Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид өнгөрөгч 10 дугаар сард Нийслэлийн ИТХ, Иргэний Танхимын үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Энэ ажлын мөрөөр буюу аймгийн ИТХ-ын даргын урилгаар Нийслэлийн ИТХ-ын Иргэний Оролцооны хэлтсийн дарга Б.Батүвшинг урьж, аймгийн удирдах ажилтнууд, багийн Засаг дарга, багийн ИНХ-ын дарга нарыг оролцуулан төр захиргааны байгууллагууд үйл ажиллагаандаа Иргэний оролцоог хэрхэн хангаж ажиллах талаар уулзалт мэдээлэл хийлээ.
“Иргэний танхимаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” уулзалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин “Иргэний танхим-Захиргааны байгууллага хэрхэн хамтарч ажиллах” талаар жишээнд тулгуурлан тайлбарласан юм. “Шууд ардчилал иргэний оролцоо” сонгодог утгаараа хөгжсөн улсаар Швейцари, Швед улсыг нэрлэж болно. Тус улсуудад төрийн байгууллага нь иргэдийнхээ дунд ажиллаж иргэдээр хэлэлцүүлж аливаа шийдвэр, хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Харин манай улсад амьдралаас тасархай хууль дүрэм батлагдаж, иргэдэд хүрсэн нийгмийн үйлчилгээ дутмаг гэв. Энэ байдлыг өөрчлөхөд төрийн захиргааны байгууллага, төрийн албан хаагчид өөрсдийн арга барилыг өөрчлөх хэрэгтэй гэж байна.
Сүүлийн жилүүдэд аймаг бүрт иргэний танхим байгуулагдаж төр, иргэн хоёрын холбох гүүртэй болсон. Иргэний танхим бол захиргаа иргэн хоёрыг уулзуулдаг газар. Түүнээс биш захиргааны өмнөөс хариуцлага хүлээх хэрэггүй. Иргэний танхимын хэлэлцүүлгийг ажил хариуцсан мэргэжилтнүүдийг нь байлцуулахгүйгээр хийж болохгүй. Ажил хариуцсан мэргэжилтнүүд нь иргэдтэйгээ ярилцах ёстой. Иргэний танхимын үүрэг бол аль болох ажил хэрэгч яриа өрнүүлж, дахиж хэзээ уулзаж, тус асуудлын талаар ярилцахыг нь хооронд нь тохиролцуулах явдал юм. Ерөөсөө л зуучлагчийн ажил. Иргэдээс хэрэгтэй хэрэгтэй маш олон санал гардаг. Тиймээс холбогдох мэргэжилтнүүдийг хэлэлцүүлэгт оролцуулж, тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой, боломжгүй гэдгийг тухайн иргэнд шууд хэлэх ёстой. Анхнаасаа энэ асуудлыг маш сайн ойлгож, ажлаа эхлүүж, иргэдийн санал санаачлагын мөрөөр ажил зохион байгуулснаар бодит үр гарна.
Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны байгууллагын үйлчилгээний үр дүнг иргэд үнэлдэг. Энэ ч утгаараа төрийн байгууллага Иргэний Танхимаар дамжуулан иргэдийнхээ саналыг сонсох, ажил хэрэг болгох ажлыг санаачлагтайгаар зохион байгуулах шаардлагатай байгааг дээрх уулзалтаар хөндлөө.
Уулзалтын төгсгөлд аймгийн удирдлагуудаас нийт хэлтэс агентлагуудын ажлын үр дүнг үнэлэхдээ Иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажилласан, түүний мөрөөр ямар ажлууд зохион байгуулж үр дүнд хүрсэн эсэхийг харгалзаж үзэж байна гэдгийг онцлон тэмдэглэв.
Сургалтанд аймаг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагийн дарга, ахлах мэргэжилтэн, багийн ИНХ-ын дарга, Багийн Засаг дарга нарын 100 гаруй төлөөлөл оролцлоо.