Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас зохион байгуулсан “2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээнд санал авах” хэлэлцүүлэг болов.
Хэлэлцүүлгийг аймгийн болон сумдын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимууд хамтарч нээлттэй хэлбэрээр зохион байгууллаа. “Сум орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж иргэд тухайн орон нутагтаа эзэн нь байж өөрсдийн оролцоотой хөгжүүлэхэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө тодорхой үр дүн өгсөн ажил боллоо” гэж аймгийн Иргэний танхимын дарга Л.Гүнчин онцлов. Өнгөрсөн хугацаанд ОНХС-ийн хөрөнгөөр “Жишиг хороолол”, нийтийн орон сууцны инженерийн шугам сүлжээ, зам засварлах, гэрэлтүүлэг зэрэг олон ажлуудыг хийж байгааг иргэд үнэлж байв. Гэвч хөрөнгө зарцуулж хийсэн бүтээн байгуулалтын ажлуудын чанар, гүйцэтгэлд тавих хяналт, хариуцлага сул байгааг хэлэлцүүлэгт оролцсон иргэд шүүмжиллээ. Ирэх онд улс орны эдийн засгийн хямралтай холбогдуулж хөрөнгө оруулалт буурна гэдгийг аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга С.Баясгалан хэлээд багууд нэн тулгамдсан асуудлаа эрэмблэх хэрэгтэй гэв.
Тус хэлэлцүүлэгт 80 гаруй иргэд оролцож санал хүсэлтээ илэрхийллээ. Саналыг багцалбал : Тендэр шалгаруулах явцыг ил тод болгоё, бүтээн байгуулалтын ажлын чанарт анхаарч хариуцлага тооцдог больё, гэр хороолол хөгжлөөс хоцорч байгаа учраас хөрөнгө оруулалт хийгээч зэрэг олон санал гаргав. Хэлэлцүүлгийн төгсгөлд Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат:- “Иргэдээс гаргаж буй шүүмжлэл, гомдлын мөрөөр өөрийн биеэр газар дээр нь ажиллах болно“ гэв.