Дархан-Уул аймгийн "Дархан Хайрхан” тахилгат уулыг тахих ёслол зуны тэрнүүн сарын цагаагчин могой сарын шинийн 15-ны 4 могой мэнгэтэй шаргачин тахиа өдөр буюу 6-р сарын 2-нд лусын буулттай билэгт сайн өдөр боллоо. Эрт цагаас Монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэснээр XIII зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг үрийн үрд тахиж. үе тутам шүтэж байхыг зарлиг буулгаж байна . Үүнээс хойш Богд хан, Отгонтэнгэр, Бурхан Халдун уулыг төрийн ёслолын хэмжээнд зарлигаар тахиж байсны дээр Их Дархан хайрхан уулаа орон нутгийн тахилгат уул болгож Дарханчууд тахиж ирснээр даруй 8 жил өнгөрч байна. Дархан хайрхан уулыг монголчууд тахиж сүслэн дээдлэж ирсэн хугацаа 300 гаруй жилийн түүхэн он тоолол юм. Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ эх оронч. үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа, үйлдлэг сэтгэлгээг агуулдагт энэхүү тайлга тахилгын ёслолын ач холбогдол гүнээ оршиж байдаг юм.“Дархан хайрхан” уул нь Хэнтийн нурууны салбар их Дархан, бага Дархан гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд далайн түвшнээс дээш 1239.2 метр өргөгдсөн тогтоц бүхий хайрхан юм. Энэхүү уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалын үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм. Хайрханы тахилгын өдөр өглөө ний 7-8 цагийн хооронд нар тэнийх цагаар горхи булгийн эхэнд лам хуврагууд ном айлдсанаар талга тахилгын үйл ажиллагаа эхэлсэн юм. Дараагаар нь аймаг сумын удирдлагууд сүсэгтэн олон тэр дундаа эрчүүд тахилгын овоог зорисон бөгөөд Дан ганц дархан гэлтгүй Монгол орны олон аймаг сумдаас их хайрханаа зорин ирсэн эрчүүд тахилгын овоогоо нар зөв тойрон эх нутаг элгэн саднаа даатган сүсэглэсэн юм. Төрийн тахилгат хайрханыг тайх тахих ёслол шашин төрийн нэгдэл томоохон зан үйл үйлддэг бөгөөд энэ хүрээнд төрийн айлтгалыг уншиж галд өргөл өргөн дархан түмнээ даатгасан юм. Тайлга тахилгын ёслолд Таремө нийгэмлэгийн тэргүүн гэвш лхарамба Содномдаржаа ламтан, хараагийн дарь эх ламын гэцогдаржаалин хийд болон гэлэгпэлжээлин хийн лам хуврагууд оролцов.