Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум хотын статустай болох гэж байгаа талаар яригдах болсон. Энэ талаар Эрдэнэбулган сумын Засаг дарга, Цэцэрлэг хотын захирагч Э.Оюунчимэгээс тодрууллаа.
-Эрдэнэбулган сумыг хотын статустай болгох талаар яригдах болсон. Аймгийн төвийг бусад сумдын адил сумын статустай явуулаад байх ёстой юм уу, эсвэл хот болгох ёстой юу. Энэ талаар хотын захирагчийн хувьд таны байр суурийг сонсъё?
-Сайхан асуулт байна. Манай аймаг 19 сумтай ба тэрний нэг манай Эрдэнэбулган сум. Газар нутаг бага, хүн ам ихтэй, долоон багтай. Нэг баг нь л гэхэд нэг сумын дайтай хүн амтай. Гэтэл тухайн багт багийн дарга, гэрээт нийгмийн ажилтан л ажилладаг. Аймгийн төвийн сумдууд бүгд адилхан бэрхшээлтэй байдаг юм. Төсөв, хөрөнгө санхүүгийн хувьд бусад 3000-6000 хүн амтай сумтай адилхан. Бид Цэцэрлэг хотоо “хот” болгон хөгжүүлэх хүсэл мөрөөдөлтэй. Цэцэрлэг хот маань өнөөдрийн түвшинд хот болох болзлоо хангаад байгаа учир хотын нээлт хийхээр бэлтгэж байна. Манай хотод гудамж төсөл хэрэгжснээр дэд бүтэц маш сайн бий болсон. Үйлдвэржүүлэлтийн хувьд борцны, мах боловсруулах үйлдвэр, блокны үйлдвэрүүд, тоосгоны, шохойн, талх гурилан боов боловсруулах, сүү сүүн бүтээгдэхүүн, цэвэр усны үйлдвэр, монгол гутал, оёдол, эсгий эсгий эдлэл гэх мэт үйлдвэрүүд бий болж орон нутгийн бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэгдэж, зах зээлд нийлүүлэгдэж байна.
Нисэхийн чөлөөлөгдсөн талбайд “Шинэ-Цэцэрлэг хот” төлөвлөлт хийгдэн сургууль, цэцэрлэг, орон сууц, усан бассейн, Онцгой байдлын газрын болон нийтийн ахуйн үйлчилгээний барилгууд баригдаж байна. Орон сууцны 6, 9, 10-н давхар барилгууд ар араасаа баригдсаар өнөөдөр хотод 42 тооны орон сууц баригдаж хүн амын 20 гаруй хувь нь дулаан тохилог байранд амьдарч байна. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн 30 гаруй хувь нь цэвэр, бохирын шугаманд холбогдож амины тохилог сууцанд амьдарч байна.Өөрөөр хэлбэл хот болох үндэслэл, шалтгааныг хийж, бүтээн байгуулж харуулаад байгаа аймгийн нэг юм.
-Хотын статустай болохын ач холбогдол, үүргийн талаар дурдвал?
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай болон Хот тосгоны эрх зүйн тухай хуулинд өөрчлөлт оруулж Засаг дарга, хотын захирагчийн ажил үүргийн хуваарийг нарийвчлан зааглаж өгөөгүйгээс ажлын давхардал, чирэгдэл гарсаар байна. Төрийн эрх үүргийг хэрэгжүүлэгч, төрийн төлөөлөгч Засаг дарга нь хамтын удирдлагын байгууллага болох Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэр, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулж ажиллах үүрэг хүлээдэг бол удирдлагын буюу захиргааны үйлчилгээ, аж ахуйн үйлчилгээ үзүүлэгч Захирагч нь нэг хүний хүсэл зорилгоор хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тэдний үндсэн үүргийг хэрэгжүүлэгч албатууд, тасаг хэсгийн бүтэц зохион байгуулалтын асуудлыг боловсронгуй болгон хуульчлах явдал юм.
Саяхан нийслэлийн дагуул Налайх, Багануур хотын захирагч сонгогдсноор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гүйцэтгэж байгаа үүргээс нь харахад цэвэр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг уялдан зохицуулж, иргэдийнхээ эрүүл аюулгүй амар амгалан, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй нь харагдаж байна.
Хотын статустай болж дэд бүтэц, хот төлөвлөлт, үйлдвэржүүлэлт, тээврийн асуудал, үйлчилгээний газруудын тохижилт, үйлчилгээ, ундны усны асуудал, дулаан, эрчим хүч, эдэлбэр газар нутаг гээд хотын өмч санхүү төсвийн эрх мэдэлтэй байж хот хөгжинө. Хот болж хөгжснөөр иргэд хотын дүрэмтэй болж, энэ нь хууль болон хэрэгжиж байх ёстой. Иргэд хотоо мэддэг, хот өөрийгөө тэтгэх эдийн засагтай байх, иргэд хотоо төлөвлөдөг, татвараа тогтоодог, бүтэц зохион байгуулалт оновчтой байх ёстой.
-Аймгийн 101 дэх баг болох 7-р багийг байгуулсан. Энэ талаар товч мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн оны 6-р сарын 30 –ны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар аймаг 19 сум, 99 багтай байсныг 101 болгон Цахир сумын төвд нэг баг, Эрдэнэбулган суманд Эрчим, Хангай, Тамир, ОАЖН, УЦУОШТ гэсэн хаяганд амьдарч байгаа өрхүүдийг нэгтгэн шинэ засаг захиргааны нэгж 7-р баг болгох зөвшөөрөл олгосон. Аймгийн статистакийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгуулагчийг түр томилон хүн амын судалгаа явуулж, мэдээллийн сан бүрдүүлж 7-р багийг үүсгэсэн. 498 өрхийн 1831 хүн ам бүртгэгдэж, мэдээллийн сан бүрдсэн. Өнгөрөгч 10-р сарын 18-нд тухайн багийн хурлыг хуралдуулан БИНХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг даргыг сонголоо. Ингэснээр сум маань долоон багтай болсон.
-Эрдэнэбулган сумын статустай байхад багш, эмч нар цалин дээрээ сумын нэмэгдэл авч байсан, хот болсноор уг нэмэгдлийг авахгүй гэсэн яриа байна?
-Хот статустай болсноор эмч, багш нар сумын нэмэгдэл аэвахгүй гэсэн ойлголт манай багш, эмч нарын дунд бий болоод байгаа л даа. Хэдий хотын статустай боллоо ч гэсэн сум татан буугдаагүй, хуулинд өөрчлөлт ороогүй учраас багш, эмч нар нэмэгдлээ авдгаараа авах болно.
-Сүүлийн гурван жилд Цэцэрлэг хотод хийгдсэн томоохон ажлуудаас онцолбол?
-Цэцэрлэг хот бол “Гудамж” төсөл хэрэгжсэн орон нутгийн анхны хот. Төслийн хүрээнд аймгийн төвд хэрэгжүүлсэн шинэ авто замын ажил хотын оршин суугчдын сэтгэлд яах аргагүй нийцсэн байх аа. Анх “Гудамж” төслийг УИХ-ын гишүүн, эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр санаачлан хэрэгжүүлсэн. Би одоо ч түүнийг сайд гэж үнэлж, хүндэлж явдаг юм. Орон нутгаа хөгжүүлэх сэтгэлтэй төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүсийг дагуулан ирж, хотынхоо цаг уур, байгалийн онцлог, ургамал ус, хүн ам, газар нутгийн байршил зэргийг тогтоон иргэдээс санал асуулга авч хэрэгжүүлсэн. Архангайнхан энэ хүнийг бахархан дууриаж, хийсэн бүтээсэн бүх зүйлийг хайрлан хамгаалж, хийсэн гавьяаг нь мартах ёсгүй. “Гудамж” төсөл хэрэгжээд манай хот долоон уулзварыг шинээр өргөтгөн, 17,5 км хатуу хучилттай зам, 30 гаруй м2 явган зам, 9000 м2 ногоон байгууламж, 2,9 км дугуйн зам ,1000 гаруй гэрэлтүүлэгтэй болж хотын иргэд аюулгүй амар амгалан орчинд амьдрах нөхцөл бий болсон. Төсөл хэрэгжээгүй байхад хотын төвд Ш хэлбэрийн замаар очих газраа тойрч явж бензин, шатахуун үрж, цаг алддаг байсан бол одоо шууд очиж, цаг заваа хэмнэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болсон. Жолооч нар сайхан замтай болсноор машин тэргэнд ч гамтай, цаг хэмнээд, үр ашиггүй гардаг зардал багассан гэж ярьж байхыг нь зөндөө сонссон. Иргэд бидний хувьд ч гэсэн шороо тоос бага босч, гэрэлтэй цэвэрхэн гудамжаар алхахад урамтай сэтгэл ханамжтай төдийгүй иргэдээс санал асуулга авахад 85 гаруй хувь сэтгэл ханамжтай байна гэж хариулсан. Улсын Их Хурлын эрхэм гишүүд Цэцэрлэг хотод өнгөрөгч 9-р сард айлчилж, Гудамж төсөл, бүтээн байгуулалттай танилцснаар хот болж өргөжин хөгжсөн сайн туршлагатай байна.
Цэцэрлэг хотыг “Хот” болгон хотын нээлт хийх санал тавьснаар бид бүхэн хотын иргэн болоход өөрсдөөсөө эхлэн хотын соёл, иргэншил, мэдлэг боловсролыг эзэмших бие биенээ хүндлэх, хайрлан, хамтран хотоо хөгжүүлэх төлөвлөлтийг хийж байна. “Гудамж “ төсөл хэрэгжсэнээр жолооч нар төдийгүй иргэн бүр замын хөдөлгөөнд соёлтой оролцож, төрөлх нутгаа Нийслэл хотоос илүү хөгжүүлэх, Хотоо ямагт цэвэр цэмцгэр, хоггүй, утаагүй байлгахын төлөө ажиллаж амьдарцгааж байна. Орон сууцны 6,9,10 давхар барилгууд ар араасаа баригдсаар өнөөдөр хотод 42 тооны орон сууц баригдаж хүн амын 20 гаруй хувь нь дулаан тохилог байранд амьдарч байна. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн 30 гаруй хувь нь цэвэр,бохирын шугаманд холбогдож амины тохилог сууцанд амьдарч байна.
Нийслэлд жилийн жилд хамгийн тулгамдсан асуудал цэцэрлэг байдаг. Манай аймгийн хувьд ч иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг байсан уг асуудлыг сайтар судалсны үндсэн дээр цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадлаа. 150 ортой хүүхдийн гурван цэцэрлэг шинээр баригдаж, 100 ортой гурван цэцэрлэг шинээр нээгдэж, нийт 13 цэцэрлэг ажиллаж цэцэрлэгийн насны бүх хүүхдийг (2100 хүүхэд) 100 хувь сургуулийн өмнөх боловсролд хамруулсан анхны аймаг болоод байна. Аймгийн Засаг дарга санаачилгаар орон сууцнуудын доод давхрыг хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулж, цэцэрлэгийн насны хүүхдийн асуудлыг 100 хувь хамруулсан анхны хот болж, хүүхэд гэртээ өнжих, хүүхэд харах хүн хайж үргүй зардал гаргадагаа больсон. Энэ нь залуу гэр бүл, залуу эцэг,эхийг дэмжсэн сайн шийдвэр, сайн бодлого болж чадсан. Боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд 13-н цэцэрлэгийн сургах орчин, сургалтын чанар, багш ажилчдын үйлчилгээний чанар хүртээмжийг “Иргэдийн онооны карт”-аар дүгнэдэг болж, эцэг эх, хүүхэд, багш, ажилчид хамтран төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Сургалтын орчинг камержуулж эцэг, эх хүүхдээ хянадаг, хүүхдийнхээ төлөө санаа тавьдаг болсон. Ерөнхий боловсролын сургуульд 7200 хүүхэд сурч хүмүүжиж байгаа ба энэ жил математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, спортын төрөлжсөн сургалттай сургуулиуд нээгдэж үйл ажиллагаа нь жигдрэн хүүхэд, багш, эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байна.
-Бусад аймгийн төвүүдтэй харьцуулахад манай хотын онцлог юу вэ?
-Саяхныг хүртэл Архангай аймгийн удирдлагууд хөрш зэргэлдээ аймаг, хотын туршлагатай танилцахаар их явдаг байж. Хэдий нийслэл хотод амьдран суудаг ч Архангайд өрнүүлж буй бүтээн байгуулалтыг цахим хуудсаар шуурхай хүлээн авах боломжтой болсон. Саяхан цахим хуудсанд байршсан “Гурван жилийн өмнө хөрш аймгуудынхаа хөгжлийг хараад атаархдаг байсан бол гурван жилийн дараа хөрш аймгууддаа хөгжлөө үзүүлээд бахархаж сууна” гэсэн сэтгэгдлийг уншаад баярлаж л суулаа.
Манай аймагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг айлчрахдаа хэд хэдэн онцлог давуу талууд байна гэж дүгнэж, “Хогныхоо асуудлыг шийдэж чадсан Архангай аймгаас туршлага судал” хэмээн бусад аймгуудад сурталчилсан байсан.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд нээлттэй мэдээллийн төв, ахмад зөвлөхүүдийн зөвлөл байгуулж иргэдийн санал хүсэлтийг сонсч, нээлттэй хэлэлцүүлэг хийж, хөгжлийн гарцаа хамтдаа тодорхойлдог болсон.
Гадна дотны ирсэн хүмүүс хамгийн түрүүнд Цэцэрлэг хотын хогны менежментийн талаар сонирхдог тул 5 га-д есөн ажлын байр бий болгосон бүтээн байгуулалтаа үзүүлдэг. ХТҮГ-ын парк шинэчлэлтийг сум, аймгийн орон нутгийн хөжглийн сангаас бүрэн шийдвэрлэж, хуваарийн дагуу хогоо тогтмол ачдаг болсон. Ер нь “Гудамж” төсөл хэрэгжээд төрөл арилжсан мэт болсон. Бүтээн байгуулалтын болон байгалийн дурсгалтай газрууд гээд Цэцэрлэг хот аймгийн хөгжил бүтээн байгуулалтыг үзүүлэх маршрут гарган “Автобустай хот доторх тойрон аялал”-ыг хийдэг болсон.
-Эрдэнэбулган сум, Цэцэрлэг хотын ирээдүйг хэрхэн төсөөлж харж байна вэ?
-Цэцэрлэг хот 15, 20 жилийн дараа түм түжигнэсэн, бум бужигнасан их хөлийн газар болж хөгжинө. Мэдээж зүүн, зүүн урагшаа, урагшаа, баруун урагшаа тэлж хөгжсөн 50 мянган хүн амтай болж, том том барилгууд сүндэрлэсэн, уулзваруудын тоо, зам, явган зам, дугуйн зам, ногоон байгууламж 2-3 дахин нэмэгдсэн байх биз. Хүн амын амьжиргааны түвшин дээшилж, ажилгүйдэл бүрэн шийдэгдсэн, бүгд ажилтай орлоготой, хүүхэд багачууд, залуучуудын бие бялдар, зөв боловсон хүмүүжилтэй, нутаг орноо хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй, ахмад настан азай буурлууд, хүүхэд багачууд амраад тухлаад суудаг цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй, цэцэг, ногоон байгууламж, ой мод, цэцэг, ногоон зүлэг, чулуун замаар битүү хучигдсан, үйлдвэржүүлэлтийн тоо нэмэгдэж дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэн орон нутгийнхаа хүнсний хангамжийн тодорхой хувийг хангадаг болсон байна. Гадаад харилцаа маш сайн хөгжиж, гадны хөрөнгө оруулагчдыг татсан, аялал жуулчлал хөгжсөн томоохон хотуудын нэг болж хөгжинө. Цаашид хүн амын төвлөрөл, тэгш оролцоо, хүртээмжийг бодолцон судалгаа хийж төрийн үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулах ажлыг судалж байна.
Эх сурвалж: /http://ekhoron21.mn/aimag.php/a/1/r/3828/