Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ-2015” уралдааныг улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлаж байна

2015-11-06

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг НҮБ-аас Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан бөгөөд энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний сайн туршлагыг тодруулан шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил “ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ - 2015” уралдааныг улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлаж байна. 

Хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад үлгэр дууриал болгоход уралдааны зорилго оршино. 

Шалгуур үзүүлэлт:

1. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх хүсэл зориг, эрмэлзэлтэй удирдлага 

Шагналын зорилго, ач холбогдол: 

  • Олон нийт тэр дундаа төрийн байгууллагын удирдах ажилтны авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, уриалах, үлгэр дууриалал үзүүлэх

Шалгуур:

  • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг үнэлэх аргачлалын Авлигатай тэмцэх санал санаачилгын шалгуур үзүүлэлтээр 25-аас дээш оноогоор үнэлэгдсэн, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шинэлэг ажил, үр дүнтэй арга хэмжээ санаачлан хэрэгжүүлсэн, хөндлөнгийн үнэлгээ хийх боломжийг бүрдүүлсэн төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах ажилтныг энэ номинацид нэр дэвшүүлнэ. 

2. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон нийтэд хүртээмжтэй, оролцоог хангасан шударга ёсны аян зохион байгуулсан байгууллага 

Шагналын зорилго, ач холбогдол: 

  • Иргэд, олон нийтийн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх хүсэл эрмэлзэлэлийг нэмэгдүүлэх, уриалах, үлгэр дууриалал үзүүлэх

Шалгуур: 

  • Авлигын эсрэг арга хэмжээнд зориулан тусгайлан хөрөнгө гаргаж, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран дотооддоо аян, арга хэмжээ зохион байгуулсан, аяны уриа, уриалга, мэдэгдэл, амлалтыг олон нийтэд зарласан, сургалт сурталчилгаа явуулсан, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үйл ажиллагаа нэвтрүүлсэн, хэрэгжүүлсэн, үр дүнд хүрсэн ажлууд хийсэн байгууллагыг нэр дэвшүүлнэ. 

3. Ил тод, нээлттэй цахим хуудастай байгууллага 

Шагналын зорилго, ач холбогдол: 

  • Авлигаас урьдчилан сэргийлэх нэг гол үйл ажиллагаа бол мэдээллийн ил тод байдлыг хангах явдал байдаг. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хувьд мэдээллээ ил тод болгох нэг хэлбэр нь байгууллагын цахим хуудас тул хуулийн хэрэгжилтийг хангах жишиг бий болгох, бусад байгууллагад үлгэр дууриал, туршлага болгох.

Шалгуур: 

  • Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлэх аргачлалын дагуу шинжээчдийн цахим хуудас үнэлсэн үнэлгээнд тулгуурлан Мэдээллийн ил тод мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиудын хэрэгжилтийг хангах чиглэлээр санаачилгатай ажилласан, мэдээлэл технологийн чиглэлээр тогтсон стандарт хангасан гэж дүгнэгдсэн, мэдээллийн баазыг тогтмол хуулийн хугацаанд шинэчлэн, иргэдэд мэдээллийг ойлгомжтой, энгийн байдлаар хүргэх /хандагчийн тоог харгалзан үзэх/-д ач холбогдол өгч, шинэлэг арга хэлбэрийг ашигласан, мэдээллийг хялбар хурдан олж авах боломжийг бүрдүүлсэн байгууллага, хамт олныг нэр дэвшүүлнэ. 

4. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх талаар шинэ санал, санаачилга гаргасан төрийн байгууллага байгууллага 

Шагналын зорилго, ач холбогдол:

  • Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалгарсан үйл ажиллагааг улсын хэмжээнд тэргүүн туршлага болгон нэвтрүүлэх. 

Шалгуур: 

  • Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулахгүй хүргэх талаар үйл ажиллагааны шинэ санал санаачилга нэвтрүүлсэн, энэ үйл ажиллагаа нь бодитой үр дүнг үзүүлсэн байх, бусад чиг үүргийн хувьд ижил төстэй байгууллагад үйл ажиллагааг цаашид туршлага болгож нэвтрүүлж болохуйц байгууллага нэр дэвшүүлнэ. 

5. Идэвхи, санаачилгатай Эрх бүхий албан тушаалтан

Шагналын зорилго, ач холбогдол: 

  • Байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ХАСХОМ-ийн бүртгэх, хянах, хадгалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, хэвшүүлэх, энэ чиглэлээр бусад эрх бүхий албан тушаалтнуудад үлгэр дууриалал болох.

Шалгуур: 

  • Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр албан хаагчдаа авлигын эрсдэлээс хамгаалах ажлуудыг бодитой хийсэн /сургалт сурталчилгаа, мэдэгдэл тайлбар гаргах, гарын авлагаар хангах, арга зүйн туслалцаа үзүүлэх, гарын авлага, тараах материал өөрөө санаачлан боловсруулсан, хэвлүүлсэн гэх мэт/ болон ХАСХОМ хүлээн авах, бүртгэх, тайлагнахад идэвхи, санаачилга, хариуцлагатай ажилладаг, АТГ-аас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, тухайн хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол шалгагдаж, зөрчил тогтоогдоогүй эрх бүхий албан тушаалтанг энэ номинацид нэр дэвшүүлнэ. 

6. Хүүхэд залууст шударга ёсыг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг зохион байгуулсан төрийн байгууллага, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллага

Шагналын зорилго, ач холбогдол:

  • Шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэхэд хүүхэд залуучуудад авлигын эсрэг үзэл санааг таниулах, ухуулах; 

Шалгуур: 

  • Дээр нэр дурьдсан аль ч байгууллагаас өөрийн санаачлагаар хүүхдийн шударга байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж ажилласан, тодорхой арга хэмжээ хэрэгжүүлсэн байгууллага, хамт олныг энэ номинацид нэр дэвшүүлнэ. 

7. “Шударга ёс бидний тэмүүлэл” хичээлийн хөтөлбөрийг хүүхэд залууст сонирхолтой хэлбэрээр баяжуулан таниулах ажлыг зохион байгуулсан сургалтын байгууллага /төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын байгууллага/

Шагналын зорилго, ач холбогдол:

  • Шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэхэд хүүхэд залуучуудад авлигын эсрэг үзэл санааг таниулах, ухуулах, шударга зан үйлийг төлөвшүүлэх; 

Шалгуур: 

  • “Шударга ёс бидний тэмүүлэл” хичээлийн хөтөлбөрийн гарын авлагын агуулгыг баяжуулан сурагчдад мэдлэг, мэдээлэл өгөх хичээл, бусад арга хэлбэрээр арга хэмжээ зохион байгуулсан байх, хамрагдсан сурагчдын болон зохион байгуулсан арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй тайлан ирүүлсэн сургалтын байгууллага /төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургууль хамаарна/ нэр дэвшүүлнэ.

8. Эрүүл мэндийн салбарын шударга байдлыг дэмжих аянд идэвхитэй оролцсон хамт олон, байгууллага

Шагналын зорилго, ач холбогдол: 

  • III дугаар шатлалын эмнэлгийн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг иргэд олон нийтэд ил тод нээлттэй болгох, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал гарахаас урьдчилан сэргийлсэн тодорхой үр дүн бүхий ажлыг санаачлаж ажилласан бусад эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлж болох сайн санаачилга, тэргүүн туршлага илрүүлэх 

Шалгуур: 

  • Авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлдэг, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ /үзүүлж буй төлбөрт үйлчилгээний жагсаалтыг мэдээллийн самбар болон кассын дэргэд энгийн ойлгомжтой байдлаар байршуулах, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтны бэлэн мөнгөтэй шууд харьцахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, үйлчилгээ үзүүлэх болон үзүүлсэн талаарх мэдээлэл/-г иргэд олон нийтэд ил тод нээлттэй болгосон байх, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийг сурталчлах, таниулах, мөрдүүлэх, үр дүнг тооцох ажлыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулсан байх

9. Авлигын эсрэг үйл ажиллагаанд идэвхи санаачилгатай оролцож буй иргэн, төрийн бус байгууллага

Шагналын зорилго, ач холбогдол: 

  • Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, сурталчлах энэ үйл ажиллагаанд иргэдийн татан оруулцуулах, идэвхи чармайлт, санаачилгыг нэмэгдүүлэх 

Шалгуур: 

  • Авлигын эсрэг үйл ажиллагаанд өөрийн идэвхи санаачилгатай үйл хэрэг, үйл ажиллагаагаар бодитой хувь нэмэр оруулсан болон оруулж буй иргэн, төрийн бус байгууллага

Шалгаруулах үйл явц: Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг нь шагналын номинаци тус бүрт хамаарах хувь хүн, иргэн, байгууллагын материалтай танилцаж, шийдвэр гаргана. Нэр дэвшүүлэх үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ажлын хэсэг тусгайлан зохион байгуулна. 

Шагнал гардуулах үйл явц: Шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна. Шагнал гардуулах үйл ажиллагааг Ажлын хэсэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлана. 

Шагналд нэр дэвшүүлэх:

Нэр дэвшүүлэгч нь шагналд тухайн нэр дэвшигчийг дэвшүүлсэн үндэслэлээ тайлбарлаж, шагналын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа талаар тодорхойлон дараах материалын хамт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 303 тоотод ирүүлнэ.

1. Хувь хүний товч намтар, анкет, байгууллагын товч танилцуулга;
2. Шагналд тодорхойлсон албан бичиг буюу өргөдөл;
3. Шагналын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа болон нэр дэвшүүлж буй үндэслэлийг тайлбарлан бичсэн тодорхойлолт, мэдүүлэг

Шагналд нэр дэвшүүлэх материалыг хүлээн авах хугацаа: 

Шударга ёсны төлөө – 2015 шагналд нэр дэвшүүлж байгаа материалыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17.00 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс /АТГ-ын 303 тоот/-т хүлээн авна.

Холбоо барих утас: 70112467delgerbayar@iaac.mn хаягаар хандана уу.

Уралдааны мэдүүлгийн маягтыг ЭНД дарж үзнэ үү. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%