- Энэ хичээлийн жилд Дархан суманд 100-150 хүүхдийн хүчин чадалтай 2 цэцэрлэг шинээр нээгдсэн бол ирэх сард ширээ нуруунд 80 хүүхдийг хүлээн авах 2 бүлэг, мөн 12-р цэцэрлэгт 35 хүүхдийн нэг бүлэг шинээр нээгдэх гэж байна.
- 12-р цэцэрлэгийн шинэ бүлгийн засварын ажлыг цэцэрлэгийн багш, ажилчид өөрсдөө хийж байна. Тэд 10-р сарын 1 гэхэд засвараа дуусган хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөжээ.Шинээр нээгдэж байгаа бүлгийн засвар тохижилтонд 16-18 сая төгрөг шаардлагатай тооцоо судалгааг гаргасан байна. Харин ангийн засварыг 100 хувь эцэг эхчүүдийн хандиваар хийж байгаа бол хүүхдийн ширээ сандал, хувцасны шкаф зэргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтаар авч өгсөн аж.
- Харин одоо хөнжил даавуу, тоглоом хэрэглэгдэхүүнээ бүрдүүлэх тал дээр цэцэрлэгийнхэн байгууллага, аж ахуй нэгжүүдийн дэмжлэг туслалцааг хүсч байгаа юм. Эхний ээлжинд Дархан сумын ЗДТГ-аас зарим хэрэгцээтэй зүйлд нь зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсоныг цэцэрлэгийн эрхлэгч З.Батхишиг хэлэв
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүрэлцээг нэмгэдүүлэх үүднээс аймаг орон нутгаас үндсэн 3 бодлого барьж байгаагийн нэг нь сургууль, цэцэрлэгүүдийн ашиглагдахгүй байгаа анги танхимын ашиглалтыг сайжруулан, шинээр бүлэг нээх явдал юм. Үүний хүрээнд өмнөх онд тус цэцэрлэгт 2 бүлгийг нээн 70 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Харин одоо ахин нэг бүлгийг нээснээр 12-р цэцэрлэг нийт 13 бүлэгтэй 440 гаруй хүүхэдтэй сургалт хүмүүжлийнхээ үйл ажиллагааг явуулахаар болж байгаа юм.Сүүлийн судалгаагаар Дархан суманд цэцэрлэгт хамрагдалт 89 хувьтай байгаа. Энэ мэтээр анги тахимуудыг засаж тохижуулан шинэ бүлгүүдийг нээснээр СӨБ-д хамрагдалтын хувийг цаг хугацааны хувьд илүү хурдан нэмэгдүүлж, гэртээ цоожтой хаалганы цаана үлддэг бага насны хүүхдүүдийн тоог буруулахад бодит хувь нэмэр болж байгааг албаныхан хэлж байна