- Менежментийн тухай товчхон
Менежмент хэмээх нэр томъёо монгол хэлний үгийн санд орж ирээд удаагүй байна. Менежментийг хүмүүс ихэвчлэн сайн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, зохицуулалт гэж төсөөлөн ойлгож байна. Харин яагаад менежмент монголчуудад хэрэгтэй болсныг доорхи гурван жишээн дээр эргэцүүлье.
Монгол Улс
1990-ээд оноос өмнө
- Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо
- Нийгмийн бүх баялгийг төвлөрүүлэн тэгш хуваарилдаг зарчим
- Дээрээс доош чиглэсэн шат дараалсан удирдлага
1990-ээд оноос хойш
- Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо
- Хөдөлмөрийн үр ашиг, баялгаа иргэн өөрөө хүртдэг зарчим
- Бүх төвшинд иргэдийн оролцоог хангасан удирдлага \ИТХ\
Зах зээлийн орчин нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа л бол хүссэн хүсээгүй менежменттэй танилцаж, менежментийг хэрэгжүүлэх болсон байна. Тиймээс монголчууд бид үйл ажиллагаандаа менежментийг удирдлага болгохоос аргагүй бөгөөд бид зах зээлийн нийгмийн усыг ууж, ёсыг дагасан нь ийм учиртай.
Товч тодорхойлбол: Менежмент бол ардчилсан нээлттэй нийгэм, зах зээлийн чөлөөт тогтолцооны бүхий орчинд байгууллага, хүмүүсийг удирддаг нэгэн зүйл арга хандлага юм.
Менежмент нь зуу гаруй жилийн түүхтэй шинжлэх ухаан бөгөөд энэ чиглэлээр судалбал бүтэн бакалаврын төвшний хөтөлбөр судлах шаардлагатай болно. Эдүгээ улс орон, нийгэм, байгууллага төдийгүй нэгэн жижиг ажилбар дээр ч менежментийг хэрэгжүүлж байна. Шинжлэх ухааны менежмент салбарлан хөгжсөөр өнөөдөр дэлхий дээр 160 гаруй салбар ухаан болон өргөжиж байгааг судлаачид гаргажээ.
Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн, хурлын байгууллагын менежментийн асуудлыг ч шинээр авч үзэх хэрэгцээ шаардлага энэ салбарт тулгамдаж байгаа юм.
Хаана хүний үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна, тэнд менежмент хэрэгжиж байдаг. Тэдгээр хүмүүс, үйл ажиллагааг хэн зохион байгуулж удирдаж байна, тэр хүн тухайн үйл ажилагааны, тухайн багийн менежер нь байх болно.
- Хурлын байгууллагын менежментийн талаар товчхон
Менежментийн тодорхойлолтоор “Байгууллага гэдэг ньөмнөө тавьсан тодорхой зорилгод хүрэхийн төлөө үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохицуулж байгаа бүлэг хүмүүс юм”. Энэ тодорхойлолт нь албан ёсны байгууллагад хамаарах юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар бүх шатны хурал бол нутгийн өөрөө удирдах байгууллага юм.
Хурлын байгууллагын үйл ажиллагааг менежментийн үүднээс хэрхэн авч үзэж болохыг доорхи жишээгээр товч танилцуулъя.
Менежментийн функц
Эдгээр харилцан уялдаа бүхий, цогц чиг үүргүүдийг хэрэгжүүлэх нь менежментийг хэрэгжүүлж байна гэсэн үг юм.
Менежментийн нөөцүүдийг Хурлын байгууллагын жишээн дээр авч үзвэл:
Менежментийн гол нөөцүүд |
Хурлын байгууллагын нөөцүүд |
Хүний нөөц |
Хүний нөөцийг хүний тоо гэж ойлгож болохгүй. Хурлын байгууллагын хувьд хүний нөөц нь төлөөлөгчдийн мэдлэг боловсрол, ур чадвар, туршлага, нэр хүнд, авъяас билэг, бусад үнэт зүйлс гэх мэт. Мөн орон нутгийн иргэд, тэдний оролцоо, идэвхи гэх мэт |
Санхүүгийн нөөц |
Хурлын байгууллагын хувьд жилийн төсөв нь санхүүгийн нөөц болох агаад төсвийн тухай хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагддаг. Хурал нь орлого олох, нэмэгдүүлэх боломжгүй тул жилийн төсвөө хэтийн төлөвлөгөөтэй уялдуулан оновчтой төлөвлөх, батлуулах, үр ашигтай зарцуулах тухай асуудлыг анхаарч ажиллах. |
Цаг хугацааны нөөц |
Хуулиар олгогдсон бүрэн эрхийн 4 жилийн хугацаа нь тухайн Хурлын цаг хугацааны нөөц юм. Хуралдааны тов тогтоох, аливаа арга хэмжээний хугацааг харгалзан үйл ажиллагааг бэлтгэх, зохион байгуулах нь цаг хугацааны нөөцийг тооцож байгаагын жишээ болно. |
Технологийн нөөц |
Хуралдааны дэг, төлөөлөгч, тэргүүлэгчийн ажиллах журам, хурлын байгууллагын дотоод журам, дүрэм технологийн нөөцөд хамаарна. |
Материаллаг нөөц |
Хурлын байгууллагын эд хогшил, техник хэрэгсэл, өрөө тасалгаа танхим гэх мэт |
Мэдээллийн нөөц |
Хууль тогтоомж, хурлын шийдвэрүүд, иргэдийн судалгаа, гарын авлага, ном, зөвлөмж, төлөөлөгчдийн дэвтэр, хавтас гэх мэт |
Төлөвлөлт
Энэ нь байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нийт арга замыг олон хувилбараар боловсруулж, түүнээс аль оновчтойг нь сонгох ажиллагаа юм. Төлөвлөлтийн үндсэн дээр байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замууд тодорхойлогдоно. Байгууллагын үйл ажиллагааг төлөвлөнө гэдэг нь дараах үндсэн гурван асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг. Үүнд:
1. Хурлын байгууллагын одоогийн оршин байгаа нөхцөл байдалд судалгаа хийж, үнэлэлт өгнө. Хурлын байгууллагын дотоод орчны сул ба давуу талыг тодорхойлно. Ийнхүү тодорхойлохдоо хүний нөөцийн чадавхи, санхүүгийн байдал, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, зохион байгуулалтын бүтэц, иргэдийн оролцоо, ил тод байдал, байгууллагын соёл гэх мэт олон хүчин зүйлсийг авч үздэг. Ингэснээр одоо бид хаана хүрээд байна вэ? гэдэг нь тодорхой болно.
2. Байгууллагын цаашдын хөгжлийн төлөв байдлыг тухайлбал байгууллагын зорилт, зорилгыг тодорхойлно гэсэн үг. Хурлын байгууллагын бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, хэтийн төлөвлөгөө, үндсэн чиглэлээ эргэж харснаар бидний зорилго юу вэ?, хаана хүрэх ёстой вэ? Гэдгээ тодорхой болгоно.
3. Байгууллага тавьсан зорилгодоо хүрэхийн тулд чухам юу хийх ёстойг тодорхойлно.
Тавьсан зорилго, зорилтоо хангахын тулд ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх түүнд зарцуулах хөрөнгө мөнгө, хүний нөөц, цаг хугацаа, арга зам зэрэг зүйлс тодорхой болно.
Хурлын байгууллагын төлөвлөлтийг менежментийн гурван төвшинд авч үзвэл:
Хурлын байгууллагын хувьд стратегийн төлөвлөгөө нь тухайн Хурал бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан “Үндсэн чиглэл” юм. Хурлын стратегийн төлөвлөгөө буюу Үндсэн чиглэл нь холыг баримжаалсан, алсын хараа эрхэм зорилго, зорилтыг тунхагласан төлөвлөгөө юм.
Харин тактикийн төлөвлөгөө гэдэг нь үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхийн тулд зорилт, арга хэмжээг дунд хугацаагаар төлөвлөн хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө юм. Хурлын жишээн дээр үзвэл тухайн хурлын жилийн ажлын төлөвлөгөө болно.
Монгол Улсын бүх бүс нутгийн төлөөлөл болохуйц 66 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын жилийн ажлын төлөвлөгөөнөөс харахад сумдын хурлуудын 70 хувь нь дунджаар жилд 35-55 ажил төлөвлөсөн байна.
Үйлдлийн буюу үйл ажиллагааны төлөвлөгөө нь тактикийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулж байгаа тухайн арга хэмжээ, үйл ажиллагаа бүрт зориулан боловсруулж баталсан хөтөлбөр, удирдамж, аргазүйн заавар, төлөвлөгөө юм. Тухайлбал: Хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулах хөтөлбөр, Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх удирдамж гэх мэт.
Зохион байгуулалт
Менежментийн энэ чиг үүрэг бол байгууллага тавьсан зорилгоо хэрэгжүүлэх үйл явц юм. Үүний тулд хүний, материаллаг, цаг хугацаа, мэдээлэл, санхүү, технологийн зэрэг бүх төрлийн нөөцийг оновчтойгоор нэгтгэн зангидах үйл явц юм. Энэ нь байгууллагын нийт үйл ажиллагаа, үйлдлийг тодорхой нэгж хэсгүүдийн хооронд, хувь хүмүүсийн хооронд хамгийн оновчтой, үр ашигтай хэлбэрээр хуваана гэсэн үг.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар бүх шатны хурал болон хурлын төлөөлөгчийн бүрэн эрх бол зохион байгуулалтын чиг үүрэгт хамаарах юм. Тухайлбал: Хурлын төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа нь менежментийн зохион байгуулах функцийг хэрэгжүүлж байна гэсэн үг.
- Хуралдаанд таслах эрхтэй оролцох, асуудал хэлэлцүүлэх,
- Хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах;
- Хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах;
- Хуралдааны шийдвэрийн биeлэлтийг тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах;
- Сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах гэх мэт.
Манлайлал\хошуучлал
Leadership буюу хошуучлал1 гэдэг ньхамт олныг зорилгод хөтлөх, чиглүүлэхэд нөлөөлөх үйл явц юм.
Үндэслэлтэй төлөвлөгөө боловсруулж, сайн зохион байгуулалт хийж, удирдагч өөрөө үлгэр жишээ ажилласнаар бүх асуудал амжилттай шийдвэрлэгдэхгүй. Хүмүүст нөлөөлөх арга хэлбэрийг оновчтой сонгох нь тавьсан зорилгодоо хүрэх чухал нөхцлийг бүрдүүлдэг. Хошуучлал гэдэг нь бусдад нөлөөлөх чадварыг хэлнэ.
Хүмүүсийг тухайн зорилгод нэг мөр чиглүүлж, тэдний хүчийг тухайн зорилгод нэгтгэж ашиглаж чадвал тэр хошуучлал мөн. Бидний ойлгож хэвшсэнээр манлайлал гэдэг нь дарга буюу удирдагчид л хамаатай асуудал биш юм. Хошуучлал нь хувь хүний давуу шинж, чадвар, үнэт зүйлтэй илүү холбоотой. Хэн ч ямар ч шинж чанараараа хошуучилж болно. Жишээлбэл: Сумын ИТХ-ын төлөөлөгч Бат бага боловсролтой, малчин. Тэр хуралдаанд оролцохдоо хэлэлцэж буй асуудалд ажил хэрэгч хандаж, дүн шинжилгээ хийж, нухацтай чухал асуулт, санал, шүүмжлэл хэлдэгээрээ хурлаас гарах шийдвэрт нөлөөлж чаддаг. Түүний хэлсэн үг, гаргасан санал шүүмжлэл бусад төлөөлөгчдөд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэ тохиолдолд төлөөлөгч Бат нь хошуучлалыг хэрэгжүүлж, ажил хэрэгч чанараараа бусдыг дагуулж байна. Мөн багийн малчид нь хадлан бэлтгэх, худаг гаргах, газар нутгаа хамгаалах, нөхөрлөл байгуулах зэрэгт төлөөлөгч Батын үгийг сонсдог, тэр ч тухайн асуудлыг нутаг орон болоод малчдад ашигтай байдлаар шийдвэрлэхэд малчдыг өөрсдийг татан оролцуулж хамтран ажиллаж байдаг. Энэ нь төлөөлөгч Батын сонгогчдоо хошуучилж байгаагийн илрэл.
Хяналт-шинжилгээ үнэлгээ
Хяналт-шинжилгээний чиг үүрэг бол аливаа байгууллага тавьсан зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодорхойлох, буруу үйлдлийг зогсоох,урьдчилан сэргийлэх ажиллагаа юм.Байгууллагын доторхи хяналтыг урьдчилсан, явцын, төгсгөлийн буюу эргэх холбооны гэж ангилан үздэг.
Хурлын байгууллагын хувьд доорхи чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж болно.
- Батлагдсан үндсэн чиглэл, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт
- Тогтоол, шийдвэрийн хэрэгжилт
- Засаг даргын мөрийн хөтөлбөр
- Төлөөлөгчдийн ажлын үр дүн
- Тодорхой хууль тогтоомжийн хэрэгжилт
- Төсвийн хэрэгжилт, үр дүн
- Зарим байгууллагын үйл ажиллагаад, үр дүн гэх мэт.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ бол хяналт шалгалт биш юм. Хяналт-шалгалтыг мэргэжлийн байгууллага хийдэг. Хурлын байгууллагын хяналт-шинжилгээ үнэлгээ бол сум орон нутгийн хөгжил, хурлын дотоод үйл ажиллагааны явц, хэрэгжилт үр дүнд хийгдэх учиртай. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд удирдамж, чиглэл, аргазүй хэрэгтэй. Энэ чиглэлийн гарын авлага, зөвлөмж хурлын байгууллагад дутагдаж байна.
Менежментийг дан ганц чиг үүрэг, үйл явцын үүднээс үзэж болохгүй. Байгууллагыг амжилттай удирдахын тулд хүмүүсийн харилцаа, сэтгэл зүй, үүрэг даалгаврын харилцан хамаарал, системийн онолзэрэг олон хүчин зүйлсийгавч үзэх шаардлагатай. Байгууллага үйл ажиллагаагаа төлөвлөх, зохион байгуулах, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, урамшууллын болон хяналтын үр ашигтай системийг тогтооход хүний нөөц ихээхэн үүрэгтэй. Байгууллагын менежментэд хүний нөөцийн менежмент гол байр суурь эзэлдэг.
- Хурлын байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах нь:
Хүний нөөц гэдэг нь хурлын байгууллагын хувьд төлөөлөгчдийн мэдлэг боловсрол, арга туршлага, ур чадвар, авъяас билэг, эрсдэл хүлээх чадвар, хувийн давуу чанар, хүсэл эрмэлзлэл нь юм. Хуралд элэгтэй, дадлага туршлагатай, чадвартай төлөөлөгч бол тухайн хурлын хүний нөөцийн үнэт зүйл болно.
Хүний нөөц бол бусад нөөцүүдийг бодвол шавхагдашгүй арвин нөөц байдаг. Сургаж, хөгжүүлж тордож байвал байгууллагын хөгжлийн үндсэн хүчин зүйл болж байдаг. Хурлын байгууллагын хүний нөөц нь бусад байгууллагыг бодвол бүрэн эрхийн хугацаагаар шинэ нөөц бүрдүүлэлт хийгддэгээрээ ялгаатай. Иймээс тухайн Хурлын нарийн бичгийн дарга нар дөрвөн жил тутамд шинэ баг бүрдүүлнэ гэсэн үг.
Сонгуулийн үр дүнд сонгогдон төлөөлөгчийн эрх нь баталгаажсан шинэ хамт олныг нэг баг болгож, нэг зорилгод хөтлөх нь хурлын менежерийн үүрэг.
Хүний нөөцөө хөгжүүлэх сургахад менежер нэн даруй дараах алхмыг хийх нь зүйтэй.
- Хүний нөөцийн чадавхиа судлах Үүнд: Төлөөлөгчдийн боловсрол, ажил мэргэжил, туршлага, авъяас чадварыг судалж, судалгаагаа нэгтгэн дүгнэж, шинэ хамт олны давуу болон сул талыг тодорхойлох
- Судалгаанд үндэслэн хүний нөөцийн сургалт- хөгжлийн төлөвлөгөө гаргах
Төлөвлөгөө нь доорхи 3 асуултанд хариулсан байх учиртай.
- Хурлын байгууллагын хүний нөөцийн чадавхи одоо ямар байна?
- Бүрэн эрхийн хугацаанд хүний нөөцийн хөгжлийг ямар төвшинд хүргэх вэ?
- Байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд хүний нөөцийг хэрхэн яаж ашиглах вэ?
Монгол Улсын бүх бүс нутгийн төлөөлөл оролцсон 66 сумын хурлын байгууллагын хүний нөөцөө чадавхижуулж байгаа туршлагаас харахад сургалтуудыг олон хэлбэрээр зохион байгуулдаг байна. Ихэвчлэн Хурлуудын өөрсдийн санаачлагаар Нутгийн удирдлагын холбооны хөтөлбөрт сургалтад хамруулж, аймаг орон нутагтаа бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч, төлөөлөгчдийн хуралдаа ажиллах чадавхи дээшилсэн гэж төлөөлөгчид өөрсдөө дүгнэж байна.
Хурлын байгууллагын хүний нөөцийг \төлөөлөгчдийг\ сургаж хөгжүүлэх ажлыг менежментийн үүднээс зохион байгуулах нь өнөөгийн нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагатай уялдах юм. Иймд хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар хүний нөөцийн менежментэд суралцах хэрэгтэй.
Хурлын байгууллагын хүний нөөцийг чадавхижуулж буй туршлагуудыг нэгтгэн цаашид хүний нөөцийг хөгжүүлэх, боловсронгуй болгох арга хэлбэрийг сумын ИТХ-ын жишээн дээр тоймлон үзвэл.
Нэг. Сургалт
- Төвийн сургалт. Аймгийн төв болон Улаанбаатар хотод Нутгийн удирдлагын холбоо, бусад байгууллагын “Хөтөлбөрт сургалт”-уудад сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг хамруулах сургалт.
- Бүсчилсэн сургалт. Аймагтаа болон хөрш хил залгаа аймгийн сумдын Хурлууд бүсчилэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөө хамтран гаргаж, сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг сургалтад хамруулах. Сургалтын хөтөлбөр, агуулга, аргазүй, удирдах багшийн талаар аймгийн Хурлаас болон бусад байгууллагаас дэмжлэг авч болно.
- Орон нутгийн сургалт. Сумандаа тодорхой хууль тогтоомжийн чиглэл, сэдэв агуулгын хүрээнд төлөөлөгч, тэргүүлэгчид, хороод, багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг хамруулах сургалт. Тухайлбал: Төсвийн хэрэгжилтэд Хурлын байгууллагын оролцоо, эрх үүргийн чиглэлээр гэх мэт. Орон нутгийн мэдлэг чадвартай иргэдэд түшиглэн сургагч багшийг сонгож болно.
- Хурлын дотоод сургалт. Тэргүүлэгчид, багийн ИНХ-ын тэргүүлэгчид, хурлын дотоод бүтэц болох Хороодод тодорхой арга хэмжээ, үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх сургалт. Жишээлбэл: Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийхээр төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хяналт-шинжилгээ үнэлгээний удирдамжаа танилцуулж, ямар аргазүйгээр хийх, дүгнэлт зөвлөмжөө хэрхэн бичих талаар чиглэл өгнө. Дотоод сургалтыг дарга, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид голчлон зохион байгуулна.
- Хурлын дарга, нарийн бичгийн даргын мэргэших, мэргэжил дээшлүүлэх сургалт. Хурлын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ЗГХЭГ, төсөл хөтөлбөрүүдээс зохион байгуулдаг мэргэшүүлэх чадваржуулах сургалтууд. Мөн Удирдлагын академид нутгийн удирдлагын чиглэлээр мэргэших боломжтой.
Хоёр. Туршлага солилцох, судлах арга хэмжээ
- Аймаг, орон нутгийнхаа хамгийн сайн үйл ажиллагаатай Хурлыг судлан тогтоож, туршлагыг нь судлах арга хэмжээ. Туршлага судлах санал хүсэлтээ уламжлан, санал солилцоно. Арга хэмжээг хийх газар, цаг хугацаа, хөтөлбөр, оролцох хүний тоог хамтран шийдвэрлэнэ. Энэ арга хэмжээг зөвхөн тэргүүлэгчдийн хүрээнд эсхүл төлөөлөгчдөө бүрэн хамруулах эсэхийг ярилцаж хамрах хүрээг тогтоож болно. Хөтөлбөрт нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдийн ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэж үр дүнд хүрсэн туршлага, тэргүүн туршлагатай төлөөлөгчийн ярилцлага, эсхүл тайланг сонсох, хурлын шийдвэрийн хэрэгжилт, түүнд тавьж буй хяналтыг хэрхэн хэрэгжүүж байгаа туршлага зэрэг тодорхой, үр дүнгээ өгөхүйц ажилбаруудыг тусгаж өгөх нь зүйтэй.
- Хуралдааны үеэр туршлага судлах. Тухайн хурлын туршлагыг хуралдааны явц дунд нь судлах боломжтой. Асуудлыг хэрхэн хэлэлцэж байгаа, хуралдааны дэгийн хэрэгжилт, тэргүүлэгч, төлөөлөгчдийн асуудалд хандаж байгаа хандлага, даргын хуралдаан удирдах чадвар, хуралдааны бэлтгэл хангагдсан байдал зэрэг сайн болон сул талуудыг хуралдаанаас харж болдог.
- Хурлын баримт бичгийг судалж, туршлага, шинэ санаа олж авах. Баримт бичиг бол хамгийн сайн мэдээлэгч. Тэргүүний ажиллагаатай хурлын баримт бичгээс тухайн Хурлын чадавхийг харж болно. Төлөвлөгөө, тайлан, хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, хийсэн хяналт-шинжилгээний дүн, зөвлөмж, төлөөлөгч, тэргүүлэгчийн хавтас, дэвтэр зэрэг баримт бичгээс шинэ санаа тэргүүн туршлага олж авч болно. Мөн алдаа оноо, эрсдлийг ч харж болно. Үүнийг дарга, тэргүүлэгч, нарийн бичгийн даргын хүрээнд хийх нь зохимжтой.
- Сумдын хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын сургалт, семинар, цугларалтын үеэр тэргүүн туршлага танилцуулах арга хэмжээ, ярилцлага, хэлэлцүүлэг хийж болно. Тухайн Хурлын ажлыг бүхэлд нь эсхүл тодорхой нэг туршлага болохуйц ажлаа танилцуулахаар төлөвлөж зохион байгуулах нь сургалт семинарын үр өгөөжийг дээшлүүлнэ.
Гурав. Дагуулан сургах нь
Хурал шинэ тутам хөгжиж байгаа байгууллага. Мөн хүний нөөц нь тодорхой хугацаанд тогтмол шинэчлэгдэж байдаг онцлогтой. Хурлын талаар мэдлэггүй, хурлын ажилд туршлагагүй шинэ төлөөлөгчдийг бэлтгэж, сургах хурлын менежерийн гол үүрэг.
- Шинэ хурал бүрдсэний эхний үед анх удаа сонгогдож байгаа төлөөлөгчдөд тодорхой асуудал даалгаж, бэлтгүүлэн тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлэх, асуулт асуух, санал шүүмж хэлэх чиглэл, аргазүйг хэлж сургах
- Багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид хуралдаанаа удирдах дадал чадварыг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх эхний хуралдаануудын үед хамтран ажиллаж, сургах хэвшүүлэх
- Багийн ИНХ-ыг тэргүүлэгчдэд хариуцуулан Хурлыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилуулж байгаа туршлага ч бий.
Дүгнэлт
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар бүх шатны хурал бол нутгийн өөрөө удирдах БАЙГУУЛЛАГА тул Хурлын байгууллагын үйл ажиллагааг менежментийн үүднээс авч үзэх нь нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлага болж байна.
Монгол Улсын бүх бүс нутгийн төлөөлөл оролцсон 66 сумын хурлын 900 гаруй төлөөлөгчдийн дунд явуулсан асуулгаар тэдний 90 хувь нь менежментийн тухай ойлголтыг ажил, амьдралын явцад олж авсан. 330 сумдын хурлын нарийн бичгийн дарга нараас авсан асуулгаар тэдний 40 гаруй хувь нь дунд богино хугацааны сургалтаар менежментийн тухай анхан шатны мэдлэгийг олж авсан байна. Иймд хурлын төлөөлөгчид, дарга, нарийн бичгийн дарга нар менежментийн мэдлэгт суралцан, үйл ажиллагааг менежментээр удирдах нь өнөө цаг үеийн тулгамдсан хэрэгцээ байна.
Мөн хүний нөөцийн менежментийг хурлын байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх нь хурлын байгууллагын цаашдын хөгжилд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Хуралд элэгтэй, хурлын ажлын туршлагатай, иргэдэд нөлөө бүхий төлөөлөгчид нь Хурлын байгууллагын хөгжлийн хөдөлгөгч хүч байх болно.
Хурлын байгууллагын менежмент, хурлын хүний нөөцийн менежментийн талаар дусал төдийхнийг энэхүү илтгэлд хөндөн гаргалаа.
Хурлын менежментийн чиглэлээр судлагдаагүй орон зай байгааг хурлын байгууллагыг хөгжүүлэхийг эрмэлзэгч ажилтан, албан хаагч, эрхэм судлаачид анзааран судлахыг санал болгож байна.