Соколь компаний санаачилгаар 2005 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Шонхорын гараа” өсвөрийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.
Үндэсний бөхийн барилдааныг ирээдүй хойчдоо сурталчилах, аймгаасаа төрж гарсан алдар цуутай бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор “Соколь” компаний нэрэмжитээр зохион байгуулагдаж байсан уг тэмцээн энэ жилээс дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит болон зохион байгуулагдсанаараа онцлогтой. Жил ирэх тусам тэмцээнийг зорьж ирэх өсвөрийн бөхчүүд нэмэгдэж байгаа бөгөөд энэ жил 16 сумын 100 гаруй өсвөрийн бөхчүүд 14-15, 16-17, 18-19 гэсэн гурван насны ангилалаар өрсөлдсөн юм. Тэмцээний нэгдсэн дүнгээр 14-15 насны ангилалд Эрдэнэбулган сумын Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн С.Мягмарсүрэн түрүүлж, Өлзийт сумын Д.Эрдэнэчулуун, Хайрхан сумын Б.Түмэннасан нар удаалсан юм. 16-17 насны ангилалд Хайрхан сумын Г.Мөнхбаяр, Өгийнуур сумын А.Тодмагнай, Батцэнгэл сумын О.Бат-Эрдэнэ нар эхний 3 байрыг эзэллээ. 18-19 насны ангилалд Спорт сургуулийн Б.Сэнгэдорж, Тариат сумын Ө.Батсуурь, Батцэнгэл сумын Э.Эрдэнэ-Очир нар эхний байруудыг эзэлсэн байна.
Эх сурвалж /http://ekhoron21.mn/aimag.php/a/1/r/3831/