчилал, зохион байгуулалтыг улам бэхжүүлэх, засаг захиргаа нутаг дэвсгэрийн шинэ хуваарийг бий болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэх цаг болжээ гэж дүгнэж байна.

 

М. Батдорж
БХИС-ийн Цэргийн Командын сургуулийн
Төрийн захиргаа эрхзүйн танхимын багш 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%