Өнөөдөр /2015.10.30/ аймгийн удирдлагууд иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд болон ТББ-уудын төлөөлөлүүдтэй уулзалт хийв
Уулзалтанд 20 гаруй төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож санал солилцсон юм.
Төр-иргэний нийгмийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, төрийн бодлого боловсруулахад иргэний нийгмийн оролцоо, үр нөлөөг нэмэгдүүлэх нь маш чухал асуудал болохыг төр хүлээн зөвшөөрдаг. Гагцхүү түүний хэрэгжилт тун хангалтгүй байсаар ирсэн.
Дархан-Уул аймгийн хэмжээнд улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй 256 төрийн бус байгууллага бий. Эдгээрээс аймгийн санхүү төрийн сангийн хэлтэст санхүүгийн тайлангаа ирүүлдэг 128 төрийн бус байгууллагын судалгаа гарчээ. Дархан хотын хөгжлийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ гаргаж ажилладаг нэг үгээр байнгын идэвхтэй ажиллах 20 орчим ТББ-ууд бий гэдгийг тус уулзалтын үеэр онцлон хэлэв.
Орон нутаг дахь иргэний нийгмийн байгууллагуудын чадавхи, үйл ажиллагааны хамрах хүрээ, санхүүгийн байдал сул байгаа нь шийдвэр гаргах үйл явцад оролцох, бүлгийн болон нийтийн эрх ашгийг нэгтгэж илэрхийлэх, хэрэгжүүлэхэд ихээхэн саад болж байгаа ч нэг талаас нутгийн удирдлагын бодлогын үйл явцад ИНБ-ыг оролцуулах сонирхол, хандлага төлөвшөөгүй, нөгөө талаас ИНБ-ын зүгээс хүчтэй шаардлага тавьж оролцох арга замаа төдийлэн эрэлхийлдэггүй нь том тээг болж байгааг мөн үеэр хөндөн ярьлаа.
Иймд нутгийн удирдлагын байгуулагуудаас ТББ-тай зөвлөлдөх, хамтран ажиллах нь чухал байна. Илүүтэй бүтээлчээр оролцдог, олон нийтийн санаа бодол, хүсэл зоригийг нийтийн үйл хэрэгт дайчлан зохион байгуулж чаддаг төрийн бус байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна гэв.
Сургалт, судалгаа, сурталчилгаа, хяналт, үнэлгээний ажлыг Иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, шаардагдах хөрөнгө санхүүжилтийг нь орон нутгийн төсөвт тусгаж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх саналыг уулзалтанд оролцогчид дэмжиж байсан юм.
Мөн үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын ихэнх нь өөрийн байргүй байдаг нь тогтвортой ажиллахад саад болж байгаа тухай санал хэлсэн хүн бүр онцолж байлаа.
Мөн үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас боловсруулсан Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн хэрэгжилтийг эрчимжүүлж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарах шийдвэрт төрийн бус байгууллагуудын санал, санаачлагыг тусгах, шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавихад тэдний идэвхи санаачилга, оролцоог өргөжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой журмын төсөлд санал авлаа. Төсөлд өгөх санал болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэе. Хамтран ажиллах, ТББ-уудын үйл ажиллагааг идэвхитэй дэмжин ажиллана гэж аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат уулзалтын төгсгөлд илэрхийллээ.