Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МЭДЭГДЭЛ

2015-09-14

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын ирц бүрдээгүй байхад 4 тэргүүлэгч хууль бус хурал хийж, албан бус шийдвэр гаргасантай холбогдуулан аймгийн ИТХ-ын даргын зүгээс албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.


Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар 2015 оны 08 дугаар сарын 31-нд Тэргүүлэгчдийн хурал зарласан боловч хуралд ирвэл зохих 11 Тэргүүлэгчээс 5 Тэргүүлэгч ирж, бусад нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй бөгөөд хүчин төгөлдөр хуралдах ирц бүрдээгүй, хурал нээх боломжгүй тул хурлыг хойшлууллаа гэдгээ ИТХ-ын дарга миний бие зарлаад гарч явсан. 
Намайг гарсны дараа дөрвөн Тэргүүлэгч хууль бусаар хуралдаж Хурлын дарга санал болгоогүй, ирц бүрдээгүй байхад хурал даргалагчаар П.Эрдэнэбатыг сонгож хурал гэгч үйл ажиллагаа явуулж, хууль зөрчсөн шийдвэрүүдийг гаргасан байна.
Аймгийн ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хурал нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон батлагдсан тусгай дэгийн дагуу явагдах ёстой. 
Хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д аймаг, нийслэл, сум дүүргийн хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны дэг-ийн хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг ИТХ-ын дарга удирдана, хурлын даргын эзгүйд ИТХ-ын даргын санал болгосноор аль нэг Тэргүүлэгч удирдана”,  2 дахь хэсэгт  “Тэргүүлэгчдийн хуралдаанд олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэсэн заалтуудыг зөрчсөн.  
Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны дэгийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Бэлтгэгдэж зөвшөөрөгдсөн материалыг хэлэлцэх дараалалд оруулж төлөвлөгөө боловсруулан ИТХ-ын даргын захирамж гарсны дараа урьдчилан судлах шаардлагатай материалын хамт хурал хуралдахаас 1-ээс доошгүй хоногийн өмнө Тэргүүлэгчдэд бичгээр юм уу электрон шуудангаар хүргүүлнэ гэсэн заалтуудыг зөрчин урьдчилан тараагдаагүй, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлуудыг   шууд хэлэлцэж, дур мэдэн хууль бус тогтоолуудыг гаргасан байна.  
Нэгжийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д хурлын болон хурлын тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга ... гарын үсэг зурна”  мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан ИТХ-ын тэргүүлэгчийн хуралдааны дэгийн дөрөвдүгээр зүйлийн 1-д “Шийдвэрийн төсөлд Тэргүүлэгчдээс шийдвэрт тусгахаар баталсан өөрчлөлтийг оруулан..., Хурлын дарга гарын үсэг зурж, тамгыг дарсанаар хүчин төгөлдөр болно” гэж заасан заалтуудыг зөрчин тогтоолд Тэргүүлэгч гарын үсэг зурсан нь хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл юм. 
Хууль бус хурлыг хийхдээ өөрсдийнхөө санаагаар намайг ирцэнд оруулан хурлыг орхин гарсан тул эсрэг санал өгсөнд тооцож, 1 тэргүүлэгч түдгэлзэж, 3 тэргүүлэгч  зөвшөөрсөн гэж хууль бус үйл ажиллагаагаа явуулж дуусган, гаргасан тогтоолдоо тамга дарахыг Хурлын дарга надаас шаардсан боловч миний бие Та бүхний хийсэн хурал, гаргасан шийдвэр чинь хууль бус тул тамга дарах боломжгүй гэдгийг удаа дараа хэлсээр байтал өөрсдөө хүчээр сейф онгойлгон, тэмдэг авч даран төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийлээ. 
Эдгээр 3 тэргүүлэгчийн хийсэн хуралдаан гэгч үйл ажиллагаа нь хуулийн хүчин төгөлдөр бус, хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл гэдгийг олон нийтэд мэдэгдэж байна.
Иймд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь аливаа асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, олон нийтэд үнэн зөв бөгөөд бодит мэдээлэл хүргэх эрх, үүргийнхээ хүрээнд үнэн зөв мэдээллийг хүргэнэ гэдэгт найдаж байна. 
Бид дээрх 3 тэргүүлэгчийн гаргасан хууль бус үйлдлийг холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%