Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран "Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга, ХГБХХ-ийн дарга, Өмнөговь аймаг дахь Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн Н.Нарангоо нар оролцогчдод мэдээлэл өгч, Даланзадгад сумын 8 багийн ИНХ-ын дарга, засаг дарга нар, сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч, багш, нийгмийн ажилтнууд, эцэг эх, хүүхдүүдийн төлөөллөөс бүрдсэн 140 гаруй хүн оролцлоо.
Тус
хэлэлцүүлэг нь хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалах, хариуцлагад сургах, хүүхдийн
идэвхтэй оролцоог гэр бүлийн түвшинд хангах, тэдний хүмүүжил төлөвшлийн
асуудлыг төрийн бодлогын цөмд байлган хүүхдийн үгийг сонсож, тэдний өмнө
тулгамдаад байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх хэрэгтэй талаар болон ирээдүй хойч үеэ боловсролтой хүмүүжилтэй хүмүүн болгож өсгөхөд эцэг эхийн харилцаанаас шалтгаалах юм гэдгийг ойлгуулах зорилготой хэлэлцүүлэг боллоо.
Мөн
хэлэлцүүлгээр гэр бүлийн уур амьсгалд нөлөөлдөг сөрөг хүчин зүйл, эрсдэлт бүлгийн хүүхдийн эрх зөрчигдөж, энэ талаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, оролцогчид сэдэвтэй холбоотой нилээд олон санал санаачлагуудыг гаргасан
бөгөөд эдгээр саналуудыг зохион байгуулагчид нэгтгэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулан холбогдох
шийдвэр гарах юм байна.
Хэлэлцүүлгийн үеэр 4-р сургуулийн эцэг
эхийн зөвлөлийн гишүүн Ж.Ганцэцэг хүүхэд багачууддаа зориулж
шүлэг бичсэнийг та бүхэнд хүргэж байна.
Энхрий бяцхан үрсийн минь
Эрх нь зөрчигдөөд байна уу даа
Эгэл борхон амьдрал нь
Элдэвлэж зовоогоод байна уу даа
Аав л ээж л хоёр нь
Аашилж загнаад байна уу даа
Ах л эгч л хоёр нь
Арай л хайхрахгүй байна уу даа
Ингэлээ гээд хүүхдүүд минь
Итгэлээ битгий алдаарай
Ирээдүй хойчоо хөгжүүлнээ гэж
Эгнэгт сайхныг бодоорой
Дэндүү сайхан Монголдоо
Төрсөн гэдэгтээ баярлаарай
Дэлгэр сайхан орноо
Дэлхийд дуурстал хөгжүүлээрэй
Аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтэс нь хүүхэд, гэр бүлтэй холбоотой санал гомдлыг 7053108 гэсэн утсанд хүлээн авч аймгийн Засаг дарга, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол, Соёлын газар хүүхдийн байгууллагатай хамтран шийдвэрлэхээс гадна орон нутгийн телевизүүдээр зорилтот нэвтрүүлгүүдийг хүргэдэг байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн ажлын алба