Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2014 оноос санаачлан Даланзадгад
суманд байрладаг төрийн бүх байгууллага хэлтэс, агентлагийн дарга нарын дунд
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиож буй ажлыг ард иргэдэд
сурталчлах, харилцан туршлага солилцох, төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв
боловсон өнгөрүүлэх, Улаан загалмайн хорооны хүмүүнлэгийн ажлыг сурталчлах, биеийн
тамир спортыг дэмжих үүднээс Монгол Улс тунхагласны баярын өдрийг угтаж төрийн
байгууллагын дарга нарын дунд Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн шидэлт, Дартс
шидэлтийн төрлүүдээр нөхөрсөг тэмцээнийг Политехникийн коллежийн зааланд зохион
байгууллаа.
Тус тэмцээний үеэр АИТХ, ГХУСАЗЗ-өөс өгсөн удирдамжийн
дагуу байгууллага бүр ГХУСАЗЗ-ийн хүрээнд хийгдсэн ажлаа тайлагнаж, танилцуулах
самбар байрлуулж байгууллага бүр харилцан туршлага солилцож, аймгийн Улаан загалмайн
хорооноос үйл ажиллагаа, сугалаа сурталчилж ажиллалаа.
Мөн тэмцээний үеэр аймгийн ИТХ-ын хамт олныг Монголын
Улаан загалмайн нийгэмлэгээс Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч шилдэг байгууллагаар
өргөмжилж өргөмжлөл, анхны тусламж үзүүлэх иж бүрэн хайрцаг багаж техникээр
шагналаа.
Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн үйл ажиллагаатай
танилцаж байгууллагууд Политехникийн коллежийн үйл ажиллагааг дэмжиж хамтран
ажиллахаар боллоо.
Гар бөмбөгийн төрөлд Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга Х.Түвшин
ахлагчтай баг хамт олон нэгдүгээр, Боловсрол, Соёлын газрын дарга Д.Баасанхүү
ахлагчтай баг хамт олон хоёрдугаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг
үйлчилгээний дарга Э.Хүрэл-Эрдэнэ ахлагчтай баг хамт олон гуравдугаар орлоо.
Сагсан бөмбөгийн
шидэлтийн ганцаарчилсан төрөлд эрэгтэйгээс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын дарга Л.Батчулуун нэгдүгээр, Говь гурван сайхан байгалийн цогцолборт
газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Баянмөнх хоёрдугаар, аймгийн Засаг
даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний дарга Э.Хүрэл-Эрдэнэ гуравдугаар
байруудад, эмэгтэй шидэлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн
дэргэдэх олон нийттэй харилцах албаны дарга Р.Оюунсүрэн нэгдүгээр, аймгийн
Засаг даргын Тамгын газрын НХХ-ийн дарга Н.Жамъяанхорол хоёрдугаар, ойн ангийн
дарга Б.Бурмаа гуравдугаар байр, дартс шидэлтийн төрөлд эрэгтэй БОЭТ-ийн дарга
Д.Энхмандах нэгдүгээр, ШШГА-ны дарга Б.Энхбаяр хоёрдугаар, аймгийн Засаг даргын
орлогч Д.Нацагдорж гуравдугаар, эмэгтэй төрөлд хоёрдугаар сургуулийн захирал
С.Бумаа нэгдүгээр, аймгийн Засаг даргын Тамгын газрын НХХ-ийн дарга
Н.Жамъяанхорол хоёрдугаар, Улсын нөөцийн газрын дарга Ц.Бямбаа гуравдугаар
байруудад тус тус шалгарлаа. Мөн шилдэг хөгжөөн дэмжигч байгууллагаар аймгийн Хүүхэд,
гэр бүлийн хөгжлийн хэлтэс, УЦУОША шалгарлаа.