Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбаттай нийгэм, улс төрийн хүрээнд аймгийн
ИТХТ-ийн ажлын албаны ажилтан Л.Соёлмөнх ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төрийн ажил хууль, журмын
хүрээнд явагддаг ч “ИТХ-ын дарга Ч.Мөнхбатын үед” гэж онцлох ямар ямар ажлыг
нэрлэх вэ?
Миний хувьд аймгийнхаа долоо дахь хурлын дарга. Өмнөх хурлын дарга нарынхаа
илтгэл хэлж байсан үг, хуралдаануудын тэмдэглэл, тогтоол шийдвэрийг туршлага
болгох үүднээс, нөгөө талаар зарим хуулийн эргэлзээтэй / байж болно, болохгүй ч байж болно гэсэн утгатай/ заалтуудын гаргалгааг хэрхэн хийж байж вэ гэдгийг тунгаах үүднээс хардаг
юм.
Бид 2000 оноос хойш 25 жилийн хугацаанд аймгийн ИТХ-аас гарсан тогтоол
шийдвэрүүдийг эмхэтгэсэн байдлаар ном болгон гаргахаар бэлтгэж байгаа. Нутгийн
өөрөө удирдах ёсны байгууллага бол сонгуулиас сонгуульд чадавхжиж байна. Орон
тооны хувьд гэхэд л хурлын ажлын алба эхний үеүдэд 2-6 хүнтэй байсан бол
өнөөдөр 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульт хугацаанд
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон ажлын алба хамтын хүчээр багагүй зүйлүүдийг
санаачлан хийсэн. Цухас дурьдвал:
-Архангай аймаг аймаг, сумын ИТХ-ын нийт 504 төлөөлөгчтэй. Тэднийг
хамруулсан “Төлөөлөгчдийг чадавхжуулах нь” сургалтыг НҮБ болон УИХ-ын
дэмжлэгтэйгээр хийлээ. Мөн сумдын ИТХ-ын Тэргүүлэгч /138/-дийг хамруулсан
“Төлөөлөгчдийн манлайлал” сургалтыг хийсэн. Эдгээр сургалтаар ИТХ-ын төлөөлөгч,
тэргүүлэгчид эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлэх арга зүйгээр хангагдсан. Мөн
аймгийн хэмжээний нийт эмэгтэй төлөөлөгч /111/ нарыг хамруулаад
“Эмэгтэйчүүдийн манлайлал”-ын сургалтыг хийсэн.
Иргэдийн өргөдөл гомдлыг утсаар, биеэр, бичгээр хүлээн авдаг Иргэд хүлээн
авах төвийг бий болгоод тэр мэдээллийг ИТХ-ын дэргэдэх Өргөдөл гомдлын хороонд
шилжүүлээд тус хороо асуудлыг шийдвэрлэх чиглэлийг засаг захиргаанд өгч байгаа
нь үр дүнтэй байна.
Иргэний танхим ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг төрийн бодлого болгох ажил
хийгдэж байна. ИТХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх ахмад зөвлөхүүдийн зөвлөл
байгуулагдаад ажиллаж байна. Энэ нь улсын хэмжээнд үлгэр жишээ болоод байгаа.
Ингээд онцлоод байх ажлууд их бий. Ер нь нийгмээ дагаад, НӨУЁБ-ын чадавхаа
дагаад шинэлэг ажлууд хийгдсээр л байна.
Улс төрчдийн хувьд та
багагүй хугацаанд аймгийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажилласан.
Тэр үеүдэд та цөөнхийн суудалд байсан. Харин энэ удаад индэр дээрээс хурал
удирдаж байна. Хэцүү, эсвэл хялбар байгаагийн ялгааны тухайд?
Хурлын төлөөлөгч хүн бол ард иргэдийг төрд төлөөлдөг хүн. Нэг тойргоос
сонгогдоод цөөнхийн суудлаас үгээ хэлэхдээ тойргийн асуудлыг буюу улс төрийн
шалтаг шалтгаантай ярьдаг байсан байх. Тэргүүлэгч байхдаа хэдийгээр цөөнх ч
гэлээ аймаг орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, бодитой
боломжтой байдлаар шийдье гэж эрмэлздэг байсан. Аймгийн ИТХ-ын дарга байна
гэдэг бол тун хэцүү. Ганцхан Мөнхбат гэдэг хүний ярианаас алдаа гарвал олонхын
алдаа болно. Мөнхбатын гарын үсэг зураад гаргаж байгаа тогтоол буруу болбол
бүхэл бүтэн аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдийн алдаа болно. Тиймээс ИТХ-ын
даргын бүх үйлдэл хуулийн хүрээнд байх ёстой. Олон хүний хамтын шийдвэр учраас
алдаагүй байх ёстой.
Хурал дээр олонх, цөөнхийн эв эеийг зохицуулах, цөөнхөө хүндэтгэх, олонх
гэдгээрээ дэвэрч байгааг нь дарж байх, цөөнх учраас юу ч хэлсэн яадаг юм бэ гэж
байгааг нь залж байх ёстой. Нэг үгээр хурлын дарга гэдэг хүн хариуцлагатай
хууль хэрэгжүүлэгч, сайн зохицуулагч, эв эеийг хичээгч байх ёстой.
Та ажилдаа ямар тулгуур
зарчмыг баримталдаг вэ?
ИТХ-ын дарга болсон даруйдаа өөрөө санаа гаргаад хүмүүсээр баяжуулуулдаг
байсан. Одоо бол хүмүүсээрээ санаа гаргуулаад түүнд нь саналаа нэмэрлэдэг
болсон. Ер нь би эхлээд маш сайн ярилцах, дараа нь төлөвлөх, тэгээд зохион
байгуулах, эцэст нь хянах ёстой гэсэн зарчмаар ажиллаж байна.
Өмнө та хурлын тэргүүлэгч
байхдаа мөн л шийдвэр гаргах түвшинд ажиллаж, мэдээлэлтэй хамгийн ойр байсан.
Магадгүй тэр үед бизнестээ ашигтай шийдвэр гаргалцах, тийм лобби хийдэг байсан
гэж хардах хүн бий л байх?
Тэргүүлэгч байхдаа өөрийн бизнестэй холбоотой шийдвэр гаргуулж байснаа
санахгүй байна. Харин Морин спортын уяачдын холбооныхоо өмнөөс хуучин онгоцны
буудлын талбайг морин тойруулга болгуулах гээд, Моринд дуртай хурлын төлөөлөгч
нар ч лоббидоод шийдвэр гаргуулж байсан. Тэгээд холбоондоо газар авч байсан ч
хоёр жил юм хийгээгүй учраас цуцлагдсан.
Бизнес эрхлэгч байхдаа төрийн дэмжлэгийг авдаг байсаан. Гэхдээ үүргээ нэр
төртэй биелүүлдэг байсан. Олон ч ажлын байр бий болгосон.
Таны даргалж байгаа энэ
хурлын үед гарсан, дорвитой ямар шийдвэрүүдийг та онцолж нэрлэх вэ?
ИТХ-аас аймаг, орон нутгийн бодлогын хэмжээний бүхий л шийдвэр гардаг.
Хамгийн ойрын наад захын шийдвэр л гэхэд журмын хашаанд байгаа эдвэрхий,
эзэнгүй мотоциклиудыг улсын орлого болголоо. За тэгээд томоохон шийдвэрүүдээс
тухайлбал: Математик хөтөлбөр байна. Математик сэтгэлгээг ямар өндөр хэмжээнд
авчирч өгөв. 2016 онд Монгол улсын математикийн олимпиод
Архангай аймагт болох гэж байна. Ногоон хөгжлийн аймаг болох шийдвэр байна. 50
мянган хүнтэй хотын төлөвлөлтийг баталсан. Архангайд Цэргийн анги байгуулагдах
шийдвэр, бүх сумын хилийн цэсийг тогтоосон, аялал жуулчлал, эрүүл мэндийн дэд хөтөлбөрүүд, бэлчээрийн менежментийн хөтөлбөр гээд томоохон
шийдвэрүүдийг гаргасан.
Манай аймгийн хөгжлийн гол
барьц аль салбар, яг юу байх вэ? Байгаль, түүх соёл дагасан аялал жуулчлал уу,
мал сүрэг цагаан идээ юу, эсвэл бүр өөр төсөөлөл томъёолол байна уу?
Архангай аймгийн эдийн засагт дарж байгаа жин бол мал аж ахуй. Түүнийгээ л
дагана. Ногоон хөгжлийн чиг баримжаатай, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал
бол хөгжлийн бас нэг гарц. Дээрээс нь жижиг үйлдвэрлэл, мөн том үйлдвэр
байгуулж хөгжүүлэх шаардлагатай. Бид бүх суманд байх жижиг болон том үйлдвэрийн
төлөвлөлтийг гаргачихсан. Жишээ нь Төвшрүүлэх суманд төмрийн хүдрийн үйлдвэр, Батцэнгэл
суманд шохойн том ордоо түшиглэсэн стратегийн үйлдвэр, Тариатад хоргын хүрмээ
түшсэн үйлдвэр гээд төлөвлөлтүүд гарсан. Хамгийн түрүүнд цогц болгох зүйл нь
мал аж ахуйн түүхий эд дээр тулгуурласан үйлдвэрлэлээ боловсронгуй болгох
хэрэгтэй байна. Цагаан идээ боловсруулах аргаа илүү сайн болгох, сав баглаа
боодлыг нь сайжруулах, ноосыг гэхэд түүхийгээр нь гаргаад байх биш угаах
үйлдвэр байгуулах шаардлага байна. Гэхдээ бид алтаа ухъя, уранаа ухъя гэж
байгаа юм биш, байгалийн баялгаа ашиглаад стратегийн том үйлдвэр байгуулах л
зорилготой байгаа.