ШИРЭЭТИЙН ЦАГААН АДУУ
Ширээтийн цагаан адуу гэж ёстой нэг хурдан хүлгийн бүх шинж бүрдсэн гайхалтай сайхан адуу байсан гэдэг. Одоо ч удам угсаа нь хараахан тасраагүй байх гэж настнууд ярилцахыг олон таа сонсож явлаа. Дарьгангын хэдэн суманд энэ адууны тухай ярих нь бий. Хурдан морьдын хорхойтнуудын нүдэнд нь харагдаж, зүүдэнд нь учирч байдаг энэ адууны удам судрыг лавлавал Дарьгангын баруун гар тэмээчин сүргийн хошуунд Ширээтийн хийдийн цагаан адуу гэж алдаршсан мянган цагаан адуу байжээ. Баяндэлгэр сумын нутаг, Баянгийн гол, Хужиртын уул, Уртын нуруу, Гүйлстэйн сэрвэн бол энэ адууны өсөж үржсэн нутаг. 1915 оноос Ширээтийн цагаан адуу шандаст хүлэг болох нь тодорч, олны анхааралд өртөн, хурдан морьдын уяа сойлгод хэд хэдээрээ уягдан түмэн агтын түрүү болж уясан эзэн, унасан хүүхдийнхээ магнайг тэнийлгэсэн нь олон ажээ. Тэр нэгэн цагт нургин нуугисан алтан шаргал элс нь их далайн давалгаа шиг үелэн хээтэж, заг тооройн шугуй нь салхин аясаар, хөөмийлөн байсан монголын өмнө зүгийн их говийн тэнгэр ширтсэн баян бүрдүүдийг шүтэж хулан сүрэг сүргээрээ амьдардаг байжээ. Мөнөөх хулангийн сүргээс ямар нэг хувь тавилангийн тохиолдлоор ганцхан эр даага хулжин тасарч одоогийн Баяндэлгэр сумын нутаг Далай, Өөш, Сонингийн говьд үлдэж хоцорчээ. Энэ нь Орлой мэргэн амбаны адуучдын нүдэнд өртөж тэд хулангийн даагыг адуундаа аажмаар дасган ойртуулжээ. Уг эр даага, удмын монгол адуундаа төрхөмсөж эр бие гүйцсэн эсгэл хангал азарга болсон гэдэг. Энэ азарганд хэдэн цагаан гүү хураалгаж үр төлийг нь өсгөж үржүүлье гэтэл хулангийн азарга өөрийн үр төл болох эр унагаа таалсангүй барьчихаад болдоггүй гэнэ. Ингээд Орлой мэргэн амбаны адуучид зөвшин хэлэлцэж зарим гүүгээ хээлтэй байхад нь ялган маллажээ. Аз болоход нэг цагаан гүүнээс эр цагаан унага гарч, түүгээр азарга тавьснаар адуучдын үлгэрийн гэмээр хүсэл мөрөөдөл биелэж, Ширээтийн цагаан адуу өсөж үржих эхлэл тавигдсан домогтой гэнэ. Яваандаа энэ адууг хайрлан өсгөхийн үүднээс Дарьгангын хошууны хурдны удамтай адуунаас цагаан зүсмийн шилмэл гүүг ялгаж цус холдуулах, жил бүр өөр өөр азарганд хураалгах замаар өсгөснөөр мянгад хүрч Ширээтийн хийдийн жасын мянган цагаан адуу гэж алдаршсан гэдэг. Энэ адууны морь, гүү аль нь ч гойд хурдалдаг байлаа. Жил бүрийн наадамд нас болгоноос гурван морь уяж уралдуулахад бүгдээрээ айргийн тавд хурдалдаг байсан. Хээлтэй гүүг нь барьж унаад 40-50 км-ийн тэртээгээс гэртээ ирж уяж хоноод өглөө нь мордож Гүйлстэйн сэрвэн, Уртын нуруу орж үдийн өмнө адуугаа хураахад ажирсан шинжгүй ам булаалдан байдагсан гэж жасын адуучин байсан Жамбалцэрэн, Дорждэрэм нар ярьдаг байлаа. Ширээтийн цагаан адууг хурааж услахаар явахад ойр орчмынх нь айлууд тоосонд нь дарагдана гээд дэлгэцтэй ааруул, ээзгийгээ оруулж өрхөө бүтээдэг байснаас үзэхэд шандастай хүлгүүд байсан байж таарна гэж хоёр жилийн өмнө энэ нутгийн буурал Нүржав агсан ярьж байсан. Нэг удаа жасын төвд адуу хурааж байтал сүргийн хатираан дунд нэгэн цагаан гүү явуут унагалжээ. Эх дэлхийд дөрвөн хөл дээрээ тэнцэж төрсөн тэр унага дааган цагаасаа олон удаа түрүүлж, хошуундаа Гуранз улаан хэмээх хурдан хүлэг болж алдаршжээ. Гуранз улаан нас хөгширч, уяхаа байснаас хойш Нартын /Баяндэлгэрийн/ ууланд дураар тэнэж, морьтой хүн харагдвал толгой хаялан уралддаг байсан гэж настангууд ярьж байдагсан. Махбуриадын улаан азарга Ширээтийн цагаан адууны удам болох олон хурдан цагаан, бор, борлог, улаан морьд Баяндэлгэр, Түвшинширээ, Асгат суманд саяхан хүртэл байлаа. Асгат сумын Махбуриадын улаан гэгч олон хурдан үр төл өгсөн азаргыг ч Ширээтийн цагаан адуунаас угсаатай гэлцэнэ. Аймгийн баяр наадамд удаа дараа түрүүлэх буюу айрагдаж байсан Асгат сумын Наваандамбын /Одоо хүү Н.Ренчиндоржид бий/ улаан морийг настангууд: Жинхэнэ Ширээтийн цагаан адууны удам мөн байна гэж дуу алдан шагшиж байсан гэдэг. Дарьгангын алдартай Тожин азарга ч хурдан цагаан адууны удам угсаа бололтой.