Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын талаарх эрх зүйн орчинг Үндсэн хууль, ЗЗНДНТУ тухай хууль, Орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгуулийн тухай зэрэг хуулиар үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг хуульчлан баталж эдүгээ 20 гаруй жилийг үдэж байна. 20 гаруй жил нь хүнээр төсөөлвөл эрийн цээнд хүрч нас бие гүйцэж буй залуу хүн юм.
Энэ хугацаанд НӨУЁБ-ын үйл ажиллагаа иргэд сонгогчидод танигдаж иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд ИТХ-д хандаж асуудлаа тавьж шийдвэрлүүлэх, хурлын хуралдааныг хүлээдэг, шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой юм байна, хурлын байгууллагад хүндэтгэлтэй хандах учиртай гэдгийг ойлгодог болж байгаа нь энэ байгууллагын цаашдын үйл ажиллагааг илүү ардчилсан өөрөөр хэлбэл хуулийг чанд мөрддөг, иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг аливаа асуудлыг хэлэлцэхдээ нээлттэй байх зарчмыг мөрддөг, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурладаг байх, иргэдийн хүсэн хүлээж буй асуудлыг нь хэлэлцэж шийддэг, хурлын шийдвэрийг хэрэгжүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцдог байх нь цаашдын хөгжил төлөвшилд онцгой үүрэгтэй гэж үзэж байна. НӨУЁ-ны байгууллага нь баг хороо, сум, дүүрэг, аймаг нийслэлийн хурлаас бүрддэг.
Хурлын байгууллагын дээрх бүтцээс баг, сумын хурлын талаар тулгарч буй асуудал, цаашид шийдвэрлэх асуудлын талаар та бүхэнтэй санал бодлоо солилцоё гэж бодож байна.
Сонгуулийн үйл ажиллагааны үр дүнд бий болдог байгууллагын бүрэлдэхүүнийг иргэд, сонгогчид л саналаа өгч байгуулдаг хуулийн орчинтой. Сайн хурал, муу хурал байх нь дараах хэд хэд нь асуудлыг шийдвэрлэж чадахаас хамаарна .
Үүнд: Иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа
Аливаа асуудлыг шийдэхдээ тухайн чиглэлийн талаарх мэдлэг, мэдээлэл хүн бүрт байх аваас зөв шийдвэр гаргахад чухал тус нэмэртэй. Бид өрх гэр бүлийнхээ тухайн онд олж чадах орлого хэд билээ, зах зээлийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдэх вэ түүнийгээ хэрхэн, яаж хэндээ зарцуулах вэ гээд олон асуудлыг гэр бүлийн гишүүдийн хүрээнд ярилцаж шийддэг энгийн жишээ байна аа. Одоогийн Орон нутгийн сонгуулийн хуулийн тогтолцоо нь намын системд тулгуурлаж байгаа нөхцөлд иргэдийн дунд намчирхах хандлага давамгайлж байгаа нь асуудалд бодитой хандаж шийдвэр гаргах боломжийг тэр бүр олгохгүй байна. Манай улс Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл тогтолцоотой улс. Тодруулбал АНУ шиг холбооны улсууд байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-д олонх болсон нам Засгийн газраа байгуулж улс орон даяар өөрсдийн бодлого, үйл ажиллагааг иргэдэд жигд хүртээмжтэй хүргэх учиртай. Гэтэл Аймгийн Засаг дарга нь сөрөг хүчиний нам, сумын Засаг дарга нь эрх баригч намын харьяалалтайгаар орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бий болж байгаа олон жишээ аймаг, суманд байна.
Аливаа намын цорын ганц зорилго бол төрийн эрх мэдлийг хуулийн хүрээнд авч өөрсдийн бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх явдал. Гэхдээ ийм сонгуулийн үр дүнд аймаг, сумын удирдлагад төрийн ажил үйлчилгээг тэгш хүргэх улс төрийн соёл нь тухайн эрх барьж буй намаас хамаарч байгаа нь НӨУЁ-ны байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж улмаар хурлын байгууллагад итгэх иргэдийн итгэл үнэмшил буурахад бодит нөлөө үзүүлж байна. Учир нь хурлаас сумын Засаг даргыг сонгож байна. Сөрөг хүчнээс сонгогдсон Засаг дарга нь Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэгчийн байр сууринаас хандах, аливаа шийдвэрийг дутуу дулимаг хэрэгжүүлэх, эсвэл хэрэгжүүлэхгүй байх гэх мэт сөрөг үр дагавар гарч үүний үр дүнд сонгогчид хохирох буюу төрийн үйлчилгээг жигд авч чадахгүйд хүрч иргэд бухимдах, сэтгэл гутралд орох зүйл бий болж байна.
Хамгийн энгийн бодит жишээ бол манай сум. Сумын ИТХ-д сөрөг хүчин буюу МАН-ын гишүүд дийлэнх олонхи. Аймгийн Засаг дарга АН, УИХ-д АН-ын 2 гишүүн сонгогдсон. Шинэ сумын төв барих асуудал сонгуулийн өмнө ид өрнөж шинжилгээ судалгааны ажил хийгдэж улмаар иргэд, сонгогчид шинэ сумын төвтэй болно гэсэн хүлээлт горьдлого тээж байлаа.
Сумын хурлын сонгуулийн дүн гарч сөрөг хүчин олонхи болж улмаар иргэдийн мөрөөдөл, хүлээлт талаар болсон. Энэ нь иргэд сонгогчдын буруу гэж бодохгүй байна. Гэхдээ иргэд маань улс төрийн боловсролтой байсан бол бас ийм сонголт хийх байсан уу? бодох хэрэгтэй. Саналаа өгсөнөөс иргэд хохирохгүй байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Засаг даргыг сонгож буй одоогийн тогтолцоог өөрчилж Хурлаас хараат бус болгож дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргаа томилдог байх, улс төрийн намууд иргэдэд улс төрийн боловсрол олгох үүргийг улс төрийн намын тухай хуулинд нэг заалт болгож оруулах хувилбар байж болох талтай. Ингэж чадвал бүх шатанд төрийн ажил үйлчилгээ иргэдэд намын биш төрийн бодлогыг өрх бүрт хүргэх боломж бас бий.
Нийтлэл бичсэн: Сумын ИТХ-ын орон тооны анхны дарга Б.Хүрэлбаатар