Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар улс бүсийн олимпиадад эхний гурван байранд шалгарсан багш, сурагч, шавь бэлтгэсэн багшийг 200-500 мянган төгрөгийн мөнгөөр урамшуулах захирамж гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Энэ хичээлийн жилд улсын олимпиадаас медаль хүртсэн гурван сурагч тэднийг бэлтгэсэн гурван багш болон улсын олимпиадад амжилт үзүүлж мөнгөн медаль хүртсэн хоёр багшийг тус тус алдаршуулж шагнах ажиллагаа боллоо.
2013 оноос хэрэгжиж эхэлсэн уг захирамж нь багш сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх, сурлагын чанарыг нэмэгдүүлэх, орон нутгаа улс бүсийн хэмжээнд сурталчилах, сурагчдын идэвхи оролцоог нэмэгдүүлж улмаар сурлагын голч дүнг массын түвшинд нэмэгдүүлэх зорилготой.
Өмнөх жилүүдэд Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдэд сурагчид амжилт үзүүлж байсан бол энэ жилээс Биологи, Мэдээлэл зүй, Зураг зүйн хичээлээр төрлөө нэмж нөгөөтэйгүүр мөнгөн урамшуулал хүртэх багш, сурагчдын тоо нэмэгджээ.
Энэхүү захирамжийг боловсролын салбарт тэр дотроо орон нутагт хэрэгжиж буй сайн жишээ хэмээн салбарын яамнаас нь сайшааж байгаа юм.
Засаг даргын санаачилсан багш сурагчдыг урамшуулах захирамж хэрэгжиж эхэлснээс хойш нийт 6 сурагч, 8 багшид нийт 5,3 сая төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгожээ.
Урамшуулалыг Тариат, Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумын багш, сурагчид нар хүртэж байгаа нь алслагдмал хөдөөгийн сурагчид улсын шилдэг сургуулийн сурагчидтай эн зэрэгцэхүйц мэдлэг боловсролтой байгааг нотлон харуулж байгаа юм.
Багш сурагчдыг шагнаж урамшуулахаас гадна аймаг улсын хэмжээнд үзүүлсэн сурлагын амжилтаас шалтгаалан тухайн сургуулийг мөн урамшуулдаг ажээ.
Архангай аймгийн боловсролын салбарыг улсын дунджаас дээгүүр үнэлэгдэх боловсролын түвшинтэй болгох аймгийн удирдлагууд, багш сурагчид, эцэг эхчүүдийн хамтын хөдөлмөр үр дүнгээ өгсөөр байна.