Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УИХ-ын дарга Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтэнд оролцов

2015-06-09

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд 2015.06.07-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. УИХ-ын даргыг Дархан-Уул аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд угтан авлаа.

   УИХ-ын даргад тус аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн цаг үеийн асуудлаар танилцуулга хийж, холбогдох асуудлаар харилцан санал солилцсоны дараа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтийн арга хэмжээнд оролцож нээж үг хэллээ.

    “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтийг тус аймгийн Засаг дарга С.Насанбат нээж, Монгол Улсын Их Хурлын даргыг оролцогчдод үг хэлэхийг урив.

    УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, ЗДТГ-ын удирдлагуудтай би энэхүү сургалтын өмнө ажлын уулзалт хийж зарим асуудлаар ярилцлаа.  Дархан-Уул аймгийн статусын талаар санал солилцлоо. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Өөрчлөлтөөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэдэг үгийг тусгай хот гэдэг тодотголтойгоор оруулахаар төсөл яригдаж байна. Энэ нь ажил хэрэг болвол урт хугацааны төлөвлөлтийн дагуу газраа томосгож тэлсний үндсэн дээр, хөгжлийн урт хугацааны бодлогыг тодорхойлох боломж Дархан, Эрдэнэтийн ард иргэд та бүхэнд бүрдэх юм. Энэ удаагийн УИХ Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж ямар байгууллага юм, ЗДТГ-тай хэрхэн харилцах ёстой байгууллага вэ, Төсвийн эрх мэдлийн асуудал, мөн төсөв батлахад оролцох эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг зохион байгуулалтын болон удирдлагын зарим механизмыг өөрчилсөн. Үүний хүрээнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг УИХ-ын Тамгын газар хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төсөл төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2013 оны 3-р сард УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурснаар  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн.  Энэхүү төсөл олон ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн байна. Сургагч багш нарын үндэсний сүлжээг бий болгож байна. 2013-2014 онд улсын хэмжээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны бүрэлдэхүүнээс тус бүр 2, Монголын Нутгийн удирдлагын холбоо, Монголын Баг, сумдын үндэсний холбооноос тус бүр 10, нийт 62 сургагч багшийг сургаж бэлтгээд байна. Сургалтын хөтөлбөр, гарын авлагуудыг гаргаж байна.  Тухайлбал, нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчин, ногоон хөгжил, Хүний эрх ба жендэр зэрэг сэдвүүдээр 24 цагийн сургалтын хөтөлбөр, дагалдах гарын авлагын хамт боловсруулсан байна. Мөн энэхүү сургалтын хоёрдахь шатны сургалтын агуулга, хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хурлын төлөөлөгчийн Манлайлал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох, Судалгаа хийх арга зүй, ИТХ-аас бусад байгууллагуудтай харилцах зэрэг сэдвүүдийг боловсруулж, өнөөдрөөс та бүхэнд энэ сургалт явагдах гэж байна. Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт явуулж байна. Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг иргэдийн Төлөөлөгчдийн 361,  Хурлын 8000 гаруй сонгуульт төлөөлөгчдөд хүргэж,  хамрагдалт 85.5 хувьтай болжээ.  Мөн эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 21 аймаг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс 30 сургагч багш бэлтгэсэн байна.

Өчигдөр энэхүү сургалтын үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт болох үеэр би оролцсон. Энэхүү сургалтад идэвхтэй оролцон, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэн, сургалтыг үр дүнтэй явуулахыг хүсч байна. Орон нутгийн ард иргэдээс шууд сонгогддог итгэлийг хүлээсэн төлөөлөгчид та бүхэн байгаа. Сумын захиргаа тэр чигээрээ иргэдийн хурлын төлөөлөл болсон байсан муу туршлага нэг суманд гарч байсан. Сумын захиргааныхаа сумын хурлаа хийхийн зэрэгцээ мөн ИТХ-ын хурлаа хийж байсан. Энэ доголдлыг арилгахын тулд Төрийн албан хаагчид ИТХ-д сонгогдохыг хуулиар хориглож өгсөн. Хөдөө орон нутгийн зарим аймаг, сумдад боловсон хүчний дутагдалтай асуудлууд бий.

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн Үндэсний удирдагч Б.Болдбаатар оролцож, сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, энэхүү төслийн зорилго, хүрэх гол үр дүн нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгоход оршиж байна. Төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургалтад хамруулж, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлэнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. УИХ-ын Тамгын газар уг төслийн үндэсний хэрэгжүүлэгчээр нь ажиллаж байгааг хэллээ. Байнга бид судалгаа явуулж байгаа, та бүхэнд хуулиар олгогдсон эрх мэдлийн талаар бид сургалтдаа хэлэлцэж байгаа. Орон нутгийн ИТХ нь тухайн орон нутгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргахын зэрэгцээ хөгжлийн бодлоготой холбоотойгоор эрхзүйн орчныг сайжруулах талаар төсөл оруулж ирэх өргөн боломж бүрдсэн байна. Энэхүү сургалтаас гарсан санал бүрийг тусган хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих боломж бий. Бид энэхүү сургалтыг хийснээр сайн туршлагыг солилцох зорилгоор www.hural.mn вебсайтыг ажиллуулж байна. Энэхүү сайтын үйл ажиллагааг идэвхжүүлж, туршлагаа солилцон ажиллана гэдэгт итгэж байна. Мөн хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотыг холбосон шууд цахим хурал хийх боломж бүрдсэн байгаа. Мөн та бүхэн тойргоосоо сонгогдсон гишүүдтэйгээ цаг үеийн асуудлаар уулзалт, орон нутгийн өмнө тулгарсан асуудлаар сонсгол хийх боломж байгаа гэв.

УИХ-ын даргыг Дархан-Уул аймагт ажиллах үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%