Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн-Оюут сургуулийн сургалтын менежер Г.Болдоогийн төрсөн нутгийн талаарх нийтлэлийг толилуулж байна.

2015-11-10

АСГА БАРИГИЙН НУРУУ
Хол газраас нутгаа зориход, хот орон яваад ирэхэд  хонгор нутгаас минь  Баруун Богд, Баригийн нуруу хоёр тосон угтдаг билээ.
Энэ миний төрж өссөн нутаг минь юм.
Өлзийт нутгаасаа “өмчилж авсан” газар шороо минь юм аа. Эцэг өвөг дээдэс минь хэдэн үеэрээ амьдран сууж, гэрийн бууриараа тамгалсан уугуул нутаг минь билээ.
Энд би насны ханьтайгаа тооноо өргөж, тотгот тулгандаа галаа бадраасан юм.
Энэ миний Асга-Баригийнхан овогт Гүнсэнхоролын Болдоо гэсэн алтан ургийн минь алдар хүнд юм.
Энд: Тоонотдоо тулсан тулгын чулуу минь бий
Тоглож өссөн тэмээн чулуу минь бий
Тогоо нэрсэн аарцны чулуу бий
Тос шүүрсэн Балин чулуу бий
Тоомойн Очирхүү найрагчийн “Аргамжааны чулуу” ч олон бий.
Асга Баригийн нуруу минь
Амин заяаны нутаг минь.



Бийрийн нуур, Бийрийн хөндий
Бийр гэж...
Ийм учир билэгдэлтэй нэртэй газар нутаг Монгол нутагт ховор л байх.
Газрын зургаас харахад Ховдын Зэрэг сумд Бийрийн гол, Хэнтийн Баянхутагт Бийрийн овоот уул гэж тэмдэглэгдсэн байх юм.
Манай нутгийн нэрийн хувьд Бийрийн нуур нь савтай бэх нь, Мөстийн хошуу бийр нь гэсэн домогтой билээ. Энэ л билэгдлээр бичгийн мэргэд ,урлаг соёлын зүтгэлтнүүд  Бийрийн голоосоо умдаалж, умбаж өссөн байдаг биз ээ
Бийрийн гол нь Шаргалжуут,Түйн голыг сэлбэн Орог нуурт хүрдэг билээ.
Ламын гэгээний шавийн эдгээр ус голууд Ш.Лувсанвандан,С.Лувсанвандан тэргүүт эрдэмтэн мэргэд, С.Гончигсумлаа, Г.Бирваа, Ч.Сангидорж зэрэг урлаг соёлын суутнуудын тоглож өссөн нутаг нь юм.
Монголын үндэсний Уран зургийн галарейд энэ нутгийн унаган хүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цэрэндондогийн “Бийрийн нуур” бүтээл залаатай байдаг.
Бэхтэй сав нь дундрашгүй, бийрийн торгон үзүүр нь элэгдэшгүй байж, үеийн үед үндэсний бичиг соёлын мэргэдүүд төрөн гарсаар байх биз ээ.


САРТАХ ХАЙРХАН

Тэртээ баруун нуруунд тэр л хавьдаа тэнгэрт ойрхон байх тэмээн хөх уулыг Сартах гэдэг бүлгээ. Далайн түвшнээс дээш 2119 м өндөр гэж зурагт тэмдэглэгджээ. Хонгор нутгийн соён гэгээрүүлэгчдийн нэг Соном-Ишийн Юндэнбат гуай өөрийн бичсэн “Ламын гэгээний шавийн түүх” туурвилдаа “...эсэргэн жилийн зурхайн зурлагыг эхлүүлдэг цаг зүйлийн олон тохиолыг тааруулах / шавийнхаа нутгийн төв, хүйсэн дээр газрын саалт хийж тооцооллын эхийг авах/ гэж их хичээл зүтгэл гаргадаг байжээ.
Үүний тулд Сартах уул, Их Богд уулд хоёр дээр нар тусахыг харж цогчин умзадад мэдээлэх үүрэг бүхий тусгай дохиочийг Шарлин /зүүн/ хамар дээр зогсооно. Энэ хамар дээрээс Түйн голын баруун нуруунаа хоёр өртөө хирийн алсад шавийн нутгийн  хүйс болсон Сартах хэмээх содон уул, тэртээ  цаана тэнгэрийн хаяанд говийн Их Богд уул цэнхэрлэн харагддаг онцлогтой. Эдгээр тэмдэгт уулсын тэргүүнд нар тусах агшинд Шарлин хамар дээрээс өгсөн мэдээчийн дохиогоор лам хуврагууд “Вандан ёнзуг” гэдэг ном эхлэнэ” гэж дурджээ.
Монгол зурхайн үндэслэгч нь Ламын гэгээн Лувсанданзанжанцан бөгөөд энэхүү тоолын төв цэг нь Сартах хайрхан юм байна. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотноо нэгэн үзэсгэлэн худалдаанд нэрт зураач, төрийн шагналт Ц.Цэгмидийн “Сартах” гэсэн уран зураг тавигдсан байж билээ.Тэрхүү бүтээл нь дүр дүрслэл, өнгө будгийн өвөрмөц сонин шийдэл бүхий байсан. Уран бүтээлч хүний онгод, дээд тэнгэртэй харьцах холбоо шүтэлцээ гэж энэ л байхдаа гэж молхи ухаанд минь санагдсан.
...Тэмээн хөх уулнаас хүмүүн үргэлжилж. тэр хүн хавирган сар атгаж, тэнгэр дүүрэн бурхад, тэртээ доор алсад Их Богд уул...
Зургийн үнэ 18000 $  байсан нь тухайн үеийн ханшаар 24 сая төгрөг байлаа.
Өлзийт нутгийн баруун нуруунд Шийр, Сартах, Хонгор хайрхан чандманьлан оршдог билээ.

СЭРТЭНГИЙН НУРУУ, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ
Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн 4 дүгээр симфони “Сэртэнгийн яргуй” нэртэй. 1986 онд бүтээсэн энэхүү симфонид
...Хормой бэлээс нь яргуй, хол алсдаа уулс цэнхэртэх байгалийн сайхан, үүлс хуралдан тэнгэр дуугарч, аадар шаагих, юу ч болоогүй мэт намуухан тайван... ,борооны дуслууд болор мэт цэцэгсийн дэлбээнд гялтганах, хөдөө хээрийн  сайхан байгаль...
Сэмбийн Гончигсумлаагийн
Сэтгэлдээ мөрөөдөж
Симфонидоо мөнхөлсөн
Сэртэнгийн уулс
Эрдэнийн хөндийнхөө баруун талыг эмжиж, энгэр нөмөрт нь өвөлжөө, хаваржаа налайсан, Өвөр бэлээр нь өндөр хүчдэлийн шугам, засмал дардан зам зурайсан, “Хөрөөний ир шиг алсын намхан уулс...” хөхрөн харагдах Сэртэнгийн уулс минь.
Эрдмийн аянд мордохдоо
Эхэлж туулсан уудам тал
Эцэг өвгөдөөс заяасан
Эрдэнийн буурал хөндий минь


ТЭВШИЙН ХҮРЭМ

Тэртээд, тэв тэгшхэн тал шиг уул Их Богдын наагуур харагдаж байна. Түүнийг Тэвшийн хүрэм гэдэг билээ л. Зүүн урд талаар нь Зүүн Богдын зүмбэр оргил, баруун урд талаар нь Баруун Богдын бас л тэгшхэн цэнхэр уулс агаар манан дунд алсын алсад харагддаг аа. Хормой бэлийг нь эмжиж, зүс нийлсэн зээрд адууны нутаг Зүүн, баруун Хонгорын тал дундуур “ариуслын рашаан” хэмээх нэрний утгатай Түйн гол Орог нуураа зорин оддог юм.Тэвийн хүрэмний ард, тэр л гүвээ толгодын дунд,Эхэн Хашаатын худаг гэдэг газар нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа мэндэлсэн юм. Одоогоос 100 жилийн тэртээ, хаврын тэргүүн сарын шинэдээр.

”...Мэдээ орохоос чамайг дууллаа

Миний сэтгэл. миний хоолой доо

Зүүрмэглэхийн зуур

Зүүдэнд харагдсан

Зүрхний минь нутаг аа...” гэж “Тэвшийн хүрэм романсдаа дурсан дуулж уяран хайлсан байдаг юм.

Сэмбийн Гончигсумлаагийн сэтгэлийг хөглөсөн нутаг ТЭВШИЙН ХҮРЭМ тэр л харагдаж байна даа.

Энэ бас монголын хэл шинжлэлийн ноён оргилуудын нэг Шадавын Лувсанвандан төрж, өссөн нутаг аа.

 







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%