Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэд тогтмол орлогын эх үүсвэргүй байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг

2015-11-16

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, аймгийн Татварын хэлтсийн дарга Р.Цэрэннадмидтай аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилтан Л.Соёлмөнх ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өршөөлийн хуулийг баталсан, хориг тавьсан, хоригийг хүлээж авсан үйл явдлыг бүхэлд нь та юу гэж дүгнэж байна вэ?

Амьдрал баян учир алдаж онох асуудал хэнд ч байх. Тэгэхээр өршөөлийн хууль гаргах нь зөв зүйтэй асуудал. Гэхдээ өршөөлд гэм буруутай этгээдүүдийг хавтгайруулан хамруулах нь зүйд гийцэхгүй учир хориг тавих түүнийг хүлээж авах нь зөв алхам гэж үзэж байгаа.

Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

-Хууль батлагдаад 3 сар, түүнийг хэрэгжүүлэх журам батлагдаад 2 сар болж байна. Хууль, журмыг сурталчлах ажил мэдээллийн хэрэгслээр болон татвар төлөгчдийг цуглуулж хичээл заах, хөрөнгө, орлого хэрхэн мэдүүлж тайлагнах талаар утсаар болон биечлэн уулзаж зөвлөгөө өгөх зэрэг ажлууд хийгдэж байна.

Одоогийн байдлаар нуун дарагдуулсан орлогоо хичнээн хуулийн этгээд, иргэн танайд тайлагнасан байна вэ?

-Тайлагнаж эхэлж байгаа. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хуулиар нууцлалтай байдаг.

Та Ихтамир сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон байгаа. Тойрогтоо хэрхэн ажиллаж байна вэ?

-Тойргийнхоо сум, багийн иргэдийн хуралд тогтмол оролцож иргэдээс тавьж байгаа санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх боломжтой асуудлыг шийдэж, аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилж байна. Хөрөнгө санхүүгийн холбоотой асуудлыг сум, аймгийн төсөвт тусгуулах боломжийг хайж шийддэг. Айл өрхөөр явах үед иргэдээс тавьсан хүсэлтийг холбогдох газарт нь тавьж шийдүүлэх, зуучлах зэрэг асуудал их байдаг. Сум, багт зохиогддог олон нийтийн арга хэмжээнд боломжийн хэрээр оролцдог. Сумын төсөвт байгууллагуудын барилгын засварын асуудлыг улс, орон нутгийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, төсөл хөтөлбөрт хамруулах зэргээр үндсэн нь шийдсэн байгаа.

Таны сонгогдсон тойрогт тулгамдаж буй асуудал юу байна вэ?

Зарим багт үүрэн телефоны сүлжээ байхгүй байгаа нь нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал  байна.

Та одоо аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр давхар ажиллаж байна. Дан ганц төлөөлөгч байх, төлөөлөгч тэргүүлэгчээр давхар ажиллахын ялгаа байдаг уу?

Мэдээллийг илүү авч, тойрогтоо хүргэх давуу тал байна.

Төлөөлөгч, тэргүүлэгчийн хувьд та аймгаа яаж хөгжүүлэхийг хүсдэг вэ?

Аймгийн төсвийн орлого арвин байвал иргэдийн саналын дагуу зөв зүйтэй зарцуулж орон нутгаа хөгжүүлэх асуудал аяндаа хийгдэнэ. Орон  нутагт үйл ажиллагаа явуулдаг нийслэлд болон өөр газарт төв нь байдаг аж ахуйн нэгжүүдийн манай аймагт үйл ажиллагаа явуулж олсон орлогод ногдох бүий л татварыг хуулийн зохицуулалтаар тухайн орон нутгийн төсөвт төлүүлдэг болбол орлого нэмэгдэх боломжтой. Гагцхүү энэ зохицуулалт одоогоор байдаггүй.

Нийгмийн амьдралд таны сэтгэлийг түгшээж байгаа зүйл?

Төрийн албан тушаалд, тэр тусмаа өндөр албан тушаалд томилогдсон хүмүүс улс, эх орныхоо эрх ашгийг бодолгүй хувийн эрх ашгийг хэт илүүд үзэж ажлаа явуулж байгаа байдал. Нөгөө талаар мэдлэг мэргэжил, ажлын дадлага багатай хүнийг танил тал харж төрийн чухал албанд томилж байгаа томилгоо нь нийт төрийн албан хаагчдын ажлаа хууль, журмын дагуу сэтгэл зүрхнээсээ хийх итгэл үнэмшлийг алдагдуулж байгаад.

Улс эх орны эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдлын шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

Уул уурхайн түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн уналт, төрийн өндөр албан тушаалтнуудын хувийн амбицаас болж байна гэж боддог.

Архангай аймгийн хөгжлийн өнөөдрийн түвшинд та ямар үнэлэлт дүгнэлт өгч аймагт хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, бүтээн байгуулалт дотроос хамгийн үр дүнтэй, иргэдийн сэтгэлд нийцсэн юуг нэрлэх вэ?

Аймгийн хөгжлийн өнөөгийн түвшин өмнөх үеүүдийнхээс дээрдсэн. Гудамж төсөл, хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ шийдэгдсэн зэрэг бусад олон асуудлыг нэрлэж болно.

Архангайчуудын сэтгэл эмзэглүүлж байгаа, иргэдэд тулгамдсан ямар асуудлууд байна вэ?

Ажилгүйчүүдийн тоо дорвитой буурахгүй байгаа үүнээс шууд хамааралтайгаар зарим иргэд тогтмол орлогын эх үүсвэргүй байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг.

Таны зүгээс аймаг орон нутагтаа хийж хэвшүүлмээр бодож мөрөөдөж явдаг ямар зүйл байна вэ?

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа олон аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагууд нийслэлд буюу өөр газарт толгой компани нь байрладаг учир тухайн газартаа бүртгэлтэй гэдгээр орон нутгийн төсөвт орлогын татвар төлөхгүй байгааг хуулийн зохицуулалтаар өөрчилж тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж олсон орлогод ногдох татварыг орон нутагт нь төлүүлдэг болбол аймагт нэлээд орлого орж ирэх боломжтой. Тухайлбал: Барилга угсралт, айлал жуулчлал гэх мэт.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%