Энэхүү орон сууц нь Монгол улсын Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан "Аймаг бүрт 1000 айлын орон сууц" төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалт юм.
“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төсөл Архангай, Ховд, Увс, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад хэрэгжиж байгаа бөгөөд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд эхний 120 айлын “Булган хангай” хороолол сүндэрлэн ийнхүү ашиглалтанд орж байна.
Тус 120 айлын орон сууцны барилгыг Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Монгол улсын Хөгжлийн банкны Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж, барилга угсралтын ажлыг “Хасү Мандал трейд” ХХК гүйцэтгэсэн байна.
Булган хангай хорооллын барилга угсралтын ажлыг 2014 оны 6 дугаар сард эхлүүлсэн. Нийт 5 давхар, 40 айлын гурван орон сууцны барилга баригдсан.
Булган хангай хорооллын орон сууцны 1м2-ын үнэ 1,180,0 төгрөг бөгөөд орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшин, худалдан авах чадвар дээр тулгуурлан үнийг тогтоосон, илүү зардал нэмэгдээгүй хэмээн Төрийн орон сууц корпорациас мэдэгдсэн.
Аймгийн удирдлагууд тус хороололд нийгмийн салбарын албан хаагчид тодруулбал эмнэлэг, сургуулийн ажилчдыг дэмжин орон сууцжуулах бодлогыг баримталж байгаа ажээ.
Архангай аймгийн хувьд 2012 оноос өмнөх 26 жилийн дотор 36 айлын орон сууц ашиглалтанд орсон байдаг бол сүүлийн гурван жилийн дотор 744 айлын орон сууц ашиглалтанд орсон судалгаа байдаг юм байна.